Улаанбаатар утаандаа живж, уушгины хатгалгаа хэрээс хэтэрч, уур унтууг нь барж байгаа талаар амтай болгон ярилаа, ойрын өдрүүдэд. Жагсч цуглаж, шаардлага хүргүүлж, төрийн томчуудыг харааж зүхсээр олон хоногийг үдэв. Ингэж уурлаж бухимдсаны үр дүн эхнээсээ төрийн томчуудад хүрч, бас ч гэж тодорхой арга хэмжээнүүдийг авч эхэллээ. Энэ бол сайн хэрэг.
Ямар ч байсан эхний ээлжинд цахилгаан, эрчим хүчний шөнийн тарифыг тэглэж, “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэнг гаргаж, халаагуур сонгох арга замыг нээж өглөө. Түүгээр ч барахгүй Улаанбаатар хотын Захирагч Су.Батболд хэд хэдэн захирамж гаргаж, утааны эсрэг арга хэмжээ авч эхэллээ. Байнга баалуулж, түмний уурыг хүргээд байсан Хотын дарга маань нэг удаа ч гэсэн чихэнд чимэгтэй мэдээ дуулгасанд баярлаад байх юм.
Хотын даргын захирамжид Улаанбаатарт суурьшлын бүс тогтоох буюу улаан шугам татаж, шугам татсан буюу суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүсийг бий болгохгүй байхаар захирамжиллаа. Мөн агаарын чанарын өнөөгийн байдлыг харгалзан нийслэлд агаарын бохирдлын дөрвөн бүсчлэлийг тогтоож, нэгдүгээр бүс буюу орон сууц, байшин хороололд ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргах ёсгүй.
Харин 2-4 дүгээр бүсэд тодорхой заагтайгаар аль хэсэгт нь цахилгаан халаагуур, аль хэсэгт нь сайжруулсан түлш хэрэглэх вэ гэдэг асуудлыг захирамжилж өгч.
Хамгийн сэтгэлд нийцсэн захирамж нь “Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” юм. Энэхүү захирамжаар шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг л шилжиж ирүүлнэ. Мөн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглож байгаа юм. Энэ бол ёстой зөв шийдвэр.
Энэ шийдвэрийг гаргасны дараа хүмүүс “Үндсэн хуулиас давсан захирамжийг Хотын дарга гаргалаа” гэх зэргээр шүүмжилж байна. Үнэндээ насаар нь хорьж, хязгаарлах гэж байгаа ч биш хэдхэн жил хязгаарлахад яагаад болохгүй гэж. Дээрээс нь энэ их утааг гаргаж байгаа хүмүүс нь гэр хорооллынхон гэж ад үздэг хүн бишгүй олон бий.
Мөн хөдөөнөөс орж ирсэн “оркууд” л замын хөдөлгөөнд соёлтой оролцдоггүй, нус цэрээ ил задгай хаядаг, шээж баадаг, ядаж гарцаар гардаггүй гээд л амаа олохгүй муулдаг. Ялангуяа их, дээд сургуулийн хичээлийн шинэ жил эхлэх үеэр буюу орон нутгаас оюутан болоод ирэх үеэр ингэж ярих нь их бий.
Түүгээр ч барахгүй тэднийг хотын соёлд сургая гэх мэтээр шүүмжилдэг. Тэгвэл энэ асуудлыг чинь шийдэхийн тулд, хоёр жилийн хугацаатай хориг тавьчихлаа. Яадаг юм. Энэ хугацаанд ачааллаа дийлэхээ больсон гэр хороолол чинь тэлэхгүй байх нь. Дээрээс нь хоёр жилийн хугацаанд дахин төлөвлөлтийн ажил үргэлжлээд орон сууцаа олигтойхон бариад, ипотекийн зээлээ хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоод эхэлбэл асуудал нэлээд шийдэгдэх байх.
Хотын даргын захирамж цагаа олсон шийдвэр гэдгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч дэмжчихлээ. Өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл агаарын бохирдлын асуудлаар Төрийн ордонд өргөтгөсөн хуралдаан хийж, Хотын даргын гаргасан захирамжийг хэлэлцээд, шийдвэрийг нь дэмжиж зөвлөмж гаргахаар боллоо. Одоо хэрэгжилтэд нь хатуухан хяналт тавих хэрэгтэй шүү.
Монголын мэдээ