Энэтхэгийн сонинууд Далай ламын айлчлалын дараа Монгол Улсад БНХАУ-аас хориг тавьсан гэж тодорхойлжээ. Тэгээд саяхан Ерөнхийлөгч нь Далай ламтай уулзчихав. Хятадууд ахиад л хэнгэрэг цангаа балбаж, эсэргүүцлээ илэрхийлэв. Манайх “шашны л асуудал хэлэлцсэн!” гэсэн бол Энэтхэгийн тал “Нобелийн шагналтан шүү дээ!” гэж хариу барьжээ.
Нас сүүдэр 81-ийг зооглож буй Далай лам дараагийн дүрээ хаанаас тодруулах нь дэлхийн асуудал болжээ. Уг нь бол дахин төрөл авах тухайд шарын шашныхан л сүйд болдгоос бусад шашин сурталд хамаагүй мэт авч Далай ламын “доншуучлал”, Хятадын албан ёсны эсэргүүцэл хоёр ламаизмын энэ ёсыг бараг л үнэмлэхүй үнэн болгож орхижээ. Одоо дэлхий дахиний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ямар шашинтайгаасаа үл хамаарч дараагийн дүрийг тодруулахад хувь нэмрээ оруулах үүрэгтэй боллоо, бүр “Ал Жазира” хүртэл шүү. Харин тэд шарын шашин гурван тэргүүнтэйг тэр бүр мэддэггүй…
“Чандмань мэт гурвал”
Түмэдийн Алтан хан Лхасын “Драйпунг” (монголчууд Бэрээвэн гэдэг) хийдийн хамбад “Далай” цол өргөж, хариу цол шаардан авч “бартер” хийж байхдаа хагас мянган жилийн дараа эцэг өвгөдийнхөө ч эзэлж чадаагүй “Далайн чанадад” хүрсэн цол болох юм гэж зүүдлээ ч үгүй биз. Гэхдээ чухам тэгэхэд л шарын шашныг монгол төвд хоёр хамтран цэцэглүүлэх болсон билээ. Тэр цагт монголчууд шарын шажныг дэмжээгүй бол өнөөдөр Төвдийн буддизм ямар байхыг хэн мэдлээ. Гэхдээ Төвдүүд ч цагаан цайлган улс биш тул Далай цол авсан ламтан өөрийн цолыг өмнөх хамбо нь эзэмших эрхтэй болохыг батлажээ. Ингээд монгол төвд хоёр далай ламыг дугаарлахдаа заримдаа нэгээр зөрүүлдэг ёс гарчээ. Тавдугаар Далай лам Бэрээвэн хийдээс Потала (монголчууд будалин гэдэг) ордонд дэвшин суусан нь төр-шажныг хослон баригч болсны нь шинж юм. Өнөөдөр Лхаст очвол Бэрээвэн хийд ба Поталад зэрэг мөргөл хийх учиртай. Учир нь I-IV Далай ламын чандар Бэрээвэн хийдэд, V-XIII Далай ламын чандар Будалин ордонд буй. Харин Хятадын аялал жуулчлалын компаниуд хөтөлбөртөө энэ хоёрыг зэрэг үзүүлдэггүй юм шиг санагдсан.
Лигдэн хаан баруун зүгт тэмцсэн будлианаар шарын шашныг монголчууд өөрсдөө нэгэнтээ хөнтөрчихөнгөө алдсан ч Хошуудын Төрбайх аварсан. Аварсан чигтээ аюултай нөхцөлд байнга сахин хамгаалахын тулд аймаг улсаа авчран “энхийг сахиулагч хүчин” болон гурван үе суужээ. Тэр цагт Будалин Далай ламын ордон байсан уу? Хошуудын ханлигийн ордон байсан уу? гэдгийг ялгахад бэрх ээ. Гүүш хан зөвхөн Хөх нуур, Амдо (манайхан Андуу гэдэг) төдийгүй Их Төвдийг бүхэлд нь хянахыг оролдож, дээд Төвдийн Дашлхүмбэ хийдийн хамбыг “Банчин эрдэнэ” хэмээн өргөмжилж, өөрийн төлөөний сайд болгожээ. Ингэж Соронзонгомбоос хойш Их Төвдийг Чингис хаан дүү Хасарын угсааныхан нэгтгэж өгчээ. Ингэхдээ монгол ёсоор Төвдийг хоёр гарт хувааж нэгийг Далай лам, нөгөөг Банчин богд захиран шийтгэж, нэгэн төрд зангидах болжээ.
Галданцэрэгийн үед Зүүнгарынхан өөрсдөө хэтэрхий бие даахыг оролдсон Хошуудын ханлигийг унагав. Монголыг шашнаар нэгтгэхийг оролдон бүхүй цагт Галдан шашинд тэрслэн хаан болсон тул Халхын Жавзандамба хутагт аргагүй тодорчээ. Харин Галдангийн шавилж байсан хийд ахиж монгол хүнээр хамбо тавихгүй гэх тангараг өргөсөн гэх домгийг ноднин төвдөд сонслоо. Нэг ба хоёрдугаар хутагтын үйлдэл эрс тэс байсан, тиймээс Манзширын хувилгаан гэгддэг Манжийн хаан хоёрдугаар богдыг хорлон алаад (нэгийг ч бас хөнөөсөн гэдэг) гуравдугаар богдоос эхлэн Төвдөөс тодруулахыг зарлигджээ. Ойрадуудыг хядан сөнөөсөн тул ахиж сэхсэнгүй, төр шажны тэргүүн булаацалдахгүй болжээ.
XX зууны эх гэхэд шарын шажны оройн дээдэд очир чандмань мэт гурван тэргүүнтэй болсон байв. Далай лам, Банчин эрдэнэ, Жавзандамба хутагт. Монголд залагдан ирсэн хутагтууд сүрхий наслаж байсангүй, олонх залуугаараа жанч халж байв. Манж нар Монголчуудын дунд удсан хутагт монголчуудтай нийлж тусгаарлана хэмээн сэжиглэж байж, тэр ёсоор ч болж VIII Богд Жавзандамба хутагт аятай цаг таарсан тул Манжийг унахад Монголыг тусгаарлажээ. Хэдий XIII Далай лам “Жавзандамбын пэрэнлэй их аж, би их сүрдлээ” гэж байсан ч хутагт бүх монголыг тусгаарлаж чадсангүй, гэвч тэр хаан ширээнд суумагцаа Ховдыг чөлөөлөх аян дайнд цэргээ илгээсэн нь Халх-Ойрдын буюу дөчин дөрөв хоёрын үлдлийг бүгдийг цуглуулах хүсэлтэйнх мэт. Үүгээрээ хутагт зөвхөн Халхын төдийгүй нийт монголчуудын “номын хаан” алдраа бататгажээ.
Гэвч хаанд нэг эрх дутуу байв, түүний орыг төрсөн хүү нь залгамжилж болохгүй. Гагцхүү дараагийн дүр л залгамжлах учиртай байв. Манж нар үүнийг гярхай ажигласан бололтой байдаг, нэг, хоёрдугаар Жавзандамба хутагт Чингис хааны угсааныхан бөгөөд энэ угсаа дотроос залгамжилдаг ёс тогтвол Умард Монголыг удаан тогтоож чадахгүйд хүрэхийг хоёрдугаар хутагт нотлосон байв. Тиймээс Төвдөөс тодруулдаг ёсыг хүчээр тулгажээ. Үүний дараа формацийн онол ёсоор хар шар феодалуудын дунд эвлэршгүй зөрчил бий болжээ. Энэ зөрчлөөр Монголчуудыг тогтоож байсан ба ноёдын эзэмшил нутаг, хамжлагаас тасдан шавь хэмээхийг байгуулсан нь Монгол ирээдүйн Төвд маягийн улс болох учиртай байв. Ингээд нутаг бэлчээр, хамжлагын маргаан тасрахаа больж, Бээжинд хахууль цутган заргалдах маягаар тамираа барж явжээ. Басхүү монгол цагаан ясь язгууртнууд хутагттай ураг барилдахгүйг хичээж, “цагаан дар” болгож өгсөн хүүхэн нь жонон ван Цогбадрахын хатны “аягач” байв… Заавал “Цагаан дарь” болгодгийн учир нь “ногоон дарь” бол Соронзонгомбо хааны Тан гүрнээс буулгасан хатан байв.
VIII Жавзандамба Хутагт яг Монгол ёсоор Юань Шикайд захидал илгээж “Манжтай байгуулсан гэрээ ёсоор танайхыг хамгаалах цэрэг илгээх үү?” гэж асуугаад татгалзсан хариу авмагцаа “Тэгвэл бид нэгэнт Манжтай байгуулсан хамгаалах үүргээс чөлөөлөгдсөн тул монгол, хятад хоёр үндэстэн эв найртай хоёр улс болсугай” гээд Юань Шикайг БНУ-аа зарлахаас нэг өдрийн өмнө тусгаарлаж байгаагаа зарлаж, хааныг залах ёслолыг хийжээ. Одоогийн нөхцөлд бид энэ баярт бүр их ач холбогдол өгөх ёстой мэт.
Харин коминтерн асуудлыг маш хялбархан бөгөөд огцом шийдсэн нь хар шар феодал ялгалгүй ангийн нь хувьд сөнөөж, хутагтыг тодруулахыг албан ёсоор хорьжээ. Ингээд дараагийн хутагт “төрөхгүй” болов, харин VIII Богдыг 1924 оны хавар хордуулж нөгчөөгөөд намар нь Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улс хэмээн зарлажээ. Монголд шажин доройтов. Шажин хоёр тэргүүнтэй болжээ.
Шинэ гурвал
Далай лам өтөлж хөгшрөөд дүрвэгсдийн (өнөөгийн нөхцөлд орогнолын бус ингэж хэлэх ёстой байх) Засгийн газрын хэргээ Ерөнхий сайд гэгчдээ үлдээгээд өөрөө шажны тэргүүн болсноо хэдэн жилийн өмнө зарласан. Гэвч түүнээс Төвдийн тэргүүний их ачаа яахин салах. Хүчирхэгжин буй Хятад түүнийг болж өгвөл хөдөлгөхгүй байхыг хичээвч бие тэнхлүүн ухаан саруул гэгээнтэн шашин номын аялал, хүндэтгэлд байнга оролцоно. Тэр бүр Хятадууд мэдэгдэл гаргана. Бараг пингвинтэй хамт зургаа авахуулбал пингвинчүүдэд зориулж мэдэгдэл гаргах улс.
Өмнөд хөрштэйгээ харилцаа хүйтэн байхдаа БНМАУ-аас XIV Далай ламыг урьж байв. Цаадуулыгаа шашинтай хэрхэн тэмцэж байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа учраас баалах гэж тэр. Гэхдээ өөрсдөө шашингүйн үзэлт коммунистууд учраас бас зайгаа барих ёстой учраас нам-засаг хөндийдүү явж ирсэн. Тийм ч учраас XX зууны Далай ламын айлчлалууд, хэрэв тэднийг “нэг хүн” гэвэл 1904 оныхоос бусад нь цэвэр шашны (соёлын) агуулгатай байсан юм.
Ер нь Бээжин зүгт XIII Далай ламын нууц айлчлалаас хойш иймэрхүү зүйлээс ухаан алддаг болчихсон, хэрэв Хүрлэг бээс саад хийгээгүй бол XIII Далай лам Агваан хамбыг дагаад Петрбург ч орчихож мэдэхээр байсан юм. Тэгэхэд Буриад-Халимгууд Оросын хатан хааныг хэдийнээ буддын шажны “цагаан дарь” өргөмжилчихөөд байсан юм.
И.В.Сталин, “Чөлөөлөх дайн”-ы үр дүнгээр Монголыг хүлээн зөвшөөрсөн БНХАУ Далай ламыг одоо ч Монгол руу гүймхий болчих вий гэж болгоомжилдог нь эртний сургамжтай. Хэдий өөр үндэстэн боловч шашны нийтлэгээр, Хөлөнбуйраас Хөх нуур, Шинжаан, Төвдийг хамарсан нутагт ямар нэг хэмжээгээр нөлөөлөх боломжтой учраас үүнийг ямагт болгоомжлон харж иржээ.
Манай Ерөнхий сайд Д.Бямбасүрэн БНХАУ-ын дарга Ли Пэнтэй уулзахдаа “Ирэх жил Далай лам ирэх юм шиг байна, шашин соёл сэргэж байгаа үед бид хүлээн авахгүй гэж татгалзах аргагүй юм. Гэхдээ Та бүхэн нэг л зүйлд огт эргэлзэхгүй байх хэрэгтэй шүү. Бид хэзээ ч улстөрийн асуудал ярихгүй, ярьж ч байгаагүй, цаашид ч ярихгүй” гэж хэлж байснаа дурсаж байна. Тэр удаагийнх тэгсгээд гайгүй өнгөрчээ. Үнэндээ бол Хятадын тал хий хоосон хардах хэрэггүй л дээ, олонтаа нотлогдсон үйлдлийг.
Эртний соёлт Хятадын өнө удаан жилийн түүхэнд төр улсууд нь өмнө зүгээс аюулд учирч байсан удаагүй, үргэлж умраас учирч байжээ, умард хил амгалан бол Дундад амгалан гэдэг бол хууль. Тиймээс бид бас үүнийг нь харгалзан үзэх учиртай, тийм ч учраас XIV Далай ламын айлчлалууд хэзээ ч улстөрийн шалтгаантай байгаагүйг хангалттай нотолсоор ирсэн. Гагцхүү төр доройтож, улс буурахын хэрээр өмнөд хөрш уламжлалт айдсаасаа болж Далай ламын айлчлалд энэ удаад улам хатуурхсан нь Монголчуудад таатай санагдахгүй нь лавтай.
Энэ удаагийнх бол Далай лам хэдий хүнд хориг саад байвч ирэхээс аргагүй байсан биз. Шарын шашны гурван тэргүүний нэг нь Хятадаас тодорч бараг хүлээн зөвшөөрөгдөж байгаа ба Далай лам өөрөө нас өндөр болсон тул нэгэн өдөр жанч халбал бүхий л шажны эрх мэдэл Хятадын гарт орох нөхцөл бүрдчихээд байна. Тиймд Халхын X Богдыг тодруулахад оролцох ёстой. Энэ бол Төвдийн асуудал гэхээсээ илүү цорын ганц хүлээн зөвшөөрөгдсөн шажны тэргүүний хувьд, бүр лам хүний хувьд зайлшгүй хийх ёстой ажил, үүрэг нь юм.
Харин X Богд нэгэнт тодорсны дараа хэрхэх нь цэвэр манай шажны (төрийн биш шүү) асуудал юм. Өмнөх дүрийн Богд Монголд ирж өөд болсон ба дараагийн дүр нь Монголд төрөх учиртай тул тийн үйлдсэн гэжээ. Үнэндээ хоёр жилийн өмнөөс л манайд даншиг хийгээд эхэлсэн нь Х Богд тодрохын шинж байсан юм. Хүүхдийг тодруулах нарийн ёс жаяг бий, жишээ нь өмнөх дүр жанч халснаас 3 жилийн дараа дараагийн дүр тодордог гэлцэх юм билээ.
Олон хүүхэд шинжиж эцэстээ нэг нь хутагтаар тодрох учиртай, түүнийг Далай лам адиславал шажны ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн хэрэг. Чухам ийм үйл хийгээд яг буцахдаа Далай лам Халхын X Богд Жавзандамба хутагтыг тодруулснаа зарлаад “баяртай” буцсан бөлгөө… “Нэг ламын л айлчлал”, Далай цолтой л болохоос номын ёсоор бол “нэгэн эрдэмт блама” бөлгөө. Далай лам Монголд айчлах АНУ-д айлчлах угтаа бол их өөр. Монгол бол буддизмын Далай ламын урсгалыг тэтгэж цэцэглүүлсэн, өөрсдөө ч бараг дангаар шүтэж байгаа ардчилсан улс. Зарим талаар шарын шашны төвийг булаацалддаг. Төвдөд шашин доройтвол монгол гарцаагүй төв нь болно.
Өнөөдөр шарын шажин эртний ёсоор гурван тэргүүнтэй болсон байна. Гэгээнээр тунгаавал Монголчууд шажныхаа тэргүүнийг тодруулсан аваас Хятадын төр засаг ба Далай ламын хоорондох улстөрийн зөрөлдөөнөөс холдож амар амгалан суухын эхлэл мэт…
Харин үүнд өмнөд хөрш баярлах ёстой бус уу? Ердөө л энэ юм.
Хятадын хориг
Далай ламыг ирэх бүрийд Хятадууд ямар нэг хориг бодож олдог. Эхний удаад хилийн боомтоо амрааж байсан бол дараагийн удаад Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийг хааж байв, харин энэ удаад эдийн засаг нь хүндэрсэн Монголчуудын хүссэн зээлийг өгөхгүй хойшлуулж, үүнтэй холбоотой аливаа уулзалтуудыг цуцлан “өргөтгөжээ”.
Тэгээд “Глобал таймс” (Төрийн төв хэвлэл “Ренмин рибао” сонины гадаад бодлогын чиглэлийн нөлөө бүхий хэвлэл, англи хэлээр гардаг) сэтгүүлээрээ дамжуулж “Монголын гадаад бодлого гэнэн” байгааг шүүмжилж, засах ямар нэг алхам хийхэд шахжээ.
Харин манай талаас “Засгийн газар уриагүй, цэвэр шашны айлчлал байсан” гээд таг болчихжээ. Үүний дараа хил дээрх монголын экспортод тодорхой босгоор татвар ноогдуулдаг байснаа сэргээжээ. Өвөр Монголын Ардын Засгийн газраас сэргээсэн, хэдий хураамж гэж байгаа авч татвар юм. Гэхдээ Өвөр монголын Засгийн шийдвэрийг Бээжин цуцлах боломжтой. Ингээд байдал хэвэндэ орохыг аль аль тал хүлээгээд байна.
Манай тал зүгээр суухын эрхгүй тул гадаад харилцаагаа идэвхжүүлж гуравдагч хөршүүдтэйгээ идэвхтэй ажиллаж хоригийг суллах гарц хайж эхэллээ. Төсөв хүнд ч дэлхий дахинаар “доншуучилж” мөнгө бадарлаж ингэхдээ Хятадын хоригт орсон хэцүү царай гаргаад байхаа мэдэлгүй яах вэ? Ингэх тусам өмнөд хөршийн олон улс дахь нэр хүндэд сэв суусаар байна. Хэрвээ хүч дутуу бол тулгаран байлдахаас зайлсхийж, бүслэх, ар талыг таслах, хол зугтаж хүчээ сэлбэх, эсрэг этгээдээ ашиггүй байрлалд оруулах, сунжирсан маршаар цуцаах нүүдэлчдийн тулааны тактикийг зөнгөөрөө хэрэгжүүлж байгаа царай нь шүү дээ.
Монголын олон нийт эдийн засагт зайлшгүй хэрэгтэй гэгдэх 4,3 тэрбум долларын зээл хойшилсонд тэгтлээ бачимдсангүй. Харин нь сөрөг эффект ажиглагдсан нь “Хөрш орноос өндөр хүүтэй их хэмжээний зээл авч хараат байдалд лав орох аюулаас Далай багш минь аварлаа” гэлцэн баярлах нь халаг болов. Далай ламыг ад үзэх биш бүр талархах болжээ. Хэдий өөр шашны урсгалууд нэвтэрсэн ч түүнийгээ үл харгалзан үндэстний араншингаараа өнөөх л өмнөд хөршийн хоригийн эсрэг нэгдчихэв. Хэрэв “эрүүл ухаан” гаргагч илэрвэл дор нь нам дарж эхэлснээр олон нийтийн сүлжээнд хүртэл төр засгаа энэ асуудлаар шүүмжлэхээс болгоомжилдог болжээ. Нөгөө чоно чинь хавханд орсон хөлөө тас хазаад мултрах нь, хөөе… Хэдий экспортын урсгалыг нь гацаасан ч Монголчууд Манжуурын хар захаас булган дээл авахаар хошуурсаар… Шадар сайд нь хүртэл тушаал гаргаж адууг хөлөөр нь гаргахыг хориглож л байна. Өмнөд хөрш манай хоёрын худалдааны уламжлалд нэг их юм өөрчлөгдсөн юм уу? Мин, Тангийн үе шиг л гэмээр… Харин ашигт малтмал зөөгчид л жаахан баларч байгаа ч угаас хуулиас гадуур наймаа хийдэг учраас яаж нөхөхөө мэднэ.
Улстөрийн дотоод байдалд ч сүрхий нөлөөлөөгүй, гэхдээ ТТЭНН Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлээсээ “Далай ламыг урьсантай холбоотой” асуудлыг авч хаялаа. МАН-ын ЗГ уламжлалт зузаан харилцаатай ХКН-ын дэмжлэгийг авчих вий гэж болгоомжилж байсан сөрөг хүчний намууд ихээхэн баяртайгаар айлчлалд ач холбогдол өгсөн бөлгөө. Улстөрийн ажиглагчид Ц.Элбэгдорж М.Энхболдыг хийгүй тонгорлоо, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялах нөхцөлгүй боллоо хэмээн дүгнэж байна.
ОХУ-д хориг тавьсан баруунхан амжилт олоогүй, ингэхдээ нэг л зүйлийг ойлгоогүй, бизнес эрхлэгчид ба жирийн иргэд хоригийн улмаас бачимдаж, төр засгаа шүүмжлэн сулруулах болов уу гэтэл Оросууд харин ч нэгдсэн, яг тийм үзэгдэл Монголд давтагджээ. Учир нь хэт хангалуун хэрэглээнд дассан, сэтгэл зүй султай өлбөгөр өрнийнхэн биш ховор хомсод дасаж хатуужсан коммунист сэтгэхүйгээсээ, нөгөө эх оронч үзлээсээ холдоогүй үндэстэн улс юм. Нөгөө талаас Монголын эдийн засгийн нөхцөл байдал их өөр, хэдий банк санхүүгийн систем нь хүндрэлтэй байгаа ч иргэд гар дээрээ бэлэн мөнгөний нөөц ихтэй, системээсээ хамаарах хамаарал багатай “замбараагүй” эдийн засагтай улс билээ. Улсын төсөв санхүү хямарсан ч иргэд нь бие даагаад амьдрах тал дээр илүү чадамжтай хэвээр байгаа юм. Иргэд нээлттэй зорчдог, аль ч улс оронтой худалдаа хийх боломжтой нь манай давуу тал, ёстой л феодалын бутралын үед Мин гүрэн хилээ хаахад баруун зүгийн Цагадайн орнуудтай худалдаа сэргээсэнтэй адил хүчин зүйл үйлчилж, Хятадтай жижиг худалдаа буурсан ч Түрктэй идэвхжих маягтай байна. Барууны хэвлэлүүд яг энэ тал дээр ихээхэн алдсандаа одоо амаа барьж, Монголыг мэддэгүйгээ ойлгож байгаа байх.
Яг энэ үеэр бас л “тэнгэр” харж үзсэн нь Монголтой хатуурхаж байгаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны монгол малчдын хүний эрхийн асуудлаар илтгэлийг НҮБ-д сонссон нь БНХАУ-ыг Далай ламын айлчлалаас дутуугүй сандаргав. НҮБ дахь манай суурин төлөөлөгч өвөрмонголчуудтай уулзах алхам хийж болох байсан ч харин манайхан ухаалаг хандаж өмнөд хөршид хоригоо зөвтгөх шалтаг өгсөнгүй. Үндэс угсаа нэгт ард түмний нэг хэсгийн эрхийг хөсөрдүүлж байгаа нь хоригт орсон Монгол Улсад зөвтгөлийг авчрав. Төвдөд ч, Шинжаанд ч бас иймэрхүү биз? гэсэн асуулт аяндаа гарна. Гэтэл Монгол үндэстэн дурдан буй нутаг дэвсгэрт тархан суудаг билээ.
Далай ламын айлчлалыг эсэргүүцэн хориг тавьсан нь Хятад дахь шашин шүтэх эрхэд эргэлзэхэд хүргэж, тэндэх буддистуудад ч таатай санагдаагүй нь лавтай. Тэр тусмаа Банчин богдыг тодруулсан маргаан намжаагүй үед ялангуяа баруун бүсэд (Хөх нуур, Төвдөд) таагүй яриа дэгдэхэд хүргэсэн нь дамжиггүй. Өнгөрсөн жил Төвдөд аялж явахад Далай ламын нөлөө мэдрэгдэм байсан, тэр талаар тэмдэглэлдээ дурдсан тул товчилъё.
Мөн энэ үеэр эртнээс дотно харилцаатай БНЭУ Ерөнхий сайдынхаа айлчлалын үеэр тохирсон тэрбум ам.долларын зээлээ өгөхөөр болов. Тэртээ Энэтхэг-Хятадын хилийн будлианы үед баримталж байсан манай коммунист удирдагчийн байр суурийн талаарх протокол дэлгэгдсэний дараа Энэтхэгийн Ерөнхийлөгч бас Далай ламтай уулзсан нь БНХАУ Монгол Улстай хэрхсэн, Энэтхэгтэй хэрхэх бол гэсэн асуултыг олон улсад тавив. БНХАУ их гүрний жанжлах байр суурь гаргаж эхлэх гээд байгаа юм биш биз? Уг нь өөрсдөө түүнийг шаргуу эсэргүүцэгч биш бил үү?, гуравдагч орнуудын дундах байр суурьт нь сэв суухгүй юу? Үүгээр БНЭУ санаачлагыг авах юм биш биз?
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп ялсан нь БНХАУ-д тийм ч таатай харагдахгүй байна. Тайвань, өмнөд тэнгис дэх маргаан газар авах шинжтэй боллоо. Нөгөө талаас Д.Трамп В.Путинтэй ойртох сонирхлоо харамгүй илэрхийлж байна. Ингэсэн тохиолдолд алсдаа АНУ-ОХУ-ын ойртолт нь БНХАУ-ыг энэ гурвал дотроо ганцаардах байдал рүү түлхэж болзошгүй гэсэн дүгнэлтүүд цухалзах боллоо. Ийм нөхцөлд эртний хөрш маань Умард хилээ бэхлэх таатай алхам хийх болов уу? гэж анхааран ажиглах цаг ирж байна бус уу?
Монгол бол бодит байдалд жижиг орон, гэхдээ том үндэстэн. Хэдий цөөн ч тархан суусан нутаг дэвсгэр өргөн. Эртний түүхээ үл тооцоход саяхны түүхээрээ Зүүн хойд Ази бүс нутагтаа улс төр, эдийн засгаа идэвхтэй хөгжүүлсэн орон. Япон, Умард Солонгос, АНУ, Өмнөд Солонгостой харилцаагаа өндөр түвшинд хүргэж, хадгалж чадсан улс гэдгийг Хятадын өөрийнх нь шинжээчид анхааруулж, Монголын эсрэг хориг тавих нь тийм ч ашигтай бус гэдгийг сануулсаар байгаа юм.
Манай хоёр орны харилцаа түүхийн 4000 жилийн хугацаанд хамгийн сайн, хамгийн итгэлцсэн, найрсаг түвшинд байгаа. Сүүлийн дөрвөн жилд хоёр орны тэргүүн 10 гаруй удаа нүүр тулан уулзаж, харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцаж санал бодлоо солилцсон, ажил хэрэг болгосон. Наад зах аливаа асуудлыг цаг алдалгүй өндөр түвшинд шийдэх механизм бүрдсэн байна.
Өнөөдөр БНХАУ-ын тал Монгол Улсаас “ямар нэг алхам” хүлээж байна. Үүнийг “Синьхуа” агентлаг уламжилжээ. Тэр алхамыг буулт хийх гэж бид ойлгож, нүүр тулахаас зайлсхийгээд байх шиг. Миний харах нь харилцааг хэвийн болгох алхам нь яг адил төвшинд хариу өгөх тухай л асуудал, жишээ нь “МОНЦАМЭ”-аар дамжуулаад… Бид ойлгож байгаагаа харуулбал бидний ойлгож байгааг өмнөд хөрш ч ойлгоно.
Бид бүх талаараа найрсаг харилцаатай, тайван амгалан оршихыг л хүсдэг улс аа!
Нийтлэлч А.Баатархуяг