ЭМ-ийн салбар Люксембургийн Засгийн газрын төслүүд үргэлжилнэ

untitled-%d0%b0%d0%b0%d0%b1

Люксембург Улсаас Монгол Улсад хавсран суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Рол Рейланд өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт бараалхаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сайд А.Цогцэцэг Люксембургийн Засгийн газраас манай улсад хэрэгжүүлж буй төслүүд 21 аймаг, нийт дүүргийг хамран үндэсний хэмжээнд зүрх судас, эх нярай, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдлоо өгсөөр ирснийг цохон хэлж, цаашид уг төслийг үргэлжлүүлэх чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Ноён Рол Рейланд хэлэхдээ, цаашдын хамтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын санаачлага, идэвх зүтгэл нэн чухлыг онцлоод, хэдийгээр эрүүл мэндийн салбарын хүн биш ч гэсэн тус салбарыг судалж, хичээнгүйлэн тууштай ажиллана гэв.

Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар 2001 оноос эхлэн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Монгол Улсын зүрх судас болон эх, нярайн тусламж үйлчилгээнд зайн анагаах ухааныг нэвтрүүлэхэд чиглэсэн төслийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж ирсэн юм.

Манай улсын газар нутгийн онцлогоос шалтгаалан эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээнд бүс нутгийн ялгавартай байдал салбарын гол тулгамдсан асуудал байсаар байна. Иймд энэхүү ялгааг бууруулж төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг орон даяар жигд хөгжүүлэх, үйлчилгээний тэгш байдлыг хангах, ядуурлыг бууруулахад Люксембургийн Засгийн газраас санхүүжүүлэн хэрэгжүүлсэн төслүүд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Тус төслүүд нь хөдөө орон нутагт нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад орчин үеийн оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж суурилуулж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулан, мэргэжлийн сүлжээгээр дамжуулан нарийн мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэгийг үзүүлэх боломжийг нээж өгсөн нь орон нутагт зүрх судасны өвчнийг эрт илрүүлэх, зөв менежмент хийх, эхийн нас баралтыг бууруулахад чухал ач холбогдол өгсөн байна.

Иймд уг төслийг амжилттай хэрэгжүүлэх, төслийн үр дүнг цаашид авч явах, тогтвортой байдлыг ханган ажиллахаа талууд илэрхийллээ.

ЭМЯ

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …