Өдөр бүр мэдээллийн хэрэгслээр хэн нэгэнд тусламж хэрэгтэй байна, хүүхэд хэцүүдлээ, хүүхдээ хаяснаар өвчилжээ, монголд эмчлэгдэх боломжгүй болжээ, амьдрал хайрлаач, халуун гараа сунгаач гэсэн өнгө аястай мэдээллүүд хөврөөд удаж байна. Хандах хүнгүй болсон бол ард түмэндээ хандах нь тийм ч буруу зүйл биш байх. Гэтэл сайн үйл, сэтгэл гаргасан мэдээллийг буруугаар ашиглаж мөнгө олох гэсэн этгээдүүд бас байдаг болов уу.
Бусдын зовлонгоор өөртөө ашиг харсан нэгнээс болгоомжлох хэрэгтэй. Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цахим сүлжээгээр түгээж түүгээрээ мөнгө олж байгаа гэх мэдээлэл ирсэн юм.
Энэ талаар сураглахад ах дүү хамаатан саднаараа нийлж байгаад хэн ажилтай төрөлтэй, хамт олон сайтайгийнхаа хүүхдийг өвдсөн болгож онош зохиогоод солонгосоос өөр улсад эмчлэгдэхгүй гэж зар түгээж дансаараа мөнгө босгосон аж. Улмаар тухайн эдгэхгүй байна гэж нэрлэгдэн гарч байсан хүүхэд нь хил даван эцэг эхтэйгээ сургуульд сурах зардлаа олсон гэнэ. “Олны хүч оломгүй далай” гэдэг ч зөв зүйлд зарцуулагдах ёстой.
Иргэд яг хэний дансанд хийж байгаагаа шалгахгүйгээр цахим сүлжээнд явсан дансаар шууд мөнгө шилжүүлдэг. Мэдээж нэг хүнд ч болов туслая гэсэн сэтгэлээр хандаж байгаа нь сайшаалтай. Гэтэл тэрхүү данс нь худал байсныг мэдвэл ихээхэн бухимдах байх.
Ядарсан нэгэндээ туслах гэсэн болохоос арга зальтай нэгэнд “мадлуулах” гээгүй шүү дээ. Угаас хяналтгүй шахуу байгаа цахим ертөнцөд хэн юу гэж бичих, эргээд түүнийг нь хянадаг, анхаардаг “айхтар” үйлчилгээ иргэдэд алга байна. Хэн нь ч мэдэгдэхгүй хүн, үл тайлагдах Орос оношоор ард түмнээс мөнгөн дэмжлэг авна гэдэг өрөөсгөл ч бизнес болтлоо газар авлаа.
нэг мэдээлэл хэрнээ данс нь зөрүүтэй
Эргээд иргэдийн дэмжлэгээр эрүүл болоод ирлээ гэж “тайлагнах” нь бараг л үгүй. Хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг нэг нь ч байдаг л байх. Иргэд мөнгөн дэмжлэг үзүүлэхдээ сайн анхаарах хэрэгтэй. Зарим нь хоёр гурван байртай, түрээсээр хүн суулгадаг, эздээсээ олон машинтай, эрхэлсэн ажилтай, дансандаа мөнгөтэй хэрнээ өөрийн хөрөнгөд “халдаж” чадахгүй ард түмнээс мөнгөн тусламж хайх нь энүүхэнд. Үнэхээр өвчнийг дийлж гарах гэж аргаа баран ард түмнээс гуйж байгаа хүн нэг байраа ч зарчихсан болно шүү дээ.
“Хүнд хүн шиг үнэтэй хөрөнгө” үгүй байхад одоогийн хүмүүст хөрөнгө шиг үнэт зүйлгүй болсон цаг үе. Өвдсөн ядарсан, тусламж хэрэгтэй болсон хэн нэгэнд туслах нэрийдлээр мөнгө бүрдүүлж /босгож/ өгчихөөд хувь авдаг бүлэг хүмүүс ч байдаг сурагтай.
Хэн нэгнийгээ дүрд тоглуулах, хандив гуйж байгаа жинхэнэ тусламж хэрэгтэй болсон хүнд нь хүргэхгүй байх, хандив босгосны хувь авдаг, худал мэдээлэл тараах, эргэж мэдээлэхгүй байх үзэгдлүүд газар авч байгаа. Тиймээс иргэд өөрсдийн итгэл үнэмшил дээрээ хэнд хэдэн төгрөг өгөх эсэхээ нарийн бодож шийдэх хэрэгтэй болж байна.
Б.Саран