Лу.Гантөмөр: Мөнгө их гаргаснаараа ч ялчихдаг юм биш

Ардчилсан намын даргыг сонгох сонгууль албан ёсоор эхлэхэд зургаан хоног үлдэж байна. Намын даргад нэр дэвшинэ гэдгээ ил тод зарласан дөрвөн хүн бий. Түүний нэг нь Ардчилсан намын гишүүн Лу.Гантөмөр юм. Залуу үеийн төлөөлөл болж хүчтэй өрсөлдөгчдийн тоонд ороод байгаа түүнтэй ярилцлаа.

АН-ын их хурал болж өнгөрсөн. Хүлээж байсан үр дүнтэй хурал болж чадсан уу. Та хурлын үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

– Намын даргыг бүх гишүүдээсээ сонгодог болсноороо нэг алхам урагшилсан. АН-ыг шинэчлэх сонирхолгүй хүмүүс байна. Шинэчлээд явья гэсэн хүмүүс ч бий. Тийм учраас их хурал хуралдах хүртэлх зам нь өөрөө хүнд байлаа.Тэгэхээр үр дүн шууд харагдах нь төвөгтэй л дөө. Гэхдээ ямар ч байсан нэг алхам алхсан гэж бодож байгаа. Нөгөө талдаабид олон түмний итгэлийг алдаснаас сонгуульд ялагдсан. Тэрнээсээ тойрч зугтаах хүн олон байгаа. Намын их хурал дээр сууж байгаад  олон түмний итгэл алдсан шалтгааныг юу гэж харсан бэ гэхээр хамгийн чухал нь бид өөрөө өөрсдөдөө итгэхээ байсан байна. Бидний хоорондоо итгэх итгэл алдарсан байна. Намын гишүүдийн ярьж байгаагаар намын ирээдүй, маргаашийн Монголын тухай, үзэл санааны тухай ярихаасаа илүүтэй нэг нэгнээ шүүмжлэх, муулах уралдаан гэдэг ч юм уу өрнөөд байна. Намын гишүүн нь үүрийн даргадаа, үүрийн дарга нь сумын даргадаа, сумын дарга нь аймгийн даргадаа, аймгийн дарга нь их хуралдаа, Засаг нь намын даргадаа гэдэг юм уу шат шатны даргадаа итгэхээ больсон байна. Хардалт их байна.

-Намыг шинэчлэх дургүй хүмүүс байна гэж та хэллээ. Тухайлбал ямар хүмүүс намаа шинэчлэхийг хүсэхгүй байна гэж вэ?

-Өнөөдрийг хүртэл намыг явцуу эрх ашгийн, тохиролцооны байгууллага болгосон хүмүүс, намын удирдлагууд, дарга нар байна шүү дээ. Тэр хүмүүс ойлголцол нэрийн дор явцуу эрх ашгийнхаа төлөөбүлэглэж тохиролцсон. Тохиролцоо нь хэрээс хэтрээд муудалцсан. Муудалцахгүй бол тохиролцоод болчихдог байсан гэдэгтээ итгэж байгаа, үзэл бодол ямар хамаатай юм гэсэн бодолтой хүмүүс байна. Үзэл бодол дээр суурилж байж төрийн бодлого гарч байдаг. Төрийн бодлого ямар үзэл дээр суурилж гарч байна гэдгээс хамаарч хөгжил өөр өөр болоод байна гэдгийг ойлгохгүй байна. Хөгжил гэдгийг механик үйлдэл, зам, байшин барилга гээд ойлгочихсон. Гэтэл хөгжил гэдэг бол олон түмний хөдөлмөрлөх, амьдрах боломж шүү дээ.

-Намын даргыг сонгоход ахиц гарлаа гэж та үзэж байна. Намын дүрэмд өөр шинэчлэгдсэн зүйл юу байна?

-Дүрмээ гүйцэд хийж чадсангүй. Одоо энэ хугацаанд намын гишүүдээрээ хэлэлцүүлье гэж байна. Та бүхэн анзаарсан бол шүүмжлэлийг нэг нь нөгөөгөөсөө шидсэн тийм л хоёр өдрийн хурал ард үлдлээ. Гэхдээ ямар ч байсан дөрөвдүгээр бүлэг хүртлээ дүрэм шинэчлэгдсэн. Гэхдээ цаанаа маш олон шинэчлэх асуудал бий.

-Намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн тоог нэмэхээр ярьж байсан. Хэчнээн гишүүнтэй байхаар шийдвэрлэсэн бэ?

-Тэрийгээ шийдэж чадаагүй. Ямар ч байсан намын даргаа сонгоод авья. Тэгээд ҮЗХ байх уу, байхгүй юу. Намын их хурал байх уу, тэр нь байнга хуралддаг байх уу. Намын шат шатны дарга нараа яаж сонгох вэ гэдэг дээр намын дүрэмд шинэчлэл хийгдсэнгүй. Хойшоо тавигдчихлаа. Хоёрдугаар сарын 12-нд дараагийн их хурал болно. Дараагийн их хурлаар тэр болгоныгоо ярихаар болсон.

– Та намын даргад нэр дэвшихээ мэдэгдсэн. Нэрээ дэвшүүлэхээр намдаа бүртгүүлсэн үү?

– Бүртгүүлээгүй. Бүртгүүлэхэд тодорхой зүйлсбүрдүүлэх юм байна.

-Намын даргад нэр дэвшигч 250 сая төгрөг гаргахаар болж байна аа гэж анх Ж.Батзандан гишүүн мэдэгдсэн. Та ч мөн энэ тал дээр эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсэн байсан?

– Мэдээж энэ хүнд цаг үед тийм их мөнгө олох нь хэцүү шүү дээ. Гэтэл нөгөө талдаа, тухайлбал Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад ажиглагч, сонгуулийн ажилтны цалин, орон байр, сонгуулийн саналын хайрцагийг зөөх, буцааж авах тоолох гээд энэ зардал чинь 10 – 15 тэрбум төгрөг болдог юм байна л даа. Манайх мөн ялгаа байхгүй 360 суман дээр санал хураана. Улаанбаатар хотын 9 дүүрэг дээрээ санал хураана. Хэсгийн хороод байна. Саналын хуудас хэвлэнэ. Саналын хайрцаг байна. Саналын хайрцагийг сум бүрт хүргэнэ, буцааж авна. Нэр дэвшигчид уулзалт зохион байгуулна, байр талбай түрээслэнэ. Түүнээс бидэнд одоо үнэгүй олддог байр алга. Аймгуудад очоод Драмын театрыг нь түрээслэхэд л нэг сая төгрөг гэх жишээний. Улаанбаатар хотод Бөхийн өргөөг түрээслэхэд л хэдэн төгрөг билээ. Гэх мэтчилэн зардлууд гардаг юм байна. Энэ нь нийлээд том дүн байна. Сурталчилгааны зардлыг оруулаад намын даргад 10 хүн дэвшлээ гэж үзэхэд нэг хүнд 250 сая оногдох юм байна гэсэн тооцоо гарсан юм байна лээ.

Гэхдээ тэр сурталчилгааны зардлыг нь орхие гэдэг саналаа хэлсэн байгаа. Бид угаасаа уулзалтаа хамт хийнэ. Уулзалт хийх үеэр мөрийн хөтөлбөрөө, бодлогоо ярина. Тийм учраас сонгууль зохион байгуулах зардлаа бол төлөхөөс өөр арга байхгүй.

Нээлттэй, нэгдмэл, хариуцлагатай нам болгоно

-Тэгэхээр сурталчилгааны зардлыг хасах ёстой гэж та үзэж байгаа юм байна?

-Тийм. Сурталчилгааны зардлыг болих хэрэгтэй гэж байгаа. Намын сонгуулийн хороо энэ тал дээр шийдвэр гаргах байх. Тэгэхээр 2.5 тэрбум зардал гарна гэж тооцоолж байсан бол түүний тал нь алга болно гэсэн үг. Арван хүн дэвшихэд нэг хүн 250 сая гаргахаар байсан бол одоо 125 саяыг олох хэрэгтэй болж байгаа юм. Зардал буурч байгаа ч гэсэн хандивын арга хэмжээ зохион байгуулах хугацааны хувьд шахуу байна. Цаг алдахгүй ажиллаж байна. Ер нь бол мөнгө их гаргаснаараа ч ялчихдаг юм биш. Намын гишүүд бидний хэн нь хэн бэ гэдгийг тэртэй тэргүй мэднэ шүү дээ.

-Намын даргад арваас цөөн хүн нэр дэвшвэл нэг нэр дэвшигчээс гарах зардал нэмэгдэж таарна?

-Тэгнэ.

– Та намын даргад нэр дэвших гэж байна. Намын даргад сонгогдвол намаа хэрхэн шинэчлэх вэ? Шинэчлэлийг яаж харж байна?

-АН-ын алдаа, олон түмний итгэлийг алдсан явдал нь эв нэгдэл шүү дээ. Тэгэхээр намын эв нэгдлийг буцаагаад бий болгох хэрэгтэй. Тэгэхийн тулд намын гишүүдийн оролцоотой асуудлыг шийддэг болох ёстой. Өнөөдрийг хүртэл намын дарга нар дураараа авирлалаа шүү дээ. Өөрөө мэдэж шийддэг. Цөөхүүлээ суугаад шийддэг. Цөөхүүлээ суугаад шийдэхийн тулд фракциуд байгууллагддаг. Би бол фракцийг зөвшөөрөхгүй. Намынхаа хурлаар зөвшөөрөгдөөд тодорхой асуудал дээр хэсэг бүлэг болоод ажиллахыг бол хориглохгүй. Харин албан тушаалын төлөө зохион байгуулалтанд орж фракцлахыг зөвшөөрөхгүй. Нийт намын гишүүдээр асуудлаа шийдүүлдэг, нэгдсэн нам болгож чадна гэж итгэж байгаа. Үүгээрээ нэлээн нээлттэй нам болно. Хоёрдугаарт бид хариуцлагатай нам болж чадна гэж ойлгож байгаа. Намын хурал нь байнга хуралддаг. Гишүүдээ сонсдог болох ёстой. Өнөөдөр улс төр гэхээр л телевизээр яриад болчихлоо гэж үздэг. Яг үнэндээ бол ард түмэн телевиз тэр бүр үзэх зав байхгүй. Иргэд дээрээ очиж ажилладаг, намынхаа үйл ажиллагааг танилцуулдаг менежмент алга байлаа. Тийм учраас хүмүүстэйгээ ажилладаг, иргэний бүлэг, сонирхлын бүлэгтэйгээ ажилладаг шинэ менежментийн системийг нэвтрүүлнэ. Олон түмэн сонгогчидтойгоо ажилладаг нам болно.

Бас нэг чухал зүйл бол намынхаа үзэл санааг олон түмэнд хүргэх хэрэгтэй байна. Ардчиллын үнэт зүйлээ хүргэх хэрэгцээ бий. Жишээлбэл эрх чөлөө. Эрх чөлөө гэж юу юм бэ, яагаад чухал вэ. Тэр бүр байнга олддог эд мөн үү, биш үү. Хэрвээ эрх чөлөөг эрхэмлэдэг улс төрийн хүчин юм бол яг ямар бодлого хэрэгжүүлэх юм. Тэр бодлогод эрх чөлөөний асуудлыг хэрхэн тусгах юм. Нэг цэгт төвлөрсөн үзэл бодол тээгчдийн нам болгож чадна гэж бодож байгаа. Албан тушаал дээр биш үзэл бодол дээрээ нэгдсэн нам болох ёстой. Энэ үзэл баримтлал нь төрийн бодлого үйл хэргээр илэрдэг. АН эрх барьж байгаа үед хяналт шалгалт эрс цөөрдөг, төрийн дарамт алга болдог. Энэ болгоноор үзэл бодол байна уу байхгүй юу гэдэг нь мэдэгдэх байхгүй юу.

Тиймээс намаа нээлттэй, нэгдмэл, хариуцлагатай, оролцоотой, гишүүдтэйгээ ажилладаг, үзэл бодол тээгч нам болгож чадна гэж бодож байгаа. Ер нь сүүлийн 26 жилийн Монгол Улсын түүхийг АН бичлээ. Энэ эрх чөлөөний тухай түүх цаашаа сайн сайхнаар үргэлжлэх ёстой. Бид эрх чөлөөг ард түмэнд өгье гэж байхад анх ямар үзэл санааг  ард түмэнд түгээж байсан. Түүнийгээ одоо сэргээж дахин түгээх ёстой. Төрийн үйл хэрэгт энэ эрх чөлөөний үзэл яагаад алга болсныг үнэн мөнөөр нь хэлэх хэрэгтэй. Тэр үзэл санааг түгээх нам болгох хэрэгтэй. Итгэл үнэмшилээрээ намын төлөө үнэ хөлсгүй зүтгэдэг байсан тэр хүмүүс хаачив. Тэр хүмүүс утга учиртай намын төлөө зүтгэж байсан. Одоо гэтэл материаллаг харилцаан дээр улс төрийн намын үйл хэрэг явдаг болсон байна. Сонгуулийн өмнө албан тушаалын наймаа яаж явдаг нь 60 тэрбумын бичлэгээс харагдлаа шүү дээ. Энэ бол буруу хандлагын туйл болж байна. Гэмт хэргийн шинжтэй болж байна.

-Намын гишүүн гэмт хэрэгт холбогдсон, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүнийг АН хэрхэх вэ?

-Ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдсон хүнийг улс төрийн албан тушаалд тодорхой хугацаагаар томилдоггүй байх шийдэлд хүрсэн юм. Ер нь хүний нөөцийн бичиг баримтыг боловсруулна. Гэнэт арын хаалгаар албан тушаалд очдогүй байх ёстой. Гэнэт л ороод ирсэн хүмүүс чинь ямар ч үзэл бодолгүй хүмүүс байдаг. Намын доод шатны байгууллагаас орж ирсэн хүмүүс чинь намын үзэл баримтлал,асуудалд арай өөр ханддаг. Тэд олон түмний эрх ашгийн төлөө шүү гэдгээ мэддэг хүмүүс байхгүй юу.

Гэнэт орж ирсэн хүн бол дарга болоод, нүүрээ хувиргаад, дундаас нь яаж ашиг хонжоо харах уу гээд ажил удаагаад, гацаагаад л эхлэнэ шүү дээ. Янз бүрийн авлигын хэрэгт холбогдож буй хүмүүс мэдээж эхлээд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Тэрний дараа АН ямар нэгэн улс төрийн албан тушаалд томилохгүй байх ёстой. Хэрэг нь хуучирсан ч гэсэн. Түүнээс гадна АН-ын даргын албан тушаал хашиж байсан хүн намаа сонгуульд ялагдал хүлээлгэсэн тохиолдолд намын удирдах албан тушаалд гардаггүй байх дүрэмтэй нам болгохыг зорьж байгаа.

-АН фракцгүй нам болно гэж ярьж байгаа. Үнэхээр тийм болж чадах болов уу?

-Амархан шүү дээ. Хурал байнга хийгээд байхад фракцийн хэрэг гарахаа болино. Хүний нөөцийн зөв бодлоготой болвол фракцгүй болно. Байнгын хороодтой болоод ажиллавал фракцийн хэрэггүй болчихно. Ер нь фракцийг найзуудын цугларалт гэж эндүүрээд байгаа юм. Тэр бол албан тушаалаас хасагдахгүй байхын тулд намын даргатай тохиролцоонд хүрэх гэж байгаа л нэг хэлбэр шүү дээ. Яагаад гэхээр намын даргыг хэдхэн хүн тойрон хүрээлчихдэг. Хэдхэн дарга юмаа яриад шийдчихдэг. Нэг хэсгийг нь хасах гээд байдаг байхгүй юу. Нүд үзүүрлэдэг. Гадуурхдаг. Дээрэлхдэг. Тэгэхээр намдаа гадуурхагдахгүйн тулд хүмүүс фракц байгуулаад байгаа юм.

Хэн их ажил хийсэн тэр хүн амжилтанд хүрдэг болно. Ажлын чадвараар нь амжилт дагадаг байхад фракцид хэн очиж наалдах вэ дээ. Ер нь залуучууд улс төрд идэвхтэй явъя гэж байгаа  бол явж үүрийн дарга хий. Тэндээс л юм эхлэнэ.

-Үзэл баримтлал, зарчим нь тодорхой болохоор фракцгүй болно гэсэн үг үү?

-Зарчим нь тодорхой, нийтээрээ хэлэлцүүлдэг. Бүгдээрээ хэлэлцдэг. Хэн юу хийж байгаа нь тодорхой харагддаг байвал фракцийн хэрэг байхгүй. Одоо болохоор намын даргадаа итгэхгүй байна. Тийм учраас л фракцийн тоо нэмэгдээд байгаа байхгүй юу. Жишээлбэл МҮАН, МоАХ, МҮДН, Соцдк нэгдээд нам байгуулагдаад, тэгээд фракц байгуулагдсан гэж байгаа юм. Яагаад гэхээр нэгэндээ итгэхгүй болохоор ямар ч байсан эрх ашигаа хамгаалахын тулд хоорондоо ойрхон байя гэдэг ярианаас эхэлсэн.

Би гэхэд л 2008 онд “Нэг ардчилал” клубыг байгуулсан шалтгаан энэ. Ардын намын буланд АН яваад орчихсон шүү дээ. Тэгэхээр нь үзэл бодолдоо үнэн ч байх нь чухал юм байна аа. Ардын нам ялчихаад байхад нь Засгийн газар луу нь гүйж орж байгаа нь буруу. Энэ бол үзэл бодлоосоо урвасан зүйл. Үзэл бодолдоо үнэнч байя гэдэг уриатай байгуулсан. Мөн цаад санаа нь залуучуудаа гадуурхуулахгүйн төлөө, залуучуудаа их хуралд өрсөлдүүлэхийн төлөө, хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө фракц байгуулсан.Тогтмол үйл ажиллагаагүй улс төрийн намд залуучууд өөрийнхөө оролцоогоор намын даргадаа өөрийгөө ойлгуулна гэдэг хэцүү шүү дээ. Гэхдээ бид өөрсдийгөө зөвшөөрүүлж чадсан.

-Намын дарга болсон хүн Ерөнхийлөгчид нэр дэвших үү. Намын дарга болсон хүн ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдэг ч юм уу яриа байсан л даа?

-Тэрийг одоохондоо заагласан юм алга. Намын дарга боллоо гээд Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй гэдэг юм байхгүй байх. Нээлттэй шүү дээ. Намын дарга болоод ерөнхийлөгчид өрсөлдөж болно. Над шиг нас нь хүрэхгүй хүн Ерөнхийлөгчөө гаргаж ирэхийн төлөө ажиллана. Тэгэхээр намын дарга болсон хүнээ “Битгий ерөнхийлөгч болоорой” гээд сууж байж болохгүй.

-Засгийн газрын ажилд та хэр дүн тавьж байна?

-Хөөрхий ажиллаж л байна. Хойшоо хараад байна шүү дээ. Урагшаа харж ажиллах хэрэгтэй. Баг нь муу юм аа. Үнэхээр гологдож байна. Сайн баг гэдэг чинь урагшаа хараад юмыг бүтээдэг байхгүй юу. Хөгжлийн философи нь алга. Бид энэ хүмүүсийг тал талаасаа сайн ажиллаасай л гэж хүсч байгаа. 2020 он гэхэд өнгөтэй, өөдтэй эдийн засагтай байгаасай гэж хүсч байна. Яаралтай хийх ажил бол төсвийн алдагдлыг байхгүй болгох хэрэгтэй. Энийг зоригтой хийчихвэл цаашаа явчихна. Үүнийг зоригтой хийж чадахгүй бол явахгүй. Мэргэшсэн төрийн албан хаагч нараа халдаг бол хамгийн буруу юм. Мэргэшсэн албан хаагчид ажлын хүндийг авч гардаг байхгүй юу. Эдийн засаг хүнд байна гээд орилж байгаа мөртлөө яг тэр бодлого гаргадаг яам, тамгын газрын мэргэшсэн хүмүүсээ яагаад халаад байгаа юм. Шинэ хүн чинь ажилдаа дасах гэж удна шүү дээ. Нам бол хүнийг ажилтай болгодог байгууллага гээд ойлгочихсон байна. Мэдээж халгиж цалгиж байгаа үед бол хамаа алга, тэртээ тэргүй ард түмэн болдог л юм.  Төсвийн алдагдал чинь хүмүүсийн нуруун дээр ачаа болж ирээд байна. Төсөв алдагдалгүй болчихвол хүмүүсийн нуруун дээрх ачаа хөнгөрөөд явчихна шүү дээ.

Т.Амараа 

zindaa.mn

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …