УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр /2016.11.15/ “Бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Н.Амарзаяа, М.Билэгт, Н.Учрал нарын гишүүд оролцов.
Хэлэлцүүлгийг нээж Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар үг хэлэв.
Дараа нь Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдвартай тэмцэх, сэргийлэх чиглэлээр баримталж буй бодлого, цаашдын чиглэл”, БСШУЯ-ны Боловсролын бодлогын газрын Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга С.Болормаа “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын өнөөгийн байдал, цаашид хэрхэн сайжруулах тухай”, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү “ДОХ, ХДХВ, бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдал”, “Глобаль” сангийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг“Глобаль сангийн дэмжлэг Монгол Улсад”, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Мэргэжлийн удирдлага, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Т.Хулан “Улаанбаатар хотод бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг илтгэлдээ ХДХВ, бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдал, хууль эрх зүйн тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам гэсэн агуулгыг хөндсөн. Сайдын илтгэлд дурдсанаар манай улсад ХДХВ-ийн халдвар бүртгэгдсэн анхны тохиолдол 1992 онд гарсан бөгөөд өнөөдрийн байдлаар халдвартай хүний тоо 219 болсон байна. Эхээс хүүхдэд ХДХВ дамжсан тохиолдол бүртгэгдээгүй, халдвартай 11 эх нярайлж 14 хүүхэд төрүүлсэн нь бүгд халдвар аваагүй гэдгийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг илтгэлдээ онцлов.
Цаашид бэлгийн замаар дамжих халдварт өвчинтэй тэмцэхэд Засгийн газрын санхүүжилтийг үе шаттай нэмэгдүүлэх, илрүүлэлт, тандалтыг үнэн зөв гаргах зорилгоор хүний нөөцийн асуудлыг шийдэх буюу төрөлжсөн мэргэжлийн эмчийн орон тоог нэмэгдүүлэх, сургаж бэлтгэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, аймаг, дүүрэг дэх лабораторийн чадавхийг сайжруулж, халдвар илрүүлэх оношлуурыг улсаас нийлүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг Эрүүл мэндийн сайд хэллээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү илтгэлдээ “Манай улсад төрөлхийн тэмбүү өвчний тохиолдол буурахгүй, жил бүр өссөн үзүүлэлттэй байна. Энэ өвчин эхээс урагт халдварласан тоо 2015 онд 52, энэ оны эхний арван сарын байдлаар 32 бүртгэгдсэн нь эрүүл мэндийн салбарын эмгэнэл гэж хэлж болно” хэмээн онцолсон.
Бэлгийн дамаар дамжих халдварт өвчинтэй тэмцэхэд “Глобаль” сангийн дэмжлэг маш чухал байдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгтэй хэлж байлаа. Үндсэндээ ХДХВ, бэлгийн замаар дамжих халдварт өвчинтэй тэмцэхэд шаардагдаж буй зардлын санхүүжилтийг тус сангийн хөрөнгө оруулалтаар шийдэж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлсэн. Энэ чиглэлээрх донор орны нийт санхүүжилтийн 80 орчим хувийг “Глобаль” сан дангаараа олгодог байна.
Тус сангийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг илтгэлдээ сангийн үйл ажиллагааны талаар товч мэдээлж, өнгөрсөн хугацаанд манай улсад оруулсан хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өглөө.
Тус сан 2003 оноос манай улсад төслүүд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2017 он хүртэл нийт 58 сая ам.долларын санхүүжилт олгожээ. Энэ нь жилд 1.5 сая ам.долларын санхүүжилт олгосон гэсэн үг юм. Шаардагдах санхүүжилтийг бүрэн гаргая гэвэл жилд 5.4 сая ам.доллар шаардлагатайг тэрбээр илтгэлдээ онцлов. Төслүүд хэрэгжүүлж эхэлсэн буюу “Глобаль” сангийн дэмжлэгийг манай улс авснаар ХДХВ-ийн халдварыг бага түвшинд тогтоон барьж чадсан гэдгийг илтгэгч мөн онцолсон.
2017 он гэхэд тус сан ХДХВ-ийн халдвартай тэмцэх чиглэлийн санхүүжилтээ зогсоох магадлалтай бөгөөд харин сүрьеэ өвчинтэй тэмцэх чиглэлээр санхүүжилт олгохыг төслийн зохицуулагч илтгэлдээ дурьдлаа.
Илтгэл дууссаны дараа нийт оролцогчид үг хэлж, санал солилцов. Мөн уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Н.Учрал, Н.Амарзаяа нар үг хэлж, санал бодлоо хуваалцан, байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ “Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард мөн энэ сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, УИХ-ын тогтоол гарч байсан. Өнөөдөр тулгамдсан гэж ярьж буй зарим асуудлууд тэр тогтоолд туссан. Гэтэл дахиад өмнөх асуудлаа давтан яриад сууж байна. Танхимд хэлэлцүүлэг өрнүүлж, үр дүнтэй боллоо гэдэг ч гараад мартдаг. Төрийн байгууллагууд ажлаа сайн хийхгүй байгаагаас худлаа тоо ярьж, үр дүнд нь бэлгийн замаар дамжих өвчлөл жил бүр нэмэгдэж байна. Үр дүн гаргаагүй бол хариуцлага тооцож, ажил хэрэгч байя” хэмээн онцлов.
Эрүүл мэндийн гавьяат ажилтан Д.Мөнхөө Монгол Улсын хүн амын удмын сан, оршин байхтай холбоотой энэ чухал асуудалд Байнгын хороо анхаарал тавьж, дахин дахин хэлэлцүүлэг өрнүүлж байгаад талархалтай ханддагаа онцолсон. Тэрбээр мөн Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, Дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуульд заасан ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог татан буулгасныг эргэн сэргээж хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлж ажиллах шаардлагатайг хэллээ. ХДХВ, бэлгийн замаар дамжих халдварт өвчин улс орны хүн ам, эдийн засгийн өсөлт, хөгжил, үндэсний аюулгүй байдалд ч аюул занал учруулж болохыг халдвар өргөн тархсан орнуудын гашуун сургамж харуулж буй талаар ч жишээ татан ярьсан.
Хэлэлцүүлгийн төгсгөлд,
-ХДХВ болон бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил донор орны санхүүжилтээс шууд хамааралтай байгаа учир Засгийн газрын санхүүжилтийг үе шаттай нэмэгдүүлэх,
-Орон нутгаас санхүүжилт гаргадаг болох,
-Асуудлыг зөвхөн эрүүл мэндийн салбарт тохолгүй бусад бүх салбарын оролцоог нэмэгдүүлэх,
-Хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхижуулах бодлого хэрэгжүүлэх,
-Нийт хүн амд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа буюу нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх гэсэн чиглэлүүдээр дорвитой ажил хийх шаардлагатай гэдэгт оролцогчид санал нэгдлээ.
Хэлэлцүүлгийг хааж УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ “Бэлгийн замаар дамжих халдварт өвчинтэй тэмцэх хууль эрх зүйн орчин манайд бүрдсэн. Хамгийн гол нь хэрэгжилт хангалтгүй байна.
Энд хүрэлцэн ирсэн хүмүүс бүгд санхүүжилт, хүний нөөцийн асуудал ярьж байна. Гэтэл мөнгө зарахгүйгээр хийчих ажил их бий. Гагцхүү сэтгэлгээгээ өөрчлөх шаардлагатай. Боломжоо ашиглаж хийвэл үр дүнд хүрэх ажил их байна. Өнөөдрийн хэлэлцүүлгийг бэлгийн замаар дамжих өвчлөл ямар байна вэ гэдэгт үнэн зөв үнэлэлт, дүгнэлт өгөхөөр хийж байгаа. Манай байнгын хороо та бүхний гаргасан саналыг үндэслэн тогтоол гаргаж ажиллана” хэмээн онцоллоо. Тэрбээр мөн хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан НҮБ-ын Хүн амын сан, “Глобаль” санд талархал илэрхийллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.