Иргэд архивын лавлагаа, үйлчилгээг онлайнаар авах боломжтой болсон талаар 2016 оны 12-р сарын 23-ны өдөр нийслэлийн Архивын газраас мэдээллээ. Төрийн байгууллагуудын архивын баримт бичгийн 95.6 хувийг цахим хэлбэрт шилжүүлжээ. Иймээс албан байгууллага, иргэдэд лавлагаа, үйлчилгээг онлайнаар үзүүлэх боломж бүрдсэн байна.
Тухайлбал, иргэд архивын лавлагаа үйлчилгээг http://lavlagaa.ub.gov.mn/Home/Indexэнэ хаяг рүү орж, хоёр минутад авах боломжтой болсон байна. Мөн тухайн иргэн өөрийн хүсэлтийг ямар шатандаа явж байгааг онлайнаар хянах боломж бүрджээ.
Мөн иргэд архивын үйлчилгээг заавал Архивын газарт очиж авах шаардлагагүй болсон байна. Дүнжингарав, Мишээл, Драгонд байрлах нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс нийслэлийн Архивын газрын 20 төрлийн үйлчилгээг авч болох аж. Ямар нэг харьяалал харгалзахгүйгээр дээрх гурван салбарын аль нэгээс авч болох юм байна. Иргэдийн хувьд ихэвчлэн ажилласан жил тогтоолгох, мөн цалингийн лавлагааг авдаг гэлээ.
Дээрх төвөөр үйлчлүүлсэн тохиолдолд иргэдийн хүсэлтийг 1-59 минутад шийдвэрлэж өгөх юм. Мөн 35 хувийг нь ажлын найман цагт шийдвэрлэж өгч байгаа хэмээн тайлбарлалаа.
Иргэд нийслэлийн архивын лавлагаа, үйлчилгээг http://lavlagaa.ub.gov.mn/Home/Index эндээс онлайнаар авч, асуудлаа шийдвэрлүүлж болох юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.