Ховд аймгийн Засаг даргын хамгийн анхны гадаад арга хэмжээ, албан ёсны айлчлал, ажил хэргийн уулзалтууд БНХАУ-ын ШУӨЗОрны нийслэл Үрэмч хотод жид бүр уламжлал болон зохион байгуулагддаг, худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, шинжлэх ухаан, техник, санхүү, хүмүүнлэгийн харилцааг өргөтгөх зорилго бүхий «Хятад-Еврази-2016» Экспо-д оролцсоноор эхлэв.
Энэ үеэр Шинжааны Алтай аймгийн Намын хороо, Захиргааны урилгаар «Торгоны замын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Алтайн нурууг тойрсон дэд бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын 4 дэх удаагийн форум ба хөрөнгө оруулалтын хурал»-д урилгаар оролцлоо.
Хятад улсын “Нэг бүс, нэг зам”, Монгол улсын “Талын зам” төслийн хүрээнд олон салбарт хамтран ажиллаж, орон нутгийн уур амьсгалд тохируулан Ховд аймагт бордоо үйлдвэрлэх нь ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэдгээ айлчлалын үеэр уулзсан Шинжааны “Ван Шин” олон улсын худалдааны ХХКомпани удирдлага илэрхийлэв.
Дэлхий даяар “Ногоон эдийн засаг” гэж ярьж байгаа өнөө үед байгаль орчин хамгаалах талаар хамтран ажиллах боломжтойг Засаг дарга дурьдаад импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамтын ажиллагаа нээлттэй гэж тэмдэглэв.
МОЭНКО-ийн гүйцэтгэх захирал Ивэтт Онгтой албан уулзалт хийж Хөшөөтийн нүүрс чулуутай, элчгүй, үнэтэй байна гэсэн шүүмжлэл дагуулж байгаа учраас чанар, үнийн асуудалд цаашид анхаарна гээд орон нутгийн хөгжилд чамгүй хувь нэмэр оруулж буй “Хөшөөт хөгжил сан”-гийн үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэх нь зүйтэй гэдгийг онцлов.
БНХАУ-ын Аньхуй мужийн Ардын улс төрийн зөвлөлийн орлогч дарга, Хятадын худалдаа, аж үйлдвэрийн Аньхуй холбооны дарга Ли Вейхуа тэргүүтэй төлөөлөгчидтэй хийсэн уулзалт дээр хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Аньхуй муж болон Ховд аймаг хоёрын хооронд худалдаа, бизнесийн харилцааг өргөжүүлж, ах дүүгийн харилцаа тогтоох урьдчилсан нөхцлийг бүрдүүлэв. Уулзалтын явцад “Арвижах гурван үндэс” ХХКомпани барилгын болон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах гэрээндүүдэд гарын үсэг зурав.
БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Син Хаймин энэ оны 8 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Ховд аймагт ажлын айлчлал хийхдээ орон нутгийн харилцааг бэхжүүлэхэд Ховд аймгийг дэмжиж ажиллах болно гээд энэ бол хий хоосон амлалт биш гэдгийг онцлов. Аймгийн Засаг дарга Д.Галсандондог БНХАУ-ын элчин сайдын хамт орон нутгийн хилийн худалдааны гарц гүүр нь болсон Булган сумын Ярантын боомт, Такешкен боомтын ажил байдалтай газар дээр нь танилцаж, 2 улсын хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх олон чухал асуудлаар харилцан санал солилцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Аймгийн Засаг даргын санаачилгаар БНХАУ-ын Шанхай хотод сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр төлөөлөгчид ажилласны үр дүнд баруун гурван сумыг сэргээгдэх эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах судалгааны баг ирж ажиллахаар боллоо.
khovd.gov.mn