-Дүрвэгчдийг хувиасаа ивээн тэтгэдэг хөтөлбөр гарч, тэр нь өнөөг хүртэл хэрэгжиж байгаа аж-
Барууны ихэнх оронд цагаачлалын урсгал нэмэгдэхийн хэрээр дургүйцэл, эсэргүүцэл илэрхийлэгчид олширч байхад мянга мянган канадууд Оттава дахь Засгийн газраасаа аль болох олон цагаач авахыг шаардаж байна.
Тэд үүнийхээ төлөө хувиасаа ч мөнгө төлөхөд бэлэн байгаа бөгөөд татвараар төдийгүй бэлнээр хандив өргөхдөө дуртай байна. Учир нь Канадад цагаачдын хүлээн авах үйл явц хэсэгчлэн хувьд шилжсэн бөгөөд бараг 40 жилийн өмнө ийм ажиллагаа хийгджээ. Бүх зүйл Сайгоны уналтаас эхэлсэн юм.
Өмнөд Вьетнамын Засгийн газар умардын хүчний шахалтаар унаж, тус улс Коммунист намын удирдлаган дор нэгдсэн юм. Ингээд эзлэгдсэн газар нутагт баривчилгаа явуулж, угсаатны цэвэрлэгээ хийж, дахин хүмүүжүүлэх лагерь зэрэг хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Шинэ улс Вьетнамын өмнөд хэсгийн олон иргэний сэтгэлд нийцээгүй учраас тэд улс орноосоо зугтаж, тэнгис рүү дүрвэсэн байна. Ийнхүү “завьтай хүн” хэмээх шинэ үзэгдэл гарч ирсэн юм. 1975-1995 онд хоёр сая орчим хүн Вьетнамаас хэврэгхэн завиар дүрвэжээ.
Завь задгай тэнгист живэх нь живж, дээрэмчдийн халдлагад өртөж, амьд үлдсэн дүрвэгчид Тайланд, Малайз, Филиппинд дүрвэгчдийн лагерьт суурьшиж байв. Үй олноороо дүрвэж буй энэхүү үзэгдэл зурагтын дэлгэцээс салахаа больжээ.
Дэлхий ертөнц маш ихээр айдаст автаж, Вьетнамын цагаачдыг АНУ, Аргентин, Исланд, Израиль, Хятад, Канад гээд аваагүй улс орон бараг үлдээгүй юм. Канадын Засгийн газар Вьетнамын 60 мянган дүрвэгчийг хүлээн авах үүрэг хүлээжээ. Гэтэл гэнэт нэгэн асуудал үүсэв.
Хэргийн гол учир нь тухайн үед Канадын дэд бүтэц жилд хэдэн арван мянга биш, дээд тал нь хэдхэн мянгаар тоологдох хэмжээний дүрвэгч хүлээн авах чадалтай байлаа. Ингээд тус улс амласнаа биелүүлж чадахгүйд хүрэв. Энэ үед Оттава дахь Засгийн газар иргэдээсээ тусламж хүсчээ.
Ийнхүү дүрвэгчдийг хувиасаа ивээн тэтгэдэг хөтөлбөр гарч, тэр нь өнөөг хүртэл хэрэгжиж байгаа аж. Энд нийгэмлэг, соёлын төв, сүмийн мөргөлчид гээд таван хүнээр бүрдсэн ямар ч бүлэг цагаачдыг улс орондоо эхний нэг жилийн турш амьдрахад нь шаардагдах мөнгийг цуглуулж болно. Ингээд тохирох дүрвэгч, эсвэл бүхэл бүтэн гэр бүлийг олох хүсэлтээ Засгийн газартаа гаргана.
Канадын засаг захиргаа дүрвэгчдээ хилийн чанадаас сонгон авдаг бөгөөд орогнох эрх хүссэн хүмүүсийг цагаачлалын алба, хааны цагдан сэргийлэх газар болон бусад тусгай албадаараа нарийн шалгадаг. Энэхүү үйл явц жил орчим үргэлжилдэг бөгөөд үүний дараа л цагаачид Канадад орж ирдэг аж.
Хүлээн авахад ивээн тэтгэгчээр оролцсон иргэд ямар хөнгөлөлт үзүүлэхээ илэрхийлж болно. Тухайлбал, зарим нь төрөл төрөгсөд, эсвэл хуучин хөршийг нь авчрахыг хүсч байхад зарим нь ямар нэгэн угсаатны болон шашны бүлгээс гаралтай хүмүүсийг сонирхох жишээтэй.
Тэгвэл Канадад ирсэн сири дүрвэгчдийн дунд армян угсаатан олон байдаг нь тэднийг нутгийн армян нийгэмлэгийнхэн (дашрамд дурдахад тэд өөрсдөө Ливан, Сириэс гаралтай) ивээн тэтгэсэн аж. ЛГБТ нийгэмлэгийнхэн ижил хүйстэнд цаазын ял онооно хэмээн сүрдүүлдэг Иран зэрэг улсаас гей дүрвэгчдийг ивээн тэтгэж авчирдаг байна.
Канадад 40 жилийн хугацаанд ирсэн Вьетнамын 60 мянган дүрвэгчээс бага тал хувь нь улс орныхоо өнцөг булан бүрээс иргэдийг ивээн тэтгэн татаж авчээ. Уг хөтөлбөрийн хэрэгжилт тун нааштай байсан тул Канадын Холбооны Засгийн газраас түүнийг хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр үлдээж, түүнээс хойш хувь иргэд 200 мянга гаруй шилжин суурьшигчийг улс орнуудаас татжээ.
Сирийн хямрал эхлэх үеэс хөтөлбөр харьцангуй өргөжиж, өдгөө бүр цагаачдын дутагдалд орчихоод байгаа гэнэ. Хилийн чанадад цагаачдыг шалгах үйл явц нэлээд их цаг авдаг, дээрээс нь төрийн хэлтэс, тусгай албад яаралгүй ажилладаг болохоор өдгөө дүрвэгчдэд туслах хүсэлтэй хэдэн зуун групп хэзээ үүнийг нь биелүүлэх вэ гэдгийг хүлээгээд суудаг болжээ.
Саяхан л гэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкт цагаачдыг орж ирэхийг түр хориглосон тогтоол гаргасны дараа Канадад Сириэс цагаачдыг хүлээн авахыг уриалсан дуу хоолой их гарах болсон аж. Америкт хэрэгждэг дүрвэгчийг хүлээн авах үйл явц хамгийн хатуу бөгөөд дунджаар хоёр жил үргэлжилдэг.
Канадын сонгогчид, христ, лал, еврейн сүмийнхэн хэдэн мянган дүрвэгчийг маш нарийн шалгасан тул тэдгээрийг ивээн тэтгэх боломж олгохыг засаг захиргаанаасаа хүсч байна.
Цагаачлалын бодлогыг ингэж хувьчилсан нь хэд хэдэн давуу талтай юм. Нэгдүгээрт, тус улс аль болох олон дүрвэгч хүлээн авах боломжтой болохын дээр сонгогчид цагаачлалын үйл явцад биеэрээ хяналт тавина гэсэн үг. Хоёрдугаарт, дүрвэгчид маш хурдан бөгөөд хялбар байдлаар нийгэмдээ дасдаг. Учир нь тэдэнд эхний өдрөөс л нягт холбоотой ажилладаг гэсэн үг.Гуравдугаарт, Засгийн газар төсвийн мөнгөө хэмнэх давуу талтай.
Мэдээж хэн нэгнийг ивээн тэтгэж байгаа бүлэг иргэд шинээр ирсэн дүрвэгчдэд бүтэн жилийн турш туслах хангалттай хэмжээний мөнгөтэй байх ёстой. Дунджаар энэ нь нэг дүрвэгчид 10 мянган ам.доллар, дөрвөн ам бүлтэй гэр бүлд 20 мянган ам.доллар гэсэн үг юм. “Ивээн тэтгэгчид” шинээр ирсэн хүмүүст байр сууц олж, нисэх онгоцны буудал дээр тосч, шинэ гэрт нь хүргэж өгч, тэдэнд тохирсон тавилга сэлт, хувцас хунар олж өгч, англи, франц хэлний курст бүртгүүлж, ажил олж өгдөг байна.
Үүний үр дүнд тус улсад ирсний дараах гурван жилд “хувийн дүрвэгчид”-ийн дунд Засгийн газраас ижил тусламж үзүүлсэн хүмүүстэй харьцуулахад ажилгүйдэл харьцангуй бага байдаг. Үүнээс гадна “хувийн дүрвэгчид” хэлийг илүү сайн эзэмшиж, нийгэмдээ илүү сайн уусдаг байна.
Засгийн газрын зүгээс ч, олонх иргэдийн зүгээс ч шинээр ирсэн хүмүүст хэн нь үл мэдэгдэх этгээдүүд биш, ирээдүйн иргэд, одоогийн хөрш гэдэг утгаар нь ханддаг. Үүнээс гадна Канад улс барууны бусад орнуудын адил хүн амын хөгшрөлт нь эрчимжиж, эдийн засгийн зарим салбарт нь ажилчин ангийн дутагдалд ороод байгаа юм.
Ерөнхийдөө Канадад бараг бүх салбарт цагаачлал, эдийн засгийн өсөлтийн хооронд нягт холбоо байдгийг ухамсарлаж, мужууд нь хоорондоо хэр олон цагаач, дүрвэгчийг өөртөө татах вэ гэдгээрээ өрсөлддөг гэхэд болно.
Холбооны Засгийн газраас зөвхөн тус улсад ирэх хүмүүсийн жилийн квотыг л гаргадаг. 2015 онд сонгуулийн аяны үеэр улс төрийн үндсэн гурван нам нь хэн олон дүрвэгч авах вэ гэдгээрээ бас өрсөлдөж байлаа.
Тухайн үед эрх баригч Консерватив нам гурван жилийн турш Сирийн 10 мянган дүрвэгчийг авна гэж амлаж байв. Шинэ ардчилсан нам жилд 10 мянгыг авах тооцоолол гаргасан бол Либераль нам оны эцэс гэхэд 25 мянган дүрвэгч авна гэж байлаа.
Либераль нам засгийн эрхэнд гармагцаа амлалтаа нэгдүгээр сарын 1-нд биш гэхэд хоёрдугаар сарын дундуур биелүүлжээ. Ерөнхий сайд Жастин Трюдо нисэх онгоцны буудалд Сирийн дүрвэгчдийг биечлэн хүлээн авч байлаа.
Канадын дүрвэгчдийг хувиараа хүлээн авах хөтөлбөр удахгүй 40 нас хүрнэ. Дэлхий дахинд дүрвэгчдийн тоо өссөөр байгаа энэ үед бусад орнууд ч энэ хөтөлбөрийг сонирхож байна. Австрали, Их Британи, тэр ч бүү хэл Аргентины Засгийн газар сонирхлоо илэрхийлсэн ч тодорхой ямар ч арга хэмжээ аваагүй юм.
Канадын хөтөлбөрийг АНУ-ын олон иргэн сонирхжээ. Христ, католик, лал, еврейн сүмүүдэд дүрвэгчдэд туслах хүсэлтэй олон мөргөлчид Америкт ийм зүйл хийх боломжгүй гэдгийг ойлгомогцоо Канад дахь сүмүүдийн мөргөлчдөдөө мөнгө цуглуулан илгээж байна. Ийнхүү тэд дүрвэгчдийг өөрсдөдөө урьж, хүний амь насыг аварч болно гэж үзжээ.
Харин Канад улс иргэний нийгэмлэгүүдээ хэрхэн хөдөлгөж, хэрэгцээтэй хүмүүст тусалж болдог, дүрвэгчдийг хэрхэн хүлээн авч, түүнийхээ хажуугаар төсвийн мөнгийг хэмнэж болдгийн үлгэр жишээ хэвээр үлдэж байна.