“Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилт рүү” үндэсний чуулганыг энэ сарын 24,25-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Ерөнхий сайдын ажлын алба, БОАЖЯ, Сангийн яам, түнш байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж байна. Чуулган болох гэж буйтай холбогдуулан БОАЖЯ-наас хэвлэлийн хурал хийлээ. Чуулганы хүрээнд энэ сарын 24-нд “Монгол Улсын тогтвортой хөгжилд хүрэх зам” дээд хэмжээний төвшний уулзалт, 25-ний өдөр “Бүс нутгийн тогтвортой хөгжил”, “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт /ТоС/-ИЙН Форум 2016” зэрэг салбар хуралдааныг зохион байгуулах юм.
БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган “Монгол улсын тогтвортой хөгжилд хүрэх зам” дээд түвшний чуулганы зорилго нь Монгол улсын хөгжлийн бодлогын уялдаа холбоо, салбар дундын нэгдсэн зохицуулалт, төлөвлөлт, удирдлага, санхүүжилтын тогтолцоо, хөрөнгө оруулалт зэрэг асуудлыг хэлэлцэж, олон талт хамтын ажилгааг өргөжүүлж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чиглэнэ” хэмээн онцолсон.
Харин “Тогтвортой санхүүжилтын форум 2016” салбар хуралдаанаар Тогтвортой санхүүжилтын хөтөлбөрийг өргөжүүлж, хувийн хэвшлийн байгууллагуудын тогтвортой хөгжил дэх манлайлал, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, ногоон зээлийн сангийн үзэл баримтлалыг танилцуулж, цаашид хэрхэн үр дүнтэй ажиллах талаар хэлэлцэх юм.
Чуулганыг угтан БОАЖЯ-наас “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” сарын аяныг өнгөрсөн сарын 26-наас эхлүүлсэн. Энэхүү аяны зорилго нь Монгол Улсын Тогтвортой Хөгжил, ногоон хөгжлийн бодлогыг суртачлан таниулах, хэрэгжилтийг хангах, иргэд, олон нийт, бизнесийн байгууллагын тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Сарын аяны хүрээнд Олон нийтийн сурталчилгаа, Ногоон оффис, Ногоон хэрэглээ, амьдралын хэв маяг, Ногоон бизнес, Ногоон элч, Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилт зэрэг арга хэмжээг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.
Тухайлбал, БОАЖЯ-ны албан хаагчид “Ногоон хэрэглээ амьдралын хэв маяг” аяны хүрээнд Аригбанк болон Монголын Улаан загалмайн нийгэмлэг хамтран хэрэгжүүлж буй “Дэм дэмэндээ” төсөлтэй хамтран хүмүүнлэгийн дэлгүүр ажиллуулж, бараа бүтээгдэхүүн, эд зүйлс, хуучин хувцасыг амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд хүргэж байнгаа бол иргэн бүрийн байгалиа хамгаалах хүсэл эрмэлзлийг өдөөж, эерэг хандлага, зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн “Ногоон элч” арга хэмжээг санаачлан олон нийтийн идэвхийг өрнүүлэх ажлыг энэ сарын 18-наас албан ёсоор эхлүүлээд байна. Хэвлэлийн хуралд БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, Цэвэр технологи, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Уранчимэг, GGGI төлөөлөгч Жон Лайонс, Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар оролцлоо хэмээн БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.