Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн орлогч Ц.БуяндалайГерманы сургуулиас гадуурх сургалтын байгууллагуудын холбооны төлөөлөгч Дитер Физингер болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай “Хүүхэд залуучуудын сайн сайхны төлөө, Монгол орны өсвөр үеийг хөгжүүлж, нийгэмдээ төлөвшсөн иргэн болоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа та бүхний цаашдын ажилд нь амжилт хүсье. Та бүхний симпозиум амжилттай болж өндөрлөсөнд баяр хүргэхийн сацуу цаашид энэ ажлаа улам өргөн хүрээнд зохион байгуулахыг хүсч байна” гэлээ. Жил бүрийн хавар манай өсвөр үеийнхэнтэй ажилладаг мэргэжилтнүүд Германы сургуулиас гадуурх сургалтын байгууллагуудын холбооны гишүүн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ардчилсан боловсролын аргазүйгээс туршлага судлан, дадлага сургалтанд оролцдог юм байна. Тэд сурч мэдсэн зүйлээ эх орныхоо хөрсөнд буулгаж,Германы зөвлөх багш нартай хамтран аль нэг аймагт симпозиум зохион байгуулдаг уламжлалтай болжээ.Энэ нь шинэ арга зүйг түгээн дэлгэрүүлж, хүүхэд багачуудыг өөртөө итгэлтэй болгох, өөрийгөө илэрхийлэх чадварт сургах, бусдыг сонсох, багаар ажиллах чадварт сургахаас гадна бие хүн болж төлөвших, зөв дадал, зуршилтай болох суурийг тавих, ардчилсан маягаар сурч, амьдрахад дэмжлэг, нөлөөлөл үзүүлэх ач холбогдолтой юм. Энэ жилийн симпозиумыг Хэнтий аймагт амжилттай зохион байгуулжээ.
“Ардчилсан боловсролыг Монголын өсвөр үеийнхэнд олгох хөтөлбөр” -ийн 20 жилийн ой 2014 онд тохиох юм. Ойн хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд улаанбаатар хотын зүгээс ойн арга дэмжиж, хамтран ажиллахыг төлөөлөгчид уулзалтын төгсгөлд хүслээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.