Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа. Компаниудын үйл ажиллагаа хэвийн, өвөлжилтийн бэлтгэл хангагдсан тайлан мэдээлэл өгч байна.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК 16 аймаг, 245 сум суурин газрыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. 110, 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцаар Монгол улсын цахилгааны 80 орчим хувийг ханган ажилладаг тухай компанийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу танилцуулсан.
Энэ онд ОХУ-аас 176.3 сая кВт.цаг, БНХАУ-аас нэг тэрбум 90 сая кВт.цаг эрчим хүч импортолжээ. Харин ОХУ руу 24.2 сая кВт.цаг эрчим хүч эрчим хүч экспортолсон дүнг танилцуулсан юм.
Мөн компанийн орлого, зарлагын тухайд мэдээлэл өгсөн. Энэ онд 37.3 тэрбум төгрөгийн авлагатай байх төлөвлөгөө гарснаас одоогоор 36.7 тэрбумын гүйцэтгэлтэй болж, цаашид 500 сая төгрөгийн ашигтай ажиллах нөхцөл бүрдсэнийг онцоллоо.
Түүнчлэн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн зүгээс 2016 онд хийсэн ажлуудаа танилцууллаа. Тухайлбал, 110 кВ-ын Даланзадгадын Цахилгаан дамжуулах агаарын шугам, аянгын тросс суллаж гэмтэл устгах ажлыг салбаруудынхаа оролцоотойгоор хийсэн байна. Мөн 110 кВ-ын Өндөрхаан цахилгаан дамжуулах агаарын шугамтай холбоотойгоор залгаат тулгуурыг солих ажил хийж гүйцэтгэжээ.
Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулах хүрээнд Баянгол, Телевиз, 7-р хороолол, 14-р хороолол, Буянт-Ухаа зэрэг таван дэд станцыг хүлээн авснаа компанийн удирдлагууд мэдээллээ.
Эрчим хүчний сайд П.Ганхүү “Монгол Улсын эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах асуудал бол өнөөдөр хамгийн чухал юм. Бид том том, мега төслүүдийг ихээхэн хөндөж, экспортын асуудлыг голлон ярьдаг ч, эхний ээлжийн анхаарах асуудал бол одоо байгаа нөхцөл боломж дээрээ суурилж эрчим хүчээ найдвартай түгээж, гал алдуулахгүй байхад анхаарах ёстой. Үүний тулд Багануур Чойрын чиглэлийн шугамуудыг яаралтай ашиглалтад оруулах зэрэг шаардлага ч урган гарна. 2016 – 2017 оны өвөл яггүй хүйтрэх төлөвтэй байгаа учраас эрчим хүчний салбарынхан онцгой бэлэн байдалд ажиллах үүрэгтэй” гэдгийг голлон анхаарууллаа.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хувьд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж, аваарийн нөөц хөрөнгө бүрдүүлсэн гэдгийг онцоллоо. Тус компанийн хувьд нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумыг цахилгаан эрчим хүчээр хангадаг байна. Энэ оны 10 дугаар сарын байдлаар гэхэд 345 мянга 169 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангасан мэдээллийг өглөө. Компанийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан “2016 оны эхний 10 сарын байдлаар хоёр тэрбум гаруй кВт.цаг эрчим хүч худалдан авч, нэг тэрбум 700 сая кВт.цаг эрчим хүч борлууллаа. Нийт 186.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байна” гэв.
Сайд П.Ганхүү “Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний ачаалал сүүлийн жилүүдэд өссөөр байна. Тиймээс шугам тоноглолын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх, өргөтгөх шаардлага тулгарсаар байгаа. Үүнд компанийн удирдлагууд анхаарч ажиллах байх гэдэгт итгэж байна. Хамгийн гол нь цаашид хэрэглэгчид рүү шуурхай, хүнд сурталгүй, ухаалаг үйлчилгээг нэвтрүүлэх нь чухал” гэдгийг онцолж захив.
ЭХЯ