Цагаан алт ба Ц.Нямдорж

Монгол Улсын өмнөд хилийн манаа, Дорноговь аймгийн Хатан-булаг сумын нутаг дахь Сулинхээрийн отрядыг өнгөрсөн аравдугаар сард сумын төв рүү нүүлгэн шилжүүлсэн. Ингэхийн тулд улсын төсвөөс хоёр тэрбум 100 сая төгрөг гаргажээ.
Энэ тухай өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүн Ё.Баатарбилэг “Сулинхээрийн отряд оршиж байсан газраас цагаан алтны орд олдсон учраас нүүлгэн шилжүүлсэн гэсэн тодорхой асуудал ч яригдсан.
Эдийн засгийн хямралтай энэ үед 2.1 тэрбум төгрөгөөр Сулинхээрийн отрядыг нүүлгэн шилжүүлсэн нь ямар учиртай юм бэ” гэж асуун, цагаан алтны чимээг Монголын ард түмэнд тодорхой болгож өгөв. Харин энэ талаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Сулинхээрт цагаан алт байдаг тухай анх удаа сонсож байна” хэмээн мэлзэж байх юм. Хамгийн их мэдээлэл дунд байсаар ирсэн, одоо ч байгаа энэ эрхэм Сулинхээрийн отрядыг нүүлгэн шилжүүлэх шалтгаан нь гэмт хэрэг биш, газар дорх баялаг гэдгийг мэдэж л байгаа. Энэ отрядыг нүүлгэхийн тулд Засгийн газар хоёр, УИХ нэг удаа тогтоол гаргаж байхад эрхэм дарга учрыг нь ухах байтугай сонсоо ч үгүй байсан гэнэ ээ.
Энэ эрхэм угаас айхавтар ам бөхтэй. Хүмүүс хийгүй гэж ярьдаг ч үнэндээ хийгээ гаргадаггүй. Танилынхаа эзэнгүй хоосон байранд түрээс төлж амьдардаг, ямар ч бизнесгүй гэж ярьдаг тэрээр “орондоо хууль засаж” хэвтэхдээ өөрийнхөө бүх өөг нуух юмаа хийдэг гэлцдэг. Энэ л үнэнд ойр сонсогдоно. “Баяжъя гэвэл над шиг боломжтой хүн байгаагүй” гэж тэр сэтгүүлчид ярилцдага өгөхдөө хэлсэн. Бас баяжсан түүхээ устгая гэвэл түүн шиг боломжтой хүн Монголд байгаагүй. Юу үнэн гэвэл энэ л үнэн. “Өнгөрсөн 25 жилд над шиг улаан гараараа хуультай ноцолдсон хүн байхгүй” гэж тэр өөрөө “хэргээ хүлээжээ”.
1992 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдсон хоёрхон хүний нэг нь тэр. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар дөрвөн удаа томилогдон ажилласан энэ хүн “1990 оноос хойших ордны бүх хуйвалдааныг мэднэ” гэж тэр өөрөө хэлсэн. Мэдээлэлтэй хүн л эрх мэдэлтэй байдаг, тийм хүнд бүх боломж алган дээр нь байгаа мэт харагддаг учиртай. УИХ-ын даргаар ажиллаж байхдаа тухайн үеийнхээ Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбатыг огцруулах санал гаргаж, А.Батсүхийг оронд нь тавьсан.
Үүнийхээ төлөөсөнд спикерийн зөөлөн суудлаа алдаж байв. Үүнийхээ учрыг “Гандирс” хорооллыг барих мөнгөтэй холбоотой хэмээн өөрөө хэвлэлд ярьсан.
Түүнийг санасандаа хүрч, зүтгүүлсэн хүнээ Төвбанкны ерөнхийлөгч болгох үед нь тус банкнаас уг хороололд хаягласан их хэмжээний мөнгөний баталгааны бичиг илбийн мэт алга болсон гэдэг. Энэ тухайгаа өөрөө “Би 250 сая ам.долларын алдагдлаас 230 саяыг нь хаагаад “шанд” нь УИХ-ын даргын суудлаа өгсөн” гэж тайлбарласан.
Одоо ч түүний алган дээр бүх зүйл тод харагдаж буй. Сангийн яам, Монголбанк, УИХ-ын Тамгын газар гээд түүнд хэрэгтэй “толь” нь бүгд байна. Цагаан алтны сургийг өчигдөр л анх удаа “сонссон” түүнийг дараагийн хуулиа засах зуур нөгөө алтны чимээ ард түмэнд сонсогдох ч үгүй болсон байх биз. Хилийн бүсэд хүн бүр орж чадах биш дээ. Харин тэр бол чадна.
Монголын улстөрчдийг тэр увайгүй гэж цоллодог. Тэднийг хүнээрээ, Монголоороо байлгахын төлөө яагаад “хууль засаж” болоогүй юм бол. Монголын төрийг яагаад тийм хүмүүсээс хамгаалаагүй юм бэ. Сангийн сайд, Төвбанкны ерөнхийлөгч хоёрын увайгүй мэдээллээс болоод өнөөдөр Монгол Улс хэчнээн царай алдаад ч гадаадаас зээл авч чадахгүй, Монгол Улс дефолт зарлах нь хэмээн дэлхийгээр нэг “цоллуулж” байна. Өөрийнх нь хүмүүс ингэж улс орныг уруудуулж байхад тэр юу хийв. Цагаан алтны чимээ чагнаад завгүй явна уу даа.
Б.Отгонсүрэн
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …