Өвлийн улиралд ямар гутал сонгох ёстой вэ?

Өвлийн гуталд тавигдах шаардлага

Өвлийн улиралд уналт бэртэлтэнд нөлөөлдөг гол хүчин зүйлс бол хүний хүчин зүйл, алхалтын био механик, гадаад орчны хүчин зүйлс мөн гутал юм. Иймд уналт бэртэлтээс сэргийлэхэд өвлийн гутлын загвар, хийц чухал үүрэгтэй.

Өвлийн гутал сонгоход хальтиргаанд тэсвэртэй байдал, тав тухтай байдал, дулаан хадгалах, чийгнээс хамгаалах чадвар, үзэмж зэрэгт анхаарна.

1.            Хальтиргаанд тэсвэртэй байдал:

Гутлын улны материалын хальтиргаанд тэсвэртэй байдлын судалгаагаар өвлийн гутлын улалгаанд өргөнөөр ашиглагддаг полиуретан материал нь хальтиргаатай шалан дээр бусад нийлэг, нитрил, резинээс илүү хальтиргаанд тэсвэртэй байсан ч цас, мөстэй гадаргуун дээр ялгаагүй үзүүлэлттэй байсан байна. Өөр судалгаагаар 49 төрлийн, резин, нийлэг зэрэг материалаар хийгдсэн ултай   гутлын цас, мөсөн дээрх хальтиргаанд тэсвэртэй байдлыг хэмжихэд аль ч төрлийн гутлын улны материал хальтиргаанд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлээгүй байна. Харин улны талбай том, хатуу өсгийтэй гутал илүү мааждаг учир үрэлтийг сайжруулж хальтирах эрсдлийг багасгадаг байна.

Гутлын ул хөлдөх эрсдэл байдаг учир дараах материалаар хийгдсэн гутал сонговол зохино: резин, каучук, хүйтэнд тэсвэртэй полиуретан. Хүйтэнд тэсвэртэй полиуретан нь зөөлөн, уян хатан, үрэлтэнд тэсвэртэй, нугаларамтгай байдгаараа давуу талтай.

2.            Дулаан хадгалах, чийгнээс хамгаалах:

Өвлийн гутлын доторлогоонд үстэй даавуу, амьтны болон хиймэл үс ноос, арьс ашиглаж болох бөгөөд хөлний дулаан хадгалах, арьснаас ялгарах уурыг шингээж хөлийг хуурай байлгах материалаар хийгдсэн байх шаардлагатай.Иймд ус чийг нэвтрүүлдэггүй, гутлан дах агаарын солилцоог хангасан материалаар хийгдсэн гутлыг сонгоно.

Мөн гутлын хэмжээг сонгохдоо хэт бариун биш, хөлийн хуруунууд чөлөөтэй хөдөлж байгаа эсэхийг шалгаж авах нь чухал. Энэ нь хөлийн дулааныг хадгалах, ноосон оймс өмсөж болох нөхцлийг бүрдүүлэх юм.

3.            Тав тухтай байдал:

Хөдөлгөөний бэрхшээлтэй, өндөр настай, хөл тавхайн анатомийн хувьд өөрчлөлттэй иргэд, бага насны хүүхдүүдийн хувьд маш чухал үзүүлэлтийн нэг бол гутлыг өмсөж тайлахад эвтэйхэн байх  үзүүлэлт байдаг. Учир нь хэт хатуу эсвэл ажиллагаа шаардсан гутал өмсөх нь эргээд хөдөлгөөн, амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлдөг. Хүний хөлний ул нь тэгш бус гадаргуу дээр явахад зориулагдан уян хатан байдаг. Хэт хатуу ултай гутал өмсөх нь хөлний нумны уян хатан чанарт нөлөөлөн нугларахад хүндрэл үзүүлдэг. Ингэснээр хөлний нум, шагайг дэмжих, тэнцвэржүүлэх үүрэгтэй булчинг суллан сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Үүнээс гадна гутал нь хөлийг хатууруулахад нөлөө үзүүлэх эсэх, гишгэлт болон биеийн тэнцвэрт хэрхэн нөлөөлж буйг харгалзана.

 

Эх сурвалж:НЭМХ

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …