Хүйтний эрч улам чангарсантай холбогдуулан ханиад томуу улам нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Эрүүл мэндийн нэгдэл, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг хүлээн авч уулзан, өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр Засаг дарга 7 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 1, 1 ширхэг, ЭМН-ийн Хүүхдийн тасагт 5 ширхэг, нийт 12 ширхэг утлагын аппарат олголоо.
Томуу томуу төст өвчлөлд хүүхдүүд илүү өртөж байгаа учраас Эрүүл мэндийн нэгдэл, дүүргийн ӨЭМТ-үүд уртасгасан цагаар ачаалалтай ажиллаж байна. Иргэдийн хувьд ӨЭМТ-өөр биш Эрүүл мэндийн нэгдэлд шууд очиж ачаалал ихэсгээд байгаа учир ӨЭМТ-ийн эмч нар хуваарийн дагуу Хүүхдийн хүлээн авах дээр ажиллаж байгаа аж.
Энэ жилийн хувьд хүүхдийн ханиад маш түргэн хугацаанд хүндрэн хоолой барьсан ларенгит болох талтай байгаа учир энэ утлагын аппарат хамгийн чухал хэрэгцээтэй зүйлийн нэг байсан гэдгийг эмч нар онцолж байсан юм.
ЭМН-ийн Хүүхдийн тасаг нь 30 хүүхэд хүлээн авах багтаамжтай боловч дотоод нөөц боломжоо ашиглан хүүхдийн тоглоомын өрөө, хоолны өрөөг суллан хүүхдүүдийг хүлээн авч эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Эргэлтийг хязгаарлан 1 асрагчийг эмчлүүлэгч нарт хоол, цайг нь зөөлгөж, сувилагч өрөө тус бүрт эмчилгээг хийж, ахлах сувилагч хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн ар гэрт томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх сургалт хийн, гарын авлага тарааж байна. Хүүхдийн тасгийн ачаалал ихэссэнтэй холбогдуулан 2 ээлжийн сувилагч, хүүхдийн хүлээн авах хэсэгт нэмэгдлээр эмч, машиныг гарган бэлэн байдал зарлан ажиллаж байгаа. Мөн 70233464 гэсэн утсан дээр нэмэгдлээр эмч гарган томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.