-Нийслэлийн 146 000 өрх шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрөөс чөлөөлөгдөнө-
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан эрчим хүчний салбарын өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Эрчим хүчний салбар өнгөрсөн жил хэр өгөөжтэй ажилласан бэ гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье?
-2016 он эрчим хүчний салбарын хувьд өгөөжтэй жил байлаа. Хэрэглэгчдээ эрчим хүчээр найдвартай хангах үндсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлсэн. Салбараараа алдагдлаас гарч, үр ашигтай ажилласан амжилттайгаар шинэ оны ажлаа эхэлж байна. Үр ашигтай ажиллах хэрээр зохих ёсны хөрөнгө оруулалт хийж, техник технологио шинэчиллээ. Эдийн засаг хүнд байсан ч хэрэглэгчдийнхээ нуруун дээр ачаа өгөхгүйгээр, дотоод нөөц бололцоогоо ашиглаж ажилласан нь манай салбарын гол амжилт.
-Ерөнхий сайд агаарын бохирдлыг шийдэх нэг том амлалтыг оны өмнө өгсөн. Гүйцэтгэх засаглалын тэргүүний амласнаар бол энэ сараас иргэдийн шөнийн цахилгааны хэрэглээний төлбөрийг тэглэх учиртай. Энэ шийдвэр хэрэгжих боломжтой юу?
-Боломжтой. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2016 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргалаа. Энэхүү хөнгөлөлтөд нийт 146 000 айл өрх хамрагдаж, оройны 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл цахилгаан эрчим хүчийг үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой болж байгаа. Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг тэглэснээр эрчим хүчний салбарын нуруун дээр нийтдээ 25-27 тэрбум төгрөгийн нэмэгдэл зардал ирэх урьдчилсан тооцоо гарч байна. Энэ бүгдийг Засгийн газартайгаа хамтраад шийдэх боломжтой. Техникийн хувьд ч боломж байгаа. Гол нь цахилгаан эрчим хүч хэрэглэгчид маань өөрсдөө аюулгүй найдвартай ажиллагааг хангасан цахилгаан халаагуур ашиглах шаардлагатай. Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс хэрэглээний огцом өсөлт үүсэх эрсдэлтэй байгаа тул аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлэх үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах үүргийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК–д өгсөн. Нэг зүйлийг онцлоход цахилгааны хэрэглээг тэглэх шийдвэр үйлдвэрлэл явуулах хэрэглээнд хамаарахгүй. Зөвхөн ахуйн хэрэгцээнд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг тэглэнэ.
–Цахилгааны хэрэглээг тэглээд утааг шийдэх боломж байгаа болов уу?
-Цахилгааны үнийг тэглээд агаарын бохирдол, утаа бүрэн арилна гэж бодвол өрөөсгөл ойлголт л доо. Бээжин, Лондон, Сөүл зэрэг дэлхийн томоохон хотууд иргэдээ сууцжуулах, халаалтыг цахилгаан, утаагүй түлш, сэргээгдэх эрчим хүч, хийн түлшээр агаарын бохирдлоо шийдсэн жишээ бий. Ер нь ихэнх улс хийн түлш хэрэглэж байж утаанаас салсан байдаг. Манай улсын хувьд утааны гол шалтгаан бол хатуу түлш буюу нүүрс. Түлшнийхээ төрлийг сольж байж бид утаанаасаа сална. Монгол орны хувьд байгалийн хийгүй учраас нүүрснийхээ метан хийг ашиглаж түлшний асуудлаа шийдэх бүрэн боломж бий. Ер нь утаанаас бүрэн салах цорын ганц зөв гарц бол хийн түлш. Агаарын бохирдлыг бууруулах, утааны асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газар, Эрчим хүчний яам, Байгаль орчны яамнаас багагүй ажил хийж, төлөвлөж байгаа. Тиймээс л Нийслэлийн гэр хорооллын иргэдийн шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлөх шийдвэр гаргаж байгаа.
-Шөнийн цахилгааны хэрэглээг тэглэсэн нь эрчим хүчний түүхэнд байгаагүй хамгийн том хөнгөлөлт. Хэрэглэгчээ дээдэлсэн ийм далайцтай шийдвэр өмнө нь гарч байсан удаагүй санагдаж байна…?
-Тиймээ. Эрчим хүчний салбарын зүгээс хэрэглэгчдэд өгч байгаа хамгийн том боломж бол энэ. Хэрэглэгчээ дээдэлсэн бодлогын хүрээнд гарсан шийдвэр гэж ойлгож болно л доо. Бид эдийн засгийн хүндрэлтэй үед дотоод нөөц бололцоогоо ашиглаж, зардлаа бууруулж, хэмнэлт гаргах замаар ажиллана, 2017 онд цахилгааны үнийг нэмэхгүй гэсэн зарчим барьж байгаа.
-Эрчим хүчний салбар төдийгөөс өдий хүртэл монополь байсаар ирсэн, тэр хэрээрээ хэрэглэгчдээ үл тоосон хандлага гаргадаг гэсэн шүүмжлэл бий. Энэ шүүмжлэлтэй та санал нийлэх үү?
-Санал нэг байна. Гэхдээ манай салбарын ихэнх байгууллага энэ хандлагаа өөрчилсөн. Заримд нь өнөөг хүртэл ийм дутагдал бийг үгүйсгэхгүй. Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний тухай хуулиар хүлээсэн үүргийн нэг нь хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэх. Тиймээс эрчим хүчний байгууллагуудад хандан “Хэрэглэгчээ гомдоовол тусгай зөвшөөрлийг чинь цуцлах хүртэл хатуу хариуцлага тооцно” гэж мэдэгдэж байгаа. Хэрэглэгчийн санал хүсэлтийг авдаг тогтолцоогоо шинэчиллээ. Улаанбаатарын хэмжээнд гэхэд зөвхөн хэрэглэгчийн санал хүсэлтийг сонсох гэж 32 хүн ажиллаж байна. Хэрэглэгчдээс өдөрт 4000 орчим санал хүсэлт ирдэг юм билээ. Санал хүсэлтүүдийг нь багцалж, судлаад хэрэглэгчдэд тулгараад байгаа асуудлыг шийдэхийн төлөө бид эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудтай хамтран ажиллана. Энэ жилээс эхлэн Эрчим хүчний зохицуулах хороонд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг хэлтэс ажиллаж эхэлсэн. Тиймээс санал, гомдолтой иргэд манайд хандах бүрэн боломжтой. Саяхан л гэхэд Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас гомдол ирсэн, манай мэргэжилтнүүд газар дээр нь очиж шалгасан, хэрэглэгчидтэй уулзсан. Хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж байгаа асуудлыг бид судалж, дор дор нь шийдвэрлээд явна. Ер нь байгууллага бүрт наад захын гурван бодлого байх ёстой. Эхнийх нь хүний нөөцийн бодлого. Ажилтнууд нь чадалтай, чадвартай байж байгууллага сайн ажиллана. Хоёр дахь нь техник технологийн бодлого бол гурав дахь нь санхүүгийн менежмент. Хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангахыг эдийн засаг гэдэг. Олсон мөнгөөрөө яаж аятайхан ажиллах вэ гэдгээ нарийн тооцох учиртай. Манай хорооны зүгээс хариуцдаг байгууллагууддаа ийм шаардлага тавьж ажиллана.
-Эрчим хүчний хэмнэлтийн хууль батлагдаж гараад яг нэг жил өнгөрч байна. Эрчим хүчний зохицуулах хороо энэ хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь. Өнгөрсөн хугацаанд ямар ажлууд хийгдсэн бэ?
-Эрчим хүчний зохицуулах хороон дээр Эрчим хүч хэмнэлтийн газар байгуулагдаад ажиллаж байна. Эрчим хүчний менежерүүдийг ШУТИС-тай хамтран бэлтгэж, эхэллээ. Удахгүй эрчим хүчний аудиторуудыг бэлдэнэ. Хуулийн дагуу Засгийн газраар дөрвөн том журам батлуулсан. Энэхүү журмын дагуу Эрчим хүчний үүрэг хүлээсэн хэрэглэгчдийг бүртгэж тодорхойлж, мэдэгдэл хүргүүлээд байна. Олон улсын жишгээр баталсан энэ хууль цаашид бүх хүнд ашиг тусаа өгнө гэдэгт итгэлтэй байгаа.
–Эрчим хүчний үүрэг хүлээсэн байгууллага гэдгээ тодруулаач?
-Эрчим хүчний өндөр хэрэглээтэй байгууллагыг үүрэг хүлээсэн хэрэглэгч гэж тодорхойлж байгаа. Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 294-р тогтоолын дагуу жилд 5 сая кВт.ц -аас дээш эрчим хүч хэрэглэдэг уул уурхайн байгууллага, 2 сая кВт.ц -аас дээш хэрэглээтэй аж ахуй нэгжийг цахилгааны үүрэг хүлээсэн хэрэглэгчээр, 5000 Гкал/жил-ээс дээш дулаан хэрэглэдэг байгууллагыг дулааны үүрэг хүлээсэн хэрэглэгчээр тогтоох босго хэмжээг баталсан. Монгол улсын хэмжээнд 131 аж, ахуйн нэгж эрчим хүч хэмнэх үүрэг хүлээж ажиллана. Энэ аж ахуйн нэгжүүд эрчим хүчээ 15 хувь хэмнэхэд жилдээ 120 тэрбум төгрөгийн ашиг олно гэсэн урьдчилсан тооцоо бий. Энэ байгууллагууд эхлээд эрчим хүчний аудит хийлгэх хэрэгтэй. Хаанаа хэр хэмжээний эрчим хүч алдаад байгаагаа тодорхойлуулж, хэмнэлт хийж чадвал хэмнэсэн мөнгө нь өөрсдөд нь л ашиг болж үлдэнэ. Үүнээс гадна Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан бага хэрэглэдэг, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг шошгожуулах ажлыг энэ онд эхлүүлнэ. Цахилгаан бага хэрэглэдэг гэдэг нь батлагдсан тусгай шошготой бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч авснаар айл өрхүүд ч бас эрчим хүчээ хэмнэх боломж бүрдэх юм.
-Барилгын дулааныг шийдэж чадвал эрчим хүчийг их хэмжээгээр хэмнэх боломжтой. Энэ тал дээр хэр анхаарч байна?
-Эрчим хүчний хэмнэлт барилгын дулаалгатай холбоотой гэдэгтэй санал нэг байна. Эхний ээлжинд хийх учиртай ажлуудын нэг бол барилга байшингаа дулаалах. Одоо байгаа барилгуудад аудит хийлгэх ажил бий. Ер нь цаашдаа барилгуудад стандарт тавигдана. Эрчим хүчний хэмнэлттэй барилга байшин барих асуудал ч бий. Тодруулж хэлэхэд Эрчим хүчний хэмнэлтийн зөвлөл гэж байгуулна. Эрчим хүчний хэмнэлтийн аудитын дагуу төсөл хийхээр барилгаас гадна барилга барих хөрөнгийн асуудал давхар яригдах учраас энэ зөвлөлд эрчим хүчний салбарынхнаас гадна барилга, банкныхан орно. Ингэж ажиллаж байж эрчим хүчний хэмнэлтийг цогцоор нь шийдэж чадна.
-Эрчим хүчний хэмнэлтийн үр дүн хэзээнээс бодитойгоор, мэдэгдэхүйцээр мэдрэгдэж эхлэх бол?
– Эхний үр дүн энэ оны сүүлээр гарна. Хоёроос гурван жилийн дараа хэмнэлтийн үр дүн илүү сайн, илүү томоор мэдрэгдэх байх.
-Эрчим хүчний хэмнэлтийн ашиг тусыг ойлгуулж хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?
-Эрчим хүчний хэмнэлтийг ойлгуулахын тулд үүрэг хүлээсэн байгууллагуудтай түлхүү ажиллана. Мөн нийгэмд хандсан ажлууд хийхээр төлөвлөж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос Худалдаа аж үйлдвэрийн танхим болон Нийслэлийн боловсролын газартай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Хүүхдүүдэд хичээлийн программаар нь дамжуулан эрчим хүчний хэмнэлтийн горимд сургавал ирээдүйд гарах ашиг тус нь их байх болно. Мөн хэрэглэгчиддээ эрчим хүчний үнэ цэнийг ойлгуулах, сурталчилгааны томоохон ажлууд хийхээр төлөвлөж байна.
-Гадны хөрөнгө оруулалтыг татаж техник технологио шинэчлэх боломж танай салбарынханд бий юу. Ер нь эрчим хүчний салбарыг гадаадын хөрөнгө оруулагчид хэр сонирхдог юм бол?
-Нэг үеэ бодоход эрчим хүчний салбар хүндэрлээс гарсан. Гал алдахгүйн тулд гадны зээл тусламжид л найддаг үе бидэнд байсан гэдгийг нуух шаардлагагүй. Харин сүүлийн жилүүдэд салбарын эдийн засаг харьцангуй сайжирч байна, эрх зүйн орчныг бүрдүүлж өгснөөр гадны хөрөнгө оруулагчид Монгол улсын эрчим хүчний салбарыг сонирхож байна. Эрчим хүчний эх үүсвэр барих асуудлыг концессоор ч юм уу эсвэл цэвэр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар шийдэх, техник технологио шинэчлэх боломж бий. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод эрчим хүчний салбар нь хувийн хэвшилд тулгуурласан, төрийн зохицуулалттай, чөлөөт зах зээлд шилжинэ гээд томъёолчихсон. Энэ бол манай салбарын хөгжлийн гол бодлого. Эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлт хангалтын сүлжээ цаашдаа хувьд шилжинэ, 110 кВт-аас дээш дамжуулах сүлжээ л төрийн мэдэлд байх юм. Эрчим хүч ашигтай бизнес учраас гадаад, дотоодын ямар ч хөрөнгө оруулалт энэ салбарт дуртайяа орж ирнэ.
-Эрчим хүчний үнэ чөлөөлөх ёстой, ёсгүй гэсэн маргаан олон жил үргэлжилж байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?
-Дэлхийд эрчим хүчний үнээ чөлөөлсөн ямар ч улс байхгүй. Эрчим хүчнийх нь үнэ төрөөс зохицуулалттай, тодорхой хяналтанд байдаг. Тэгэхээр үнэ чөлөөлнө гэсэн асуудал яригдах үндэслэл, боломж байхгүй.
-Энэ онд эрчим хүчний салбарт томоохон хувьчлал явагдана. Салбарын хүний хувьд хувьчлал дээр юуг анхаарах ёстой гэж бодож байна?
-Эрчим хүчний дамжуулах сүлжээ төрийн мэдэлд байна гэж хуульчилсан. Тиймээс дамжуулах сүлжээ төрийн мэдэлд байх нь тодорхой. Харин эрчим хүчний үйлдвэрлэл, түгээх, хангах сүлжээг хувьчлах ёстой. Эрчим хүчний тухай хууль 2000 онд батлагдаж, энэ салбар зах зээлийн харилцаанд шилжих процесс эхэлсэн. Төрийн өмчийн улсын үйлдвэрийн газруудыг 2001 онд төрийн өмчийн хувьцаат компани болгож, бүтцийн өөрчлөлт хийсэн. Дараа нь хувьчлалын ажлууд явагдах учиртай байсан л даа. Гэтэл тэр цагаас хойш Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ гэсэн ганцхан байгууллагыг хувьчилсан. Миний хувьд эрчим хүчний салбарын хувьчлалын ажил удаашралтай байна гэж хардаг. Эрчим хүчний салбарын хувьчлалыг үе шаттай хийх ёстой. Ялангуяа түгээх сүлжээг хувьчлах нь ашигтай. Үүнийг Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХХК-ынхан үйл ажиллагаагаараа нотолж, салбартаа шилдгээр шалгарсан.
-Хувьчлал явагдаад ирэхээр эрчим хүчний салбар зах зээлийн харилцаанд зугуухандаа шилжээд явж таарна. Шилжих процесст анхаарах асуудлууд мэдээж бий байх…?
-Эрчим хүчний зохицуулах хороо эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах диспетчерийн зохицуулалт хийх, бүх зүйл дээр тусгай зөвшөөрөл өгдөг. Хамгийн түрүүнд анхаарах зүйл гэвэл тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хатуу байх ёстой. Нөгөө талд нь тогтоож буй үнэ тариф бодитой байх учиртай. Хэрэглэгчдэдээ аль болох ачаалал өгөхгүй, хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлсэн үйл ажиллагаа явуулах нь л амин чухал асуудал. Үүн дээр Эрчим хүчний зохицуулах хороо хяналт тавьж ажиллана.
-Цахилгааныхаа хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах боломж хэр байдаг юм бол. Өөдрөгөөр харахад хэдэн жилийн дараагаас бусдаас эрчим хүч авахгүйгээр дотооддоо цахилгаанаа үйлдвэрлэдэг болох вэ?
-Монгол улс жилдээ таван тэрбум кВт.цаг, экспорттойгоо нийлвэл зургаа орчим тэрбум кВт.цаг цахилгаан хэрэглэж байна. Ингээд тооцохоор нийт хэрэглээнийхээ 90 орчим хувийг өөрсдөө үйлдвэрлэдэг гэсэн үг. Сүүлийн үед эдийн засгийн хямрал нөлөөлсөн болоод тэр байх, хэрэглээ багассан. Хэрэглээ буурч, импортлохгүйгээр дотоодынхоо хэрэгцээг хангаж байна. Ер нь 3-5 жилийн дотор дотоодын хэрэглээний цахилгаанаа өөрсдөө үйлдвэрлэх боломжтой болно. Цаашдаа эрчим хүч экспортлогч орон болох бүрэн боломжтой.