Энэ сарын 22-ны өдрөөс эхлэн аймаг, сумдын удирдлагууд болон ОБГ, ХХААГ, ЭМГ, УЦУОША зэрэг холбогдох албаныхны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сумдад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцана. Дархан уул аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, хөдөө аж ахуйд цаг агаарын байдал сөргөөр нөлөөлж, өвөлжилт хүндрэх төлөвтэй болж буйтай холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, зарим нэгэн шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь үзүүлэх зорилготойгоор ийн ажиллах юм.
Энэ үеэр бэлчээрийн цасан бүрхүүлийн зузаан, нягтыг тодорхойлох, малчин өрхийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, явуулын эмийн сангаар үйлчлэх, малд үзлэг тандалт хийх, малчин, мал бүхий иргэдийн санал хүсэлтийг сонсох юм байна. Мөн тугалын элгэвч нэмнээ, сонин сэтгүүл, тэжээл, дулаан хувцас, хөвөнтэй бээлийг зэрэг малчдад шаардлагатай эд зүйлийн дэм өгөхөөс гадна Дархан уул аймгийн Хонгор, Шарын гол сумын малчдад нийт 160 шуудай буюу 4тн тэжээлийг хүргэхээр төлөвлөсөн тухай Дархан уул аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлтийн бодлого, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд мэдээллэв.
darkhan.gov.mn