Ирэх 12-р сарын 9-ний өдөр Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбооны ээлжит их хурал Улаанбаатар хотноо хуралдана. Энэ хурлаар өнгөрсөн 4 жилийн ажлын тайланг хэлэлцэж, холбооны шинэ удирдлагыг сонгох юм байна. Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоог манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын нэгд зүй ёсоор тооцогддог.
Учир нь тус холбоо гишүүддээ чиглэсэн олон хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ дэлхий нийтийн жишгээр уул уурхайн салбарт ажиллаж байгаа баяжуулагч, мэргэжилтнүүдийнхээ баталгаажуулалтын ажлыг шинээр хийж эхэлснийг дурьдах нь зүйтэй юм. Мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд тус холбоогоор дамжуулан баяжуулагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, хамтран ажиллах чиглэлд олон дэвшил гарсан байна.
Өнөөдрийн байдлаар, тус холбоо 24 шинжээч гишүүн, 40 гаруй мэргэшсэн мэргэжилтнийг эгнээндээ нэгтгээд байна. Эдгээр шинжээч мэргэжилтнүүд нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулинд заасны дагуу техник эдийн засгийн үндэслэл, судалгаа шинжилгээний ажлыг үнэлж, дүгнэх үүргийг гүйцэтгэх болсон байна. Ингэснээр мэргэжлийн холбоо, байгууллагууд төр засгийн зарим ажлыг нугалах, дэм болох боломж бүрдлээ гэж мэргэжлийн хүмүүс тодорхойлов.