Өнөөдөр Монгол Улсад барилга, зам, гүүр, уул уурхайн салбар өргөжин хөгжихийн зэрэгцээ олон улсын түвшинд хүрсэн итгэмжлэгдсэн лабораториуд олноор бий болж байгаа. Эдгээр лабораториудын ашиглаж буй хэмжих хэрэгслүүдийг шалгалт тохируулга, баталгаажуулалтад бүрэн хамруулж чадахгүй байгаагаас улс орны аюулгүй байдал, зам барилгын чанарт бүрэн хяналт тавьж чадахгүй байна.
Хүч, хатуулгын хэмжлийн салбарт ойролцоогоор 500 гаруй хэмжих хэрэгсэл ашиглаж байгаа ба эдгээр нь барилга, зам гүүр, уул уурхайн бүтээн байгуулалтанд шууд хамааралтай.
“Барилгын материалд сорилт туршилт хийх гидравлик пресс шалгах арга хэрэгсэл” MNS3.019- 81 стандартад заасан аргачиллын дагуу шалгахад одоо ашиглаж байгаа ажлын эталоноор 40% ийг шалгаж чадахгүй байгаа юм. Ажлын эталоны хангалт ихээхэн дутагдалтай байна. Иймд манай улсад ашиглагдаж буй хүчний машин, хатуулгын багажуудыг стандартын дагуу шалгаж олон улсын жишигт нийцүүлэн баталгаажуулах, шалгалт тохируулгад хамруулах ажлын эталон динамометрийг бий болгох шаардлагатай.
Түүнчлэн хүч, хатуулгын хэмжлийн эталон тоног төхөөрөмжийн хангалт хүрэлцээгүй, хуучирч шаардлага хангахгүй болсон, хатуулаг тодорхойлох багаж, таталт, сунгалтын пресс шалгах ажлын эталон байхгүйн улмаас эрдэм шинжилгээ, барилга, зам гүүр туршилтанд ашиглаж буй хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг баталгаажуулах боломжгүй болж, хэмжлийн нэгдмэл байдал алдагдаж байна. Шалгалт тохируулгад хамрагдаагүй хэмжих хэрэгслийг ашиглан барилгын материал бэлтгэж, орон сууц барьж байгаа нь барилгын бат бэх байдал алдагдах үүний улмаас иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдлийг үүсгэж байгаа. Мөн шалгалт тохируулгад хамрагдаагүй хэмжих хэрэгслийг ашиглан автозам барьж байгаа нь шинээр тавьсан өндөр өртөгтэй автозамын чанарт сөргөөр нөлөөлж амархан эвдрэх, хуурч хагарах зэрэг зөрчил үүсдэг.
- Мөн Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд:
- *Дахин төлөвлөлт буюу гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах төсөл.
- *Жижиг, дунд үйлдвэрлэл дэмжих төсөл.
- *Орон нутгуудыг хатуу хучилттай замаар холбох төсөл.
гэх мэт үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд СХЗГ нь ихээхэн үүрэг гүйцэтгэх билээ. Үүний тулд дээрх төсөл, хөтөлбөрүүдэд ашиглаж байгаа ажлын пресс, маршал пресс, CBR гэх мэт олон тоног төхөөрөмжүүдийг шалгалт тохируулгад хамруулахад эталоны баазыг шинэчлэн бүрдүүлж, хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулгын ажлыг тогтоосон стандарт, олон улсын зөвлөмжийн дагуу гүйцэтгэх хэрэгтэй байна.
Тиймээс энэ асуудлаар Монгол улсын Шадар сайд БНХАУ-ын Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад хандан хүсэлт гаргасан юм. Ингээд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр ХХШБГ-ын Шалгалт тохируулгын албаны “Механик, хүч хатуулгын хэмжлийн лаборатори”-ийн чадавхийг дээшлүүлэн барилгын хавтан, цементний марк, асфальтны даац тодорхойлох хүчний машин шалгах 200 т, 60 т, 5 т даацтай динамометрүүд, барилгын бэлдэцний бат бэхийг шалгадаг шмидтийн алх шалгах 80 мпа эталон, төхөөрөмж худалдан авч, СХЗГ-ын 2-р байранд нийт 31,2 м2 талбайтай лаборатори шинээр байгуулж тохижууллаа. Ингэснээр Монгол улсын барилга, автозамын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа хүчний хэмжих хэрэгслүүдийг шалгалт тохируулгад хамруулах эталоны бааз бүрдэж байна.