Ч.Хүрэлбаатар: 580 сая ам.долларыг яаж төлөх хариугаа Засгийн газар өгөөч

УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

-Монгол Улсын Засгийн газар Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг баталсан. Үр дүн гарч амждаггүй юм аа гэхэд эхний ээлжинд эдийн засагт ядаж дохио өгөх зүйл харагдахаар хугацаа өнгөрлөө. Мэдэгдэх юм алга гэх юм. Та ямар бодолтой яваа бол?

-Үндэсний статистикийн хорооноос 2016 оны Монгол Улсын нийгэм эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг гаргасан байна. 2016 онд эдийн засаг 1.6 хувийн уналттай, ажилгүйдлийн түвшин 9.4 хувь, үнийн өсөлт 1.1 хувь, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2482 төгрөг буюу 24 хувийн уналттай гарсан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин нэг шат буурч “С” рүү орсон.

Өмнөх засгийн үеийн бодлогын алдааны сөрөг үр нөлөө үргэлжилж, хөрөнгө оруулалт буурч, хувийн хэрэглээ хумигдсан нь эдийн засгийн өсөлт сөрөг гарах гол шалтгаан болжээ. Эдийн засаг маш эмзэг байна.

Одоо эдийн засгийн хувьд өр, валютын нөөц, хөрөнгө оруулалт татах гэсэн асуудлууд шийдлээ хүлээгээд л байж байна даа. Засгийн газар шуурхай арга хэмжээ авах ёстой. Бүгдээрээ л нэг зүйл хүлээгээд байх шиг санагдах юм.

-Хүлээлтийн байдалтай байна гэлээ. Эдийн засаг хүндрээд нийгмийн бухимдал дэвэрч байгаа энэ үед яг юу хүлээгээд байгаа юм бэ. Танай намд ард түмэн итгэл хүлээлгэж хангалттай суудал өглөө. Өмнө нь танайхан сөрөг хүчин байхдаа хамгийн их шүүмжилж байсан. Одоо шийдэл, хурд танай Засгийн газарт хэрэгтэй байгаа юм биш үү?

-Тантай санал нэг байна. Хүлээгээд суух зуур асуудлууд улам бүр л хуримтлагдаад, байдал улам л хүндрээд байна. Тодорхой бус зүйл бас байна аа. Тухайлбал, Далай ламын айлчлалтай холбоотойгоор Хятад улстай яригдах томоохон гэрээ хэлцэл хойшлогдлоо.

Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орно гэж яриад хагас жил өнгөрлөө. Одоо байдал хэвээрээ л байна. 2017 оны төсөв баталж байх үед Засгийн газар Таван толгойн төслийг энэ онд хэрэгжүүлнэ, Гацууртын төслийг хэрэгжүүлнэ, төмөр зам барина гэх мэт бодлого оруулж ирсэн, энэ асуудлууд юу болж байна вэ гээд тодорхой бус олон асуулт хариултаа хүлээгээд байгаа юм.

-Шийдээд явахад юу нь болохгүй байгаа юм бэ. Гуравдугаар сард танай намынхны авсан евробондын төлбөрт 580 сая ам.долларыг төлнө. Зээл авах гэж байгаа бол бушуухан шийдээд Их хурлаараа оруулаад явах, валютын санд хамрагдана гэвэл түүнийгээ эртхэн шийдэх гэх хоолойд тулсан ажлууд байгаа юм биш үү?

-Надад энэ чиглэлээр танилцуулсан материал алга. УИХ-ын Төсвийн байнгын хороонд оруулах асуудал байвал эртхэн оруулаач, 580 сая ам.доллараа яаж төлөх юм. Дотоод нөөц боломжоороо төллөө гэхэд энэ нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг тооцоо хийсэн үү, яаж төлөх гэж байгаа юм. Төсвийн Байнгын хороонд танилцуулаач гэдэг санал тавьсан. Хариу ирээгүй.

-Таны байр суурь өмнөх парламентын үед л “Стэнд бай” хөтөлбөрт орох ёстой гэж ярьдаг гишүүдийн нэг байсан. Засгийн газрын зүгээс валютын санд хамрагдах хүсэлтээ албан ёсоор хүргүүлээгүй гэдэг мэдээлэл бий?

-Олон улсын валютын сангийн Стэнд бай хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ эрт гаргачих ёстой байсан юм. Харамсалтай нь тухайн үед Засгийн газар тийм шийдвэр гаргаж чадаагүй. Уг нь Олон улсын валютын сангийн төлөөлөгчид нэгдүгээр сарын 25-нд ирнэ гэж байсан ч хоёрдугаар сард ирэхээр болж байх шиг байна.

Ойлголцоод байр сууриа нэгтгэн ороод ирэх болов уу гэж найдаад л сууж байна даа. УИХ нь Засгийн газрын үйл ажиллагаанд оролцоод байх эрхгүй. Хүлээгээд, хараад сууж байна.

-Танай бүлгийн гишүүд Засгийн газар хэтэрхий удаан байна гэдэг шүүмжлэлийг хэлээд байна. Таны ярьж байгааг сонсоход бас л тийм байр суурь илэрхийлэх гээд байх шиг байх юм. Дэлхий хурдацтай хөгжиж байхад бид жалгандаа хэвтсээр байх уу?

-Засгийн газар удаан ажиллаж байгаа гэдэгтэй би санал нэг байна. “Удаан байна. Шийдэмгий бус байна. Яамд хоорондын ажлын уялдаа муу байна” гэдгийг Ерөнхий сайдад хэлсэн. Олон дахин давтаж хэлээд байх шаардлагагүй гэж бодож байна.

-Та өмнөх парламентын үед ийм ийм арга хэмжээ ав гэж хэлдэг байсан. Намынхаа Засгийн газарт хэлэв үү. Одоогийн нөхцөлд хамгийн зөв арга хэмжээ юу байх ёстой вэ?

-Хэлж байгаа, өөрөөсөө хамаарах арга хэмжээгээ аваад явж байна. 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийг батлахдаа өнгөрсөн дөрвөн жилд явсан алдаатай бодлогыг сууриар нь засаж эхэлсэн. Төсвийн орлогоо худлаа төлөвлөдөг, эдийн засгийн өсөлт, валютын ханшаа худлаа тооцдог байсныг өөрчилж чадсан. Үр дүн нь гарч байна. Замбараагүй явж ирсэн вексел, концессыг цэгцлэх, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, төсвийн үр ашиггүй зардлыг бууруулж хэмнэлт гаргах зэрэг бодлогыг Төсвийн байнгын хорооноос санаачлан ажиллаж байна.

Одоо эдийн засгийн хувьд өр, валютын нөөц, хөрөнгө оруулалт татах гэсэн асуудлууд шийдлээ хүлээгээд л байж байна даа. Монгол Улс зээл авна, Засгийн газрын баталгаа гаргана гэдэг сэтгэлгээнээсээ бүрэн салах ёстой. Зээл аваад өр нэмээд байвал төгрөгийн ханшийн тогтворгүй байдал улам нэмэгдэнэ. Өр нэмэгдүүлж зээл авах бус хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал тавих шаардлагатай.

Одоо Монголд хувийн хэвшлээ ад үзэх байдал улам л нэмэгдээд байх юм. Нэг хэсэг нь Эм Си Эс гэж дайраад, нөгөө хэсэг нь Худалдаа хөгжлийн банк гээд Монголд ихээхэн ажлын байр бий болгосон, байр сууриа олчихсон компаниуд руугаа давшилж, оршин байх орон зайг нь улам хумиад байвал хөрөнгө оруулагчид Монгол руу зүглэхгүй. Үндэснийхээ компаниудад ингэж хатуу хандаж байгаа улсад хөрөнгөө оруулдаг улс олдох уу. Үгүй ш дээ.

Хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх тал дээр ахиц дэвшил гарсан зүйл алга. Харин ч хувийн хэвшлийнхнээ нервтүүлээд байна уу гэж харж байгаа. Би улс төрд орсон цагаасаа хувийн хэвшлийг хааж боох, үйл ажиллагаанд нь саад, тээг болох байр суурь огтхон ч илэрхийлж байгаагүй. Үндэсний компаниудаа монголчууд дэмжмээр байна.

-Өмнөх дөрвөн жилд АН-ын Засгийн газар болохгүй байна гэж МАН-ынхан хамгийн их шүүмжилдэг байлаа. Өнөөдрийн нөхцөл байдалд тэр бүх шүүмжлэлийг харин танай намд хаяглахаар болчихсон юм биш үү?

-Том дүгнэлт хийх цаг арай л эрт байна. Гэхдээ АН-ынхан шүүмжлэлийг улс төр хийж байна гээд огтхон ч тоохгүй явсаар улс орноо хямраачихсан. Би Ерөнхий сайдыг шүүмжлэлийг хүлээн авч ажлаа сайжруулахаар ажиллаж байгаа гэж бодож байна.

-Ерөнхий сайд нэгэнт зээлээ төлнө гээд хэлчихсэн. Дотоод нөөц боломжоо ашиглаад төллөө гэхэд валютын ханшийн өсөлт замбараагаа алдах байх…

-580 сая ам.долларыг дотоодоосоо худалдан авч төлөх юм бол төгрөгийн ханш улам л унана. 580 сая ам.долларыг яаж төлөх гэж байгаа юм бэ эдийн засагт үзүүлэх нөлөө нь юу вэ сөрөг үр дүн гарахаар бол яаж саармагжуулах вэ зэргээр олон талаас нь бодож, авах арга хэмжээгээ төлөвлөчихсөн байх ёстой. Үүнийг л асуугаад байгаа юм. Засгийн газраас хариултаа хүлээгээд л байна.

-Том төслөө хөдөлгөнө гэхээр л өмнөх парламентад яаж эсэргүүцдэг байлаа. Яг түүн шиг дүр зураг өнөөдрийн парламентад бий болчихов уу гэж харагдах юм. Өмнөх дөрвөн жилд Таван толгой хөдөлж чадаагүй. Энэ дөрвөн жилд ахиц гарах нь уу?

-Гэрээ хэлцэл нь орж ирээд яригдвал илүү тодорхой болно. Одоогоор УИХ-д оруулж ирсэн төсөл алга, оруулаад ирвэл хуулийн хүрээнд дэмжээд явна.

2017 оны төсвийг хийхдээ Засгийн газар Таван толгой, Гацууртын төслийг хэрэгжүүлнэ, төмөр замаа барина, эдгээр төслүүд хэрэгжих нөхцөлд эдийн засаг 3.5 хувиар өснө гэж тооцсон. Үүнийг хийж чадахгүй бол эдийн засагт 3.5 хувийн өсөлт гарахгүй, төсвийн орлого бүрдэхгүй. 2017 оны төсвийг өргөн барихдаа хэрэгжүүлнэ гэсэн төсөл хөтөлбөрөө л бодит ажил болгомоор байна. Эдийн засаг хямарчихсан байхад Засгийн газрын хурд, шийдэмгий байдал хамгаас чухал байна.

-Засгийн газар хэт хаширлаад байна уу?

-Засгийн газрын санал бүрийг УИХ 100 хувь алга нижигнүүлэн дэмжинэ гэж байхгүй. Хүн бүр өөрийн үзэл бодолтой. Зарим нь тодорхой эрх ашгийг лоббидож гүйдэг хүмүүс ч байна. Бусдын үгийг тээж дамжуулдаг хүмүүс ч байна. Энэ бол одоо байгаа бодит байдал. Иймд энэ бүгдийг харгалзаж байгаад, шийдвэрээ гаргаад яв. Мэдээж эсэргүүцэх, шүүмжлэх хүн гарна. Энэ бүгдээс айгаад шийдвэр гаргахгүй яваад байвал улс орны амьдрал уруудсаар байна.

-Сүүлийн үед чихэнд чимэгтэй мэдээ дуулдах болсон нь Эрдэнэс Таван толгой 71.5 ам.доллараар нэг тонн нүүрсээ борлуулж эхэлсэн явдал. Эдийн засаг дахь өгөөж нь хэр байх бол?

-Маш чухал. 2017 онд эрдэс баялгийн үнэ өмнөх оноос дээшилсэн байгаа нь эерэг үзүүлэлт. Тиймээс л том төслүүдээ яаралтай явуулах шаардлагатай. Цаг алдах эрх байхгүй. Нэг өдрийн ч өмнө гэсэн асуудлаа шийдмээр байна. Эрдэс баялгийн үнэ 2017 оны төсөвт туссанаас ч өндөр байх төлөв ажиглагдаж байна. Энэ нь манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Эерэг нөлөө үзүүлнэ гээд өөрсдөө зүгээр суугаад байж болохгүй. Эрдэс баялгийн үнэ нэмэгдэж байгаа энэ цаг үед богино хугацаанд эдийн засгийн өсөлтөө гаргахын тулд дахиад л хурд, шийдэмгий байдал хэрэгтэй болно.

-Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын талаар шуугиж байна. Нэг нь хэвлэлийн хурал хийнгүүт нөгөө тал нь дагаж хурал хийгээд яг чин үнэн аль нь вэ гэдэг эргэлзээ төрүүлж эхэллээ. Та “Эрдэнэт”-ийн хувьчлал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг ажиллаад хууль зүйн дүгнэлт гаргасан юм билээ. Дүгнэлт нь надад ирээгүй байна. Би энэ асуудлыг цогц байдлаар нь авч үзэх нь зүйтэй гэж бодож байна.

Энэ 49 хувийг буцаавал нэгдүгээрт, эдийн засагт, тухайлбал, төсвийн алдагдал, валютын ханшид ямар нөлөө үзүүлэх үү. Хоёрдугаарт, Монгол, Оросын харилцаанд ямар нөлөө үзүүлэх вэ Хятад улстай харилцаанд асуудал гараад, илааршиж амжаагүй байхад Оросын төрийн шийдвэрт эргэлзээ төрүүлэх шаардлага байна уу. Гуравдугаарт, үндэсний болон гадаад хөрөнгө оруулагч ямар өнцгөөр харах вэ гэдгийг давхар бодох ёстой. Аливаа асуудлыг цогцоор нь харж эцсийн шийдвэрээ гаргах нь чухал. Ингээд үзэхээр олон асуудал байгаа нь тодорхой.

Сэтгэлийн хөөрлөөр хандах асуудал огтхон ч биш. Бидэнд гашуун туршлага бас байна. Үүнээсээ суралцаагүй л байна гэж харагдаж байна. 2009 онд шиг санагдаж байна, тухайн үеийн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нэг иймэрхүү шийдвэр гаргаад, тэр шийдвэр нь Олон улсын арбитрын шүүх дээр унаад Монгол Улс 110 сая ам.доллар буюу 300 орчим тэрбум төгрөг төлж салсан шүү дээ, төлбөрийг нь 2016 онд төлсөн.

-Ураны асуудал байх аа?

-Тийм ээ, Хан ресурс компанийн эзэмшиж байсан ураны лицензийг төрд авах буюу нийгэмчлэх тухай шийдвэрээс болж төр хохироод л дууссан. Яг л тэр түүх давтагдах байх гэсэн болгоомжлол байгаа учраас л анхааруулж байгаа юм. Сэтгэл хөдлөл биш, бодит нөхцөл байдал дээр үндэслэж шийдвэр гарах нь зүйтэй гэж бодож байна.

-Та Үндэсний компаниа монголчууд дэмжих хэрэгтэй гээд Эм Си Эс, ХХБ гээд компаниудыг дурдлаа…

-Би хувийн хэвшлээ дэмжих ёстой гэж цаг ямагт хэлж, ярьж ирсэн. Хувийн хэвшлийнхнээ зохион байгуулалттайгаар буланд шахаж байгааг хараад үнэхээр санаа зовж байна. Ялангуяа улстөрчид үндэсний компаниудаар оролдоод байгааг эрүүл ухаантай хүн чимээгүй хараад суугаад байх уу.

Энэ дарамт шахалтын дараагийн бай нь ямар компани вэ гэдэг асуулт үүсч л таараа. “Энержи Ресурс” Монголын нүүрсийг өндөр үнээр зараад, ажлын байр олноор бий болгоод, улсын төсөвт хэдэн зуун тэрбум төгрөгийн татвар төлөөд байхад нь муу хэлээд л сууж байна. Худалдаа хөгжлийн банк байна. 2002 онд байх аа, энэ банкийг хувьчилж, 12 сая ам.доллараар Швейцарийн нэгэн банкинд зарсан.

Монголчууд энэ банкийг Швейцарийн банкаас худалдан авахад бас л өнөөдрийнх шигээр муу хэлж байсан санагдаж байна. Оросуудын мэдэлд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ХХБ худалдаад авчихаар нөгөө л түүх давтагдаж эхэллээ.

Эдийн засагч хүний хувьд улс орны ирээдүйд санаа зовж байгаа болохоор эдийн засаг талаас нь асуудлыг харж байр сууриа илэрхийлээд байгаа юм.

-Тэгвэл яах ёстой вэ?

-Төр болон хувийн хэвшлийн хооронд ойлгомжгүй асуудал үүссэн бол ойлголцдог механизм хэрэгтэй байна. Хүч түрдэг, дарамталдаг харилцаа бол одоо үеэ өнгөрөөсөн. Шинэ хандлага, шинэ сэтгэлгээ хэрэгтэй. Төр нь хувийн компанитайгаа нэг ширээний ард суугаад ярилц, ойлголц, шийдлээ гарга. Яаж шийдэх вэ гэдгээ ярилц.

Түүнээс биш таны хэлсэн шигээр хоёр талд хэвлэлийн хурал хийгээд яваад байж болохгүй. Улс оронд ямар ч ашигтай биш. Улс орон хямарчихсан энэ үед нэмэр биш нэрмээс болно. Тэр утгаараа ойлголцлын ширээний ард суугаач, бие бие рүүгээ битгий муухай хараач.

Нухчин дарах хандлагаар битгий асуудалд ханд. Бид хангалттай бие биенээ хавчиж шахлаа. Одоо болоо. Ингэлээ гээд үр дүнд нь монгол хожоод байгаа бол хамаа алга. Алгаа ташаад суухсан. Өнгөрсөн дөрвөн жилд хичнээн ч компанид эрүүгийн хэрэг үүсгэж, барьж хорив, үндэсний хөрөнгө оруулагчидтайгаа үзэлцэх тусмаа Монгол Улс доошоо л явсан шүү дээ. Ийм замаар явмааргүй байна.

-Үргэлжлэл нь одоо ч яваа юм биш үү?

-Харамсалтай нь одоо ч үргэлжилж байна.

-“Эрдэнэт” үйлдвэр дээр маргалдаж буй маргааныг хойд хөршийнхөн хараад л сууж байгаа байх даа…

-Мэдээж шүү дээ. 1940-1984 оны хоорондох Монголын бүх үйл явдал АНУ-ын тагнуулын байгууллагаас сая олон нийтэд ил болгосон материал дотор бүгд байна лээ. Тэгэхээр хөрш орнууд Монголд болж байгаа үйл явдлыг харахгүй байна гэж байхгүй. Дахиад хэлье. Хамгийн гол нь ойлголцол, эвлэрэл бий болоосой гэж хүсэж байна.

Бие биенээ намнаж Монголыг хөгжүүлнэ гэж байхгүй. Ойлголцолд хүрч чадвал хямралыг даван туулахад хамгийн хэрэгтэй. Зээл биш хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж байгаа чухал бодлого дээр хамгийн том дэмжлэг болох зүйл нь ойлголцол, эв нэгдэл. Асуудлыг хүчээр шийддэг байдал хөрөнгө оруулалтыг улам л түлхэнэ биз дээ. Бидний өмнө тулгамдсан хамгийн ойрын асуудал энэ л байна. Хэнээрхэл, хийрхэл одоо хэрэггүй.

-Эдийн засгийн байнгын хорооны хурлаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Таныг ширүүн байр суурь илэрхийлсэн гэж ярьж байна. Юу болсон юм бэ?

-Эдийн засгийн үр ашиггүй бодлого дахиад үргэлжлүүлэх гэж байгаа юм шиг санагдаад байр сууриа илэрхийлсэн.

Э.Энхболд

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …