Эрчим хүчний сайд П.Ганхүү тэргүүтэй албаныхан Дархан-уул аймагт ажиллахдаа Хонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дарханы 10 мвт нарны цахилгаан станц”-ын байгууламжийн гүйцэтгэлийн ажилтай танилцлаа. Энэхүү нарны цахилгаан станцыг дотоодын “Solar power international”, Япон улсын “Sharp” корпораци, “Shigemitsu shoji” компани хамтран 19.5 сая ам долларын хөрөнгө оруулалтаар байгуулж байгаа юм.
Уг нарны станц нь ОХУ-аас импортоор авч байгаа эрчим хүчний хэмжээг багасгах, бүс нутгийг сэргээгдэх эрчим хүчний системд холбоход ихээхэн ач холбогдолтой. Энэ жил цас их орсон тул биднийг очих үеэр станцын модулиудад цас тогтсон байсан нь холбогдох албаныхны анхаарлыг ихээхэн татсан юм. Тус асуудалд “Solar power international” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр хариулахдаа:-“ Нарны цахилгаан станц нь ирэх сард ашиглалтад орсноор модулиуд зохих хэмжээгээр хална. Халалт үүссэн нөхцөлд ямар нэгэн цас тогтохгүй. Цас их хэмжээгээр орвол бид гар аргаар цэвэрлэгээг хийнэ.” гэв.
Уг нарны цахилгаан станц нь нийт 32274 ширхэг нарны модулийн тусламжтайгаар жилд 14.1 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх юм. Ингэснээр 20.000 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.
darkhan.gov.mn