Эрчим хүчний сайд П.Ганхүү тэргүүтэй холбогдох албаныхан энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллалаа. Тэд эхний өдөр эрчим хүчний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудал цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. Түүнээс гадна онцлох ажлуудыг ч хэлэлцсэн юм. Тухайлбал: “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн өвлийн бэлтгэл ажил хангагдаж, 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өвлийн горимд шилжсэнийг компанийн удирдлагууд танилцуулав.
Тус байгууллагын хувьд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 20 гаруй сумын нийт 47000 гаруй хэрэглэгчтэй. Байгууллагын инженерүүд ухаалаг тоолуурын шинэ санаагааг гаргаж БНХАУ-д угсруулан патентжуулж, 2013 оноос орон сууцны иргэдэд энэхүү ухаалаг тоолуураа нэвтрүүлсэн нь МУ-ын хэмжээнд анх удаа өдөр, шөнийн тариф тооцдог дэвшилтэт технологи болсныг энэ үеэр онцолж байлаа. Тус тоолуурыг өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн 16мянган хэрэглэгч болон Сэлэнгэ,Төв аймгийн зарим сумдад нэвтрүүлэн ухаалаг сүлжээнд холбон ажиллаж байна.
“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК нь өөрсдийн хөрөнгөөр хоёр дэд станцыг шинээр барьж нэг дэд станцыг өргөтгөж зассан байдаг. Эдгээрийн нэг болох шинээр ашиглалтад орсон 35 кВ-ын Ханжаргалантын дэд станцтай мөн өдөр танилцсан юм. Энэхүү дэд станц нь хамгийн сүүлийн үеийн Германы тоног төхөөрөмжийг суурилуулсан гэдгээрээ давуу талтай ажээ.