Мексикийн хууль сахиулагчид хар тамхины “Бельтран Лейва” бүлэглэлийн том толгойлогчдын нэг болох Бенито Эскалантег Акапулько хотод баривчилсан байна. El Universal сонинд Аюулгүй байдлын үндэсний комиссын эх сурвалж дээр үндэслэн уг баривчилгааны тухай мэдээлжээ.
Эрх баригчдын өгүүлж буйгаар, Бенни хочит Эскаланте нь гэмт бүлэглэлийн “байлдааны жигүүр”-ийн удирдагч юм байна. Түүнийг баривчлах үеэр зэвсэгт эсэргүүцэл үзүүлсэн хэдий ч ажиллагаанд оролцсон хүчний байгууллагынхнаас шархдаж гэмтсэн хүн гараагүй аж. Гэмт этгээдийг шүүх ажиллагаа ойрын үед явагдах бололтой.
2015 оны гэмт хэргийн дүн мэдээллээс харахад, Герреро муж дахь Акапулько хот Мексикийн хамгийн аюултай хотоор тодроод байгаа юм. Үүний гол шалтгаан нь хар тамхины худалдааны хууль бус зах зээл, мөн тус нутаг дэвсгэр дээр хяналтаа тогтоохын төлөөх гэмт бүлэглэлүүдийн хоорондын зөрчил тэмцэл аж.
“Бельтран Лейва” бүлэглэлийг ах дүү дөрөв үүсгэсэн бөгөөд уг байгууллагын гишүүд 2008 онд Мексикийн цагдаагийн томоохон албан тушаалтан болох Эдгар Эусебио Гомесыг хөнөөсөн юм. Энэ явдлын дараахан тус улсын эрх баригчид тухайн үед гэмт бүлэглэлийг толгойлж байсан этгээдүүдийг баривчлан устгасан аж.
Эх сурвалж: ZONE.MN