-Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах нөхцөл байдлын талаар та яриач?
-Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр жилдээ нэг л удаа ажиллах боломжтой. Үүнээс харахад шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн бүтэн жилийн оролцоо хангалтгүй санагдлаа. Түүнчлэн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон хүн тухайн жилдээ шүүх хуралд хэзээ иргэдийн төлөөлөгчөөр оролцох, тухайн хурлынхаа цагийн хуваарийг урьдчилан мэдэх боломжгүй, тодорхой бус байдаг нь дутагдалтай санагдсан. Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоод тухайн хэрэг маргааны талаар дүгнэлт гаргана гэдэг их хариуцлагатай ажил. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдчихоод ирдэггүй, зарим нь ирээд хэргийн материалтай танилцчихаад утсаа салгаад алга болчихдог. Шүүхээс дуудсан цагт шүүх хуралдаанд ирээгүйгээс үүдэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон шүүгчийн туслах нар их сандарсан харагддаг. Ингээд бүгд цаг заваа алдах буюу шүүх хуралдаан хойшлох шалтгаан нөхцөл автоматаар бий болдог. Энэ асуудал шүүхэд маш их хүндрэл бэрхшээл байнга учруулдаг гэдгийг мэдэрлээ. Мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэд шүүхийн талаарх ойлголт, шүүхийн процессийн талаарх ойлголт муутай байдаг юм байна. Би хувьдаа шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажилласандаа их сэтгэл хангалуун байна. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь хэргийн оролцогчдын хэний зөв, хэний буруу бэ гэдгийг дүгнэж өөрийнхөө дүгнэлтийг хийж байгаа нь сайхан санагдлаа.
-Шүүхийн иргэдийн төлөөлөгч таны хувьд ямар санал байна?
-Надад Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлах нэг хүсэлт байна. Ачаалал ихтэй байдаг шүүхийн үйл ажиллагаанд шүүхийн иргэдийн төлөөлөгч байн байн солигдож байгаа нь шүүх болон бусад иргэдэд хүндрэл бэрхшээлтэй байна. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийг байнга ажиллуулах шаардлагатай байна. Тиймээс шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн ажлыг хийж байх хугацаанд нь шүүх хуралдаанд тогтмол суулгаж, мөн цалингийн хэмжээг нэмэх шаардлагатай байна. Одоо шүүхээс шүүхийн иргэдийн төлөөлөгчид олгож буй цагийн хөлс нь маш бага буюу 1395 төгрөг байна. Энэ хөлс нь тухайн шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх автобус, унааны мөнгөндөө ч хүрэлцдэггүй. Тиймээс шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг байнга ажиллуулж, цалин хөлсөөр тогтмол хангаж ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн одоо үйлчилж байгаа Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд дээрх нэмэлт өөрчлөлтийг нэн тэргүүнд оруулах шаардлага байгааг уламжлахыг хүсч байна.
Ярилцсанд баярлалаа.
Б.Хос-Эрдэнэ /ОНХМ