Эдийн засгийн нөхцөл байдал улам дордож байгаа энэ цаг үед төрийн мөнгөний бодлогыг авч яваа мэргэжлийн байгууллага болох Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр оновчтой байгаа эсэх талаар хөндлөнгийн судлаачийн байр суурийг сонирхохоор эдийн засагч Чойнхорын Эрдэнэдалайтай ярилцлаа. Тэрээр аль эрт сануулж анхааруулж ирсэн эдийн засгийн хүндрэл хүн бүрийн нуруун дээр буугаад ирэхийн цагт өөрсдөөсөө биш бусдаас буруу хайж эхэлсэнд Төв банк өртөж байна гэсэн юм.
-Ирэх онд хэрэгжих төрийн мөнгөний бодлого эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах арга замаа хэр оновчтой тодорхойлсон гэж та үзэж байна вэ?
– Хямралыг давах мөнгөний бодлого болсон. Гэхдээ Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрөө үр дүнтэй хэрэгжүүлэх, төсвийн алдагдлаа бууруулах, ханш тогтвортой болоход шалтгаалах валютын урсгалаа нэмэгдүүлж чадвал ирэх онд дэвшүүлсэн мөнгөний бодлогын зорилт үр дүнгээ өгнө.
–Тэгвэл Төв банк бодлогын хүүгээ 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж 15 хувьд хүргэсэн нь зөв шийдвэр байсан уу? Эдийн засгаа боомилсон, бүтээгч субъектээ бодоогүй үйлдэл гэж шүүмжлэх нь ч бас бий шүү дээ.
– Чанаргүй зээл 10 хувь хүрлээ.Ханш 2400 болчихлоо. Банкууд эрсдэлд орж байна. Чангалах нь зөв. Хатуу мөнгөний бодлого нь төсвийн өндөр алдагдал, өндөр чанаргүй зээл, ханшийн огцом савалгаанаас хамаарсан гэсэн үг. Энэ бүхэн хэвээрээ үргэлжилсээр байгаа тул нэг хэсэгтээ хатуу байна байх. Дараа жилээс алдагдлаа бууруулаад чанаргүй зээл тогтворжоод, ханш савлахааргүй болж, ГШХО болоод эдийн засаг сэргэж эхэлбэл аажмаар бууруулах байх. Төв банк өнөөдрийн байдлаар чадахаараа л хичээж байна. Би Төв банкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг дэмжиж байгаа. Хамгийн зөв, эрүүл ярьдаг газар. Гэтэл эрх баригч нар дунд хуримтлагдсан асуудал зөндөө.
-Мэргэжлийн гэх Төв банкны бодлого үйл ажиллагаанд нөлөөлж байна гэдэг утгаар та хэлж байна уу?
–Тиймээ.Хамгийн өндөр түвшний мэргэжлийн байгууллага. Институцийн чадвар сайн. Гэхдээ сүүлийн найман жилийн буруу бодлогын горыг хичнээн сайн Төв банк байсан ч засахад хэцүүгээс гадна Төв банк өөрөө ч хувь нэмэр оруулсан шүү дээ. Одоо гол нь Засгийн газар эдийн засгаа сэргээх төлөвлөгөөгөө биелүүлэх нь л чухал байна. Ярих биш хийх. Ер нь монголчууд бид бүгдээрээ хэт их ярьдаг. Ярихаа багасгаад юм хийж бүтээх цаг болчихоод байна. Тэгэхгүй бол гадаад хөрөнгө оруулагчдын доог тохуу боллоо.Одоогийн байдлаар Оюутолгойн далд уурхай урагшилж байна. Алт тушаалт боломжийн байна. За бас газар тариалан, өөр ч дорвитой зүйлнэг их байхгүй байна.
– Би Таньтай Төв банк тойрсон асуудлаарярилцлагаа үргэлжлүүлмээр байна. Монголбанк одоо бол нилээдгүй шүүмжлэлд өртөж байна. Зарим талдаа улс төрийн захиалга яваад ч байх шиг. Учир нь Монголбанкны Ерөнхийлөгчрүү дайралтууд ирж байгаа нь анзаарагдаж байна.
– Монголбанк хаданд хавчуулагдсан халиуны зулзага болоод байна. Чанга мөнгөний бодлого барьсан гэж боорлуулж байна. Ханшаа барьсангүй гэх мэтчлэн. Гэтэл манайд зах зээл нь жижиг, хөгжөөгүй. Дээрээс нь найман хувийн орон сууцны зээл,юаны своп гээд хуримтлагдсан алдаанууд олонтой нь асуудлын гол нь болж байна. Мөн улс төр ихээхэн нэмэрлэж байгаа. Эцсийн дүндээ өнгөрсөн жилүүдэд эрх барьж байсан улс төрчдийн хариуцлагын асуудал хямралын гол шалтгаан болчихоод байна. Гэтэл олдсоноор нь Монголбанк, Засагруугаа бид дайраад л байна. Явж явж бид сонголтдоо хариуцлагатай хандаж сурмаар байгаа юм. Сонгосныхоо төлөө хариуцлага шаардаж чаддаг баймаар байгаа юм. Төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүл, ажлын байр нэмэгдүүл гэх мэтчилэн. Шахаж шаардаж ажлыг нь хийлгэх хэрэгтэй байна. 2008 оноос эхлэн олон улсын байгууллагууд, судлаач шинжээчид төсөв хэт тэлж байна, үрэлгэн зардал их гаргаж байна гэж байнга л сануулж хэлж ирсэн. Ард иргэд мэдээлэлтэй байж олон улсын мэдээлэл, шинжээчид ч хэлж яриад яваад байсан. 2008 оноос хойш л төсөв тэлж байна. Хуримтлагдаж байгаа асуудлуудыг анхааруулж байсан. Анхааралдаа аваагүй. Эцсийн эцэст хүмүүсийн нуруун дээр буухаар бусдаас алдаагаа хайж байна.
-Өөрөө өөртөө үүсгэсэн асуудал гэж та хэлж байна уу?
-Дахин хэлэхэд өмнөх найман жилийн буруу бодлого. Төв банк ч өөрөө бас явцгүй зүйл их хийсэн. 15 тэрбум юаны своп хэт их ашигласан. Хэт их мөнгө хэвлэсэн, 8 хувийн ипотекийн зээлийг замбараагүй тараасан, үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэт. Ханшийг барих гэж маш их ам.доллар үрсэн.
– Тиймээ. Алдаа хийсэн гэдгийг хэлж шүүмжилцгээж л байна. Удирдлагууд нь ч шинэчлэгдлээ. Араас нь засаж залруулах, ажлаа хэр гүйцэтгэж байна гэж та харж байна?
-Ямар ч байсан эрүүл зөв чиглэлрүү явж байгаа. Миний дээр хэлсэнчлэн хадан дунд хавчуулагдсан байна. Ханш угаасаа хэцүү болсон. Долларжилт идэвхтэй явагдаж байна. 2500 давангуут зах зээл паникдаад байна. Дээрээс нь эдийн засаг агшиж эхэллээ. С зэрэглэлийн орон боллоо. Урдны найман жилийнх, ялангуяа сүүлийн 4 жилийн алдаатай явцгүй бодлогын үр нөлөө одоо илэрч байгааг бид ойлгож хүлээж авах хэрэгтэй. Бодлогын нөлөө гэдэг бол богино хугацаанд шууд илрээд байдаг ч юм биш. Тиймээс төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа мөрдөх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, өрсөлдөх чадвараа сайжруулах нь л хамгаас чухал болоод байна. Зөвхөн төр гэлтгүй бүх Монголоороо, та бид хоёр ч гэсэн. Дээр нь хурд хэрэгтэй байна. Цагаан сар болтол юу ч болоо билээ. Өвөлжилт хүндрэх шинжтэй байна.
– Дайны хажуугаар дажин гэдэг шиг хажуугаар нь гэнэтийн үйл явдлууд бас боллоо.
-Тийм. Далай лам, Трамп гэх мэт. Бас АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ удахгүй дахиад нэмнэ. Хорвоо ертөнц бид нарыг хүлээхгүй. Дээрээс нь бусад манай өрсөлдөгч орнууд идэвхтэй ГХШО-ыг эргүүлж татахыг хичээж байна. Жишээ нь: Латин Америкийн Перу, Эквадор гэх мэт орнууд. Үнэнийг хэлэхэд манай ард иргэд бас гадныханд дургүй. Бас хэвлэл мэдээлэл хэт харлуулсан нь сөрөг үр дагавар авчирлаа.Монгол улс томоохон олон улсын корпорациудыг татан оруулж чадаагүй. Ганц РиоТинтой хичнээн юм боллоо доо. Саяын та бид 2-ын ярьсан юань своп, мөнгө хэвлэлт, 8% гэх мэт бүгд ГШХО алга болсоноос болсон.
-Төв банкыг мөнгөний машин болговол юу болдогийг та хэлж байна. Нөхцөл байдал ч харуулж байна. Тэгэхээр хараат бус байдлын дархлаа алдагджээ.
-Тийм. Яалт ч үгүй хараат бус байж чадахгүй байна. Сонгодог утгаар. Нам бус төв банкир Монголд байхгүй. Төв банкирууд намаа л дагадаг. Бодит үнэн шүү дээ. Уг нь Төв банк мандатын дагуу хийх ёстой зүйлээ л гол нь хийх ёстой.
– Монголбанкны шинэ Ерөнхийлөгч хараат бус байдлын төлөө зорьж буйгаа Төв банкны Ерөнхийлөгчийн зорьж буй 5 шинэчлэл гэсэн зорилтондоо тусгасан байсан.
-Мөнгөний бодлого цаашид яахыг харъя, дүгнэхэд эрт байна. Ер нь бол Монголбанк зөв зүйтэй мөнгөний бодлого гаргасан. Ханшин дээр ч тэр зөв зүйтэй бодлого барьж байна. Төв банкны хийж чадах зүйл бага шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан А.Солонго