Эрчим хүчний сайд П.Ганхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллаж, харъяа байгууллагуудын өвөлжилтийн байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Энэ үеэр Хөвсгөл аймгаас төрсөн “Улсын сайн малчин”-д Засгийн газраас олгосон шагнал гардуулж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Малаа таван төрөлд өсгөж, мал аж ахуйн салбарт хувь нэмэр оруулсан 103 хүнд энэ онд “Улсын сайн малчин”-ы шагнал олгох болсны дээж нь хоймор нутгийн малч түмэнд очиж байна. Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын малчин Лааганы Мишиг “Улсын сайн малчин”-аар тодорсон нь төрөлх нутагтаа 15 дахь шагналыг авчирч буй юм. Тэрбээр удам дамжсан малчин. Түүний аав Лааган болон ах Шаравдорж нар нь“Улсын сайн малчин” болж, нутаг усандаа ажилч малчнаараа гайхагддагийг нутгийн зон олон онцолж байна. Малч өрхийн ажилч залгамж халаа түүчээлж, Л.Мишиг нь малынхаа тоо толгойг өсгөж, үржил шимийг сайжруулахаас гадна нутагтаа ажлын байрбий болгон, шинэ залуу малчдыг бэлтгэх үйлсэд хувь нэмэр оруулж явна. Тэрбээр 15 туслах малчинтай аж. Л.Мишиг ярихдаа “Өнөөдөр төрийн их хүндтэй шагналыг хүртэж байгаадаа их баяртай байна. Нэг гэр бүлээс гурван сайн малчин тодорч буй ньнутгийн түмний минь буян хишиг, зон олонтой салшгүй холбоотой. Миний хувьд 10 гаран жилийн хугацаанд 150 орчим толгой мал туслах малчдадаа түрээсээр өгч, малжуулсан байна” гэв.
Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас “Улсын сайн малчин” 10 жилийн өмнө тодорч байжээ. Харин энэ жил нутгийн уугуул Ж.Гомбосүрэн “Улсын сайн малчин”-ы болзол хангаж, хүндтэй шагнал хүртэж байна. Хөвсгөл аймгаас төрж буй хамгийн залуу улсын сайн малчин Ж.Гомбосүрэн нь 1980 онд төрсөн, 38 настай юм байна. Тэрбээр 2006 онд мянгат малчны болзол хангаж, 2008 онд аймгийн сайн малчин болж байжээ. Мөн Гомбосүрэнгийн аав Жанжаа гуай аймгийн хошой сайн малчин төдийгүй гэргий Г.Наран-Эрдэнэ нь сайн малчин эмэгтэйгээр нэрлэгдсэн удаатай. Залуу малчны хувьд хурдан буяныхаа тоосыг үзэж, аймаг сумандаа түрүү айрагтай байдгийг нутгийнхан бахархан хуучилналээ.
“Улсын сайн малчин”-ы шагнал гардуулах үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант сумын иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонссон юм. Энэ оноос эхлэн “Улсын хошой аварга малчин” шагналыг бий болгохоор МУЗГ-аас шийдвэрлэсэн нь залуу малчдыг дэмжих томоохон бодлого гэдгийг тодотгов. Мөн мах сүүний аян болон малчдын тэтгэврийн насыг урагшлуулсаннь Засгийн газраас малчдаа дэмжсэн бодлого гэдгийг Эрчим хүчний сайд П.Ганхүү хэллээ.
Энэ онд Хөвсгөл аймгаас “Улсын сайн малчин”-ы болзлыг долоон хүн хангаж буй юм.