Өөрийгөө хайрлах 8 алхам

Өөрийгөө өдөр бүр хайрладаг хүний амьдрал үргэлж гэрэл гэгээтэй байдаг. Өөрийгөө хайрладаг хүний сэтгэл санаа үргэлж өөдрөг байдаг. Өөрийгөө хайрладаг хүн хүссэн ажилдаа орж чаддаг, хүссэн мөнгөө хийж чаддаг. Мөн хайр дурлалын харьцаагаа бэхжүүлэхээс гадна, сэтгэлийн зовиураас хүртэл өөрийгөө гаргаж чаддаг. Өөрийгөө хайрласан хүн баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байдаг.

Өөрийгөө хайрлана гэдэг бидэнд тохиосон хамгийн сайхан зан чанар. Өөрийгөө хайрлаж чадна гэдэг гайхамшигтай.

Тийм ч учраас “өөрийгөө хайрла, өөрийгөө хайрлаагүй тохиолдолд хэн ч чамайг хайрлахгүй, өөрийгөө бусдаар хайрлуулахыг хүсвэл эхлээд өөрийгөө хайрла, өөрийгөө хайрлахаа мартваа…” гээд л өөрийгөө хөгжүүлж, өөртөө туслах бүх ном сэтгүүл, нийтлэл дээр бичсэн байдаг.

Харин өөрийгөө яг яаж хайрлах вэ? энэ тухай би өнөөдрийнхөө бичлэг дээр оруулахыг хүслээ.

Өөрийгөө хайрлах 8 алхам

1. Өөрийгөө шүүмжилж, зэмлэхээ зогсоо. Өөрийгөө шүүмжилж, зэмлэж байгаа хүн өөрийнхөө тухай сөрөг бодолтой байдаг.  Тиймээс бодлоо өөрчилж, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Санаж яв: Сөрөг бодолтой хүн амьдралдаа хэзээ ч эерэг өөрчлөлт гаргаж чадахгүй. Зөвхөн эерэг бодолтой хүн  эерэг өөрчлөлт гаргадаг.

2. Өөрийгөө уучил. Өнгөрсөнд бүү харамс. Яагаад гэвэл өнгөрсөн тэр үед та албаар алдаа  гаргаагүй нь ойлгомжтой. Та яг одоо хичээж байгаатай адил тэр үед ч гэсэн чадах чинээгээрээ хичээсэн гэдгээ “мэдэх” хэрэгтэй. Өнгөрсөн тэр алдааг гаргасан учраас өнөөдөр та алдаанаасаа суралцаж, илүү хүчтэй болсон байгаа. Тийм ч учраас та өнөөдөр “өчигдөрийн та биш” гэдгийг мэдэх маш чухал. Өнөөдөр та өөрчлөгдсөн. Өнөөдөр та цоо шинэ амьдралыг бүтээж байгаа.

3. Өөрийгөө айлгахаа зогсоо. Болсон болоогүй, хий хоосон айдастай сөрөг бодлоосоо өөрийгөө чөлөөл. Жинхнээсээ болоогүй муу муухай зүйлийг өөр дээрээ болж байгаагаар төсөөлж түүндээ итгэнэ гэдэг аймшигтай. Хэрвээ тийм бодол байгаа бол яг одоо зогсоо.

4. Өөрийгөө магт. Өөрийгөө шүүмжилж, зэмлэх болгонд зүрх сэтгэлээ шархлуулж, өчүүхэн болгодог. Харин өөрийгөө магтаж урамшуулснаар дотоод сэтгэлээ сэргээж, бадрааж байдаг. Тиймээс жижигхэн зүйл хийсэн ч гэсэн хамаагүй өөрийгөө магтаж урамшуулж байх нь зүйтэй.

5. Өөрөө өөртөө дэмжлэг үзүүл. Өөрийгөө дэмжиж чадах бүх талаар нь дэмж. Өөрийнхөө талд зогсож сур. Үнэхээр туслалцаа хэрэгтэй бол бусдаас асууж, туслалцаа хүс. Бусдаас туслалцаа хүсч, асууна гэдэг нь өөрийнхөө төлөө зоригтой байгаагийн шинж.

6. Эрүүл мэндээ анхаар. Муу зуршлаа сайн дадлаар орлуул. “Зөв хооллох ямар аргууд байна вэ? Эрүүл байлгах ямар дасгалууд байна вэ?” гэдгийг судлах хэрэгтэй. Өнөөдрөөс өөрийгөө эрч хүчтэй байлгах хоол унд хэрэглэж, мөн эрч хүчтэй байлгах дасгалуудыг сонгож, хийж эхлэх нь зүйтэй.

7. Өөрийгөө тоож, зөөлөн харьц. Хэн нэгэн хүн таныг тоогоод тантай маш сайхан, зөөлөн харьцах юм бол та мэдээж баярлана. Яг үүний адил өөрийгөө тоож, өөртэйгээ сайхан харьцах  хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хамгийн хайртай хүнтэйгээ та яаж харьцдаг вэ? Өөртэйгээ тэгж л харьц.

8. Яг одоо өөрийгөө хайрла. Битгий хүлээ. Биеэ сайжруулж байгаад, ажилд орж байгаад, мөнгөтэй болж байгаад, жин хасч байгаад, хайртай хүнтэйгээ учирч байгаад… хайрлая гэж хойшлуулж байгаа бол тэр бодлоо хая. Яг одоо өөрийгөө хайрла.

Өөрийгөө хайрласнаар та амьдралаа хайрлах болно. Амьдрал эргүүлээд таныг хайрлах болно.

Хэрвээ таны амьдрал өнөөдөр бараан саарал байгаа бол, та хүссэн ажилдаа орж чадахгүй байгаа бол, хүссэн мөнгөө хийж чадахгүй байгаа бол, хайр дурлалын харьцаа асуудалтай байгаа бол… ӨНӨӨДӨР ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА.

Эх сурвалж http://ukatumur.com

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …