Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболдын танилцуулснаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 сарын 17-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 12 575 мэдээ, мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 906 нэгж буюу -6.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн 2009 гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь 231 нэгж буюу -10.3 хувиар буурсан байна.
Гарсан гэмт хэргийг дүүргээр нь авч үзвэл:
Баянгол дүүрэг – 479
Баянзүрх дүүрэг – 487
Сонгинохайрхан дүүрэг – 320
Сүхбаатар дүүрэг – 267
Хан-Уул дүүрэг – 138
Чингэлтэй дүүрэг -255
Налайх дүүрэг – 34,
Багануур дүүрэгт – 19,
Багахангай дүүрэгт – 10
Хулгай, танхай зэрэг дийлэнх гэмт хэргийн гаралт буурсан эерэг үзүүлэлттэй байна. Мөн дүүргийн ИТХ-ын сонгуулийн үед иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын болон Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын тушаалын хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 18-ны 09:00 цагаас 2016 оны 10 дугаар сарын 20-ны 18:00 цагийн хооронд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн албаны бэлэн байдлыг ханган ажиллажээ.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас өнгөрсөн 14 хоногийн мэдээллийг танилцууллаа. 2016 оны 10 дугаар сарын 06-оос 2016 оны 10 дүгээр сарын 19-ны өдрүүдэд Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 4154 дуудлага, мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 126 осол, зөрчлийн шинжтэй 1726 дуудлага хүлээн авч, хойшлуулшгүй ажиллагаа явуулан 126 хэрэг, 56 ослыг шалгаж байна. Зам тээврийн хэргийн улмаас 2 хүний амь нас хохирчээ.
Харин НОБГ-аас өгсөн мэдээллээр нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 80 удаагийн дуудлага ирсэнээс обьектын гал түймрийн 72 дуудлага, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 8 удаагийн дуудлагатай байлаа. Дээрх дуудлагыг өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо -50,3 хувиар, объектын гал түймрийн тоо -50 хувиар тус тус буурчээ. Онцгой байдлын алба хаагчид обьектын гал түймэр, ахуйн болон техникийн холбогдолтой ослоос 14 хүний амь насыг аварч, 2 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.
НМХГ-аас өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг 578 аж ахуйн нэгжид хийхэд 508 зөрчил илэрсэн байна. Үүнээс 239 зөрчлийг арилгуулж, 139 албан шаардлага, акт, дүгнэлт хүргүүлжээ. Сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10-р сарын 19, 20-ны өдрүүдэд нийслэлийн 9 дүүрэг, 152 хороонд архи согтууруулах ундаа худалдаалдаг түүгээр үйлчилдэг 2684 аж ахуйн нэгж, иргэний хүнсний худалдааны 2130, хоол үйлдвэрлэлийн 496 объектод НМХГ-ын 475 улсын байцаагч хяналт тавин ажилласан байна. Шалгалтаар нийт 7 зөрчил илрүүлж 1 аж ахуйн нэгж, 2 иргэнд нийт 240 000 төгрөгийн торгууль ногдуулж, 102 мянган төгрөгийн үнэлгээтэй 51 шил архийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.