Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хамтарсан ажлын бүлгийн ээлжит 8 дугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо боллоо.
ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албанаас зохион байгуулсан тус хуралдаанд Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй, БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яамны төлөөлөл оролцсон Монголын талын хэсэг, Орос Улсын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов тэргүүтэй ОХУ-ын Засгийн газар, Холбооны алба, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборуудын төлөөлөл оролцсон Оросын хэсэг хоёр улсын цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудал хэлэлцэв.
ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны урилгаар Эрхүүд хүрэлцэн ирсэн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал Д.Даваа нар хуралдааны нээлтийн ажиллагаанд оролцож баяр хүргэн, хуралдааны ажиллагаанд амжилт хүсэв.
Хуралдааны явцад Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн хүчинтэй хугацааг 3 жилээр сунгах тухай Монголын талын хүсэлтийн дагуу асуудлыг ОХУ-ын гүйцэтгэх засаглалын байгууллагуудтай зөвшилцөн нааштай шийдэлд хүрэхээр байгаа тухай Оросын тал мэдээлэв.
Ажлын бүлгийн хуралдаан найрсаг дулаан, бүтээлч нөхцөл байдалд, харилцан ашигтай, тэнцвэртэй байх зарчмын үндсэн дээр болов. Хуралдааны дүнгээр протокол гаргаж, Монгол, Оросын цэрэг-техникийн хамтын ажиллагааны 2017 оны төлөвлөгөөнд Ажлын бүлгийн хэсгийн дарга нар гарын үсэг зурав.
Хуралдааны дүнд Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэлд байгаа агаарын довтолгооноос хамгаалахын техник хэрэгслийг шинэчлэн сайжруулах ажлыг эрчимжүүлж энэ онд багтаан эхлүүлэх талаар хоёр тал анхаарч, холбогдох хариуцагч, оролцогч байгууллагууудад шуурхай ажиллахыг чиглэл болгов.
Мөн артиллерийн гүйцэтгэн цэнэглэсэн галт хэрэгслийг аюулгүй болгох байгууламжийн үйл ажиллагааг 2017 оны эхний улиралд эхлүүлэхийн тулд урд байгуулсан гэрээгээ шинэчлэх талаар “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ, ОХУ-ын холбогдох цэрэг-аж үйлдвэрийн байгууллагуудтай харилцаж ойрын үед тодорхой шийдвэртэй арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.
Монгол Улсын Зэвсэгт хүчинд чухал хэрэгцээтэй байгаа сургууль-байлдааны хөнгөн онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэж Оросын тал энэ тухай техник-арилжааны санал бэлтгэн Монголын талд ирүүлж энэ саналд хоёр улсын харилцааны уламжлал, онцлогийг харгалзан нийлүүлэх бүтээгдэхүүний үнийг боломжийн доод түвшнээр тавьсан, төлбөрийг зээлээр буюу бусад хэлбэрээр гүйцэтгэж болохыг мэдээлэв.
Эрхүүгийн “Эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн “Иркут” корпораци нь цэргийн онгоц үйлдвэрлэж ирсэн 70 гаруй жилийн түүхтэй, одоо орчин үеийн олон зориулалтат байлдааны онгоц үйлдвэрлэж дотоод гадаадын захиалагчдад нийлүүлдэг, мөн иргэний тээврийн цоо шинэ онгоц үйлдвэрлэж байна.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал Д.Даваа болон Ажлын бүлгийн хуралдаанд оролцсон төлөөлөгчдөд “Иркут” корпорацийн удирдлага үйлдвэрийн ажиллагаа, гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Эрхүү мужийн Амбан захирагч эзгүй байсан учир түүний нэрийн өмнөөс нэгдүгээр орлогч В.Ю.Дрофеев Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэв.
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Эрхүү хотод дахь “Байкал арена” спортын цогцолбортой танилцав. Энэ спортын цогцолбор нь ОХУ-ын Спортын яаманд шууд харьяалагддаг, бүс нутгаасаа ОХУ-ын шигшээ багт орох тамирчдыг бэлтгэдэг, үүнд шаардагдах түвшингийн сургалт, бэлтгэлийн төхөөрөмжөөр өвч хангагдсан, Эрхүү хот дахь биеийн тамирын дээд сургуулийн бааз болдог байна.
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР