Төгрөгийн уналтыг зогсоох нь

35e222f1ec3d71679048cbeee6fcbb4c

Улсынхаа мөнгөн тэмдэгтийг өөр орныхтой харьцуулж, ханшаа тогтоодог. Төгрөгийн ханшийн хувьд социализм нурахаас өмнөхөн 1990 онд АНУ-ын нэг доллар нь БНМАУ-ын дөрвөн төгрөг дөрвөн мөнгөтэй тэнцэж байсан бол 1993 онд 400 төгрөгт хүрчээ. Дампуурсан эдийн засгаа сэргээж, зах зээлд шилжүүлэхийн тулд санхүүгийн салбарт өргөн шинэчлэл хийж, хувийн арилжааны банкууд бий боллоо. Төгрөгийн доллартай харьцах ханш хорин жилийн дараа буюу 2013 онд 1374 болсон бол, 2016 оныг 2000-гаар угтаж, өнөөдөр 2400 төгрөгт хэлбэлзэж байна.

Эдийн засаг нээлттэй болж, монголчууд хүссэн орондоо зорчиж, арилжаа наймаа хийн, хувийн хэвшил хөгжиж, эдийн засаг тэлж ирсэн боловч төгрөгийн ханш тасралтгүй буурсаар л ирэв.

Монголын хүн ам цөөхөн, дөнгөж гуравхан сая тул хүнд үйлдвэр хөгжүүлэх боломжгүй, өргөн хэрэглээний хүнсний бараа, барилгын зарим материалаас бусдыг нь импортоор авч байна. Бараа импортлохын тулд гадаад валюттай байх шаардлагатай учир монголчууд уул уурхайн эрдэс баялгаа, тухайлбал нүүрс, зэс, алтаа олборлож, экспортлох замаар л гадаад валют олдог. Бид гадаадад эрдэс баялгаа зарснаасаа илүүтэйгээр бараа авдаг учир төлбөрийн тэнцэл маань дандаа хасах гардаг уламжлалтай.

Харин 2012 оноос хойш гадаадаас жил бүр зээл авч байгаад л улам их бараа импортлох болов. Уул уурхайн салбарт орж ирж байсан гадаадын хөрөнгө оруулалт ч төдөлгүй буурч, тэр хэрээр эдийн засагт эргэлдэх доллар багасан, төгрөгийн ханш унаж эхэллээ.

ШИНЭ ХОСЫН ХУУЧИН ДУУ 

Урт хугацаагаар нь харвал долларын ханш тасралтгүй өсөж ирсэн юм. Монголчууд зөвхөн богино хугацаанд, огцом өсөх үед л бухимддаг. Нийгмийн бухимдлыг тайлахын тулд чөлөөт зах зээлийг бүрэн удирдаж, бараа, үйлчилгээний үнийг тушаалаар “тогтоодог” төр засаг маань доллар маш яаралтай зарж, ханшийн хөөрөгдлийг зогсоохыг Төвбанкиндаа даалгадаг.

Төвбанкны үе үеийн ерөнхийлөгч нь улс төрийн томилгооны хүн байдаг учир төр засгаас хараат бус байх хуулиа мөрдөхийн оронд тэдний гар хөл болж, улсын гадаад валютын нөөцөөс тухай бүрт нь валютын зах зээл рүү доллар нийлүүлж, уналтыг түр зогсоодог. Нөөц нь дуусчихаар своп нэртэй богино хугацаат юанийн зээлээр “нөөцөө” бүрдүүлдэг болжээ. Толгойгоо нүхэнд хийчихээр өөрийгөө харагдахгүй болчихсон гэж боддог тэмээн хяруул (ostrich) аятай ийн загнаж ирэв.

Монголбанкны сар бүрийн статистикийн тоймоос харахад түүхэндээ хамгийн их гадаад активтай үе нь “Чингис” бондыг гаргасан 2012 оны арван- хоёрдугаар сар байжээ. Тэгэхэд гадаад актив нь 5.7, цэвэр актив нь 5.2 их наяд төгрөг байсан Монголбанкны нөөц хоёр жилийн дараа буюу 2014 оны аравдугаар сард анх удаа гадаад цэвэр актив нь хасах гарчээ. Өөрийн нөөцгүй болсон тул шаардлагатай нөөцийг (гурван сарын импорттой тэнцэх) бүрдүүлэхийн тулд валютаар зээл авсан гэсэн үг.

Түүнээс хойш Монголбанкны гадаад цэвэр актив тасралтгүй алдагдалтай гарч, тэр нь нэмэгдсээр 2016 оны аравдугаар сар гэхэд (-) 1.5, гадаад актив 2.4 их наяд төгрөг (өнөөгийн ханшаар нэг тэрбум ам.доллар) болоод байна.

Энэ сарын 11-нд нэг доллар 2350 төгрөгөөс 2700 төгрөг хүрч чангарав. УИХ Засгийн газраа, Засгийн газар нь Монголбанкаа шахсаар 72 сая америк доллар нөөцөөс нь гаргуулан, зах зээлд нийлүүлснээр ханшийг 2400 төгрөгт буулгалаа. Улс төрийн шахалтад орсон Монголбанкны шинэ ерөнхийлөгч маш бага болсон нөөцөөсөө энэ хэмжээгээр гаргав.

Монголбанкны анхдагч үүрэг бол төгрөгийн инфляцыг тодорхой түвшинд барих ёстойгоос биш ханшийн тогтвортой байдлыг хангах ажил биш юм. Учир нь ханш ямар байх нь зөвхөн мөнгөний бодлогоос биш, макро эдийн засгийн маш олон үзүүлэлтээс хамаардаг. Ханшийг огцом, цочмог унагахгүйн тулд нөөцөөсөө тодорхой доллар зарж, гулсалтыг сааруулах алхам хийж болно. Гэхдээ Төвбанкны ерөнхийлөгч Засгийн газраас зардлаа багасгахыг шаардах ёстой юм.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар мөн л өмнөх Засгийн газруудынхаа адил нөөцийнхөө мөнгийг шавхтал ханшийн өөрчлөлтийг аргацаах бололтой. Шинэ Засгийн газар, Монголбанкны шинэ удирдлага хуучин дууг хослон дуулж байна.

Ганцхан тэр дууг олон дахих боломжгүй тул нөөц хурдан шавхагдах нь.

ХАНШАА ХААНААС НЬ ЧАНГАЛАХ ЁСТОЙ ВЭ 

Эдийн засаг дахь төгрөгийн ханшийн уналт, долларын өсөлт бол хүний биеийн дулааны хэм хэт өсөж, халуурч буйтай адилхан. Халуурсан шалтгааныг тогтоон, түүнийг эмчилж эдгээж байж л ужиг өвчнөөсөө бүрэн ангижирна.

Хөгжсөн орнууд эрүүл саруул хүн шиг өөрийн биеэ байж болох бүх өвчнөөс урьдчилан сэргийлэхийг хичээдэг, ихэнх тохиолдолд чаддаг бол манайх тийм зуршил тогтоож чадаагүй байна.

Манай улсын суурь өвчин хаанаас эхлэлтэй гэхээр улс төрийн байгууллагууд (институц) нь тодорхой бүлэглэлд буюу шулуухнаар бол зөвхөн өөртөө үйлчилдэг болсонтой нь холбоотой. Монголын төр засгийн эрх авч буй улс төрийн намуудын (байгууллууд) гол зорилго бол дахин сонгогдох, эрх мэдлээ авч үлдэх явдал учир бүх үйлдлээ богино хугацаанд үр дүнтэй байхаар тооцдог.

Монголбанк зэрэг эдийн засгийн байгуулал ч улс төрөөсөө бүрэн хараат учир тэдний ашиг сонирхлыг түлхүү хамгаалж, өр зээл тавьж байгаад ч төрийг мөнгөтэй харагдуулж, Засгийн газрын зээлийг хязгаарлахын оронд маш ихээр мөнгө хэвлэн, популист үл гүйцэлдэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй нь эцсийн дүндээ улс орныг дааж давшгүй өрөнд живүүлж орхив. Эдийн засгийн бусад институц ч бас улс төрийн институцийн (намынхаа) ашиг сонирхлыг илэрхийлэх боллоо. Тод жишээ нь Монгол Улсын гадаадаас авсан бүх зээлийг дамжуулан зээлдүүлэхэд оролцсон эдийн засгийн институцүүд юуны өмнө тодорхой бүлэглэлд үйлчилж ирсэн учир монголчууд өнөөг хүртэл гадаад валютаар зарж болох ямар нэг үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж чадахгүй хэвээрээ л байна.

Эдүгээ гадаадаас мөнгө зээлж чадвал л бүх асуудал шийдэгдэх юм шиг хуурамч хүлээлт Монголын нийгэмд үүсчээ. Гэтэл ямар ч мөнгө зээлсэн өмнөх өрөө нэг удаа төлөөд, цаашдаа шинэ өрөө төлөх ажил үлдэнэ.

Хэрэв бид хуучин зангаа орхихгүй үрэлгэн, авлигач төр засгаа цэвэрлэж засаж чадахгүй юм бол бидэнд хэчнээн ч их мөнгө зээлээд ямар ч тус болохгүй аж. Тэгж чадвал улс төр, эдийн засгийн бүх байгуулал хүн бүрт ижил тэгш үйлчлэх суурь тавигдана. Түүний дараа чөлөөт өрсөлдөөн бий болж, монголчуудын хөдөлмөрийн бүтээмж дээшлэн, өрсөлдөх чадвар нэмэгдэх юм.

Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гаргаж байж л төгрөгийн ханш чангарна. Тэгэхийн тулд монголчууд хуулийн засаглалыг тогтоож, эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн, энэ явцдаа гадаадын зээлээ дамжуулан зээлдүүлэх үеийн авлигыг илрүүлж, таслан зогсоох ёстой.

Д.Жаргалсайхан

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …