“Сэтгүүл зүй ба оюуны өмч” сонсгол, хэлэлцүүлэг боллоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбоотой хамтран “Сэтгүүл зүй ба оюуны өмч” сэдвээр сонсгол, хэлэлцүүлгийг “Пума Империал” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Сонсгол, хэлэлцүүлэгт “Глоб интернэшнл” ТББ, Хэвлэлийн хүрээлэн, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Мэдээллийн сайтуудын ассиоцаци, “Медиа порт” телевизүүдийн консорциум, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Нийслэлийн сонины холбоо, МҮОНРТ, Gogo.mn  сайт, “Оллоо” ХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Сонсгол, хэлэлцүүлгээр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид “Оюуны өмчийн түгээмэл зөрчил”, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын улсын байцаагч С.Ганзориг “Зохиогчийн эрх ба чанартай сэтгүүл зүй”, “Глоб Интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал “Оюуны өмч ба Өөрийн зохицуулалтын байгууллага” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм. Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүн Ц.Чимэддондог “Оюуны өмчийн зөрчлийг өөрийн зохицуулалтын байгууллагаар шийдвэрлүүлэх боломжтой эсэх талаар мэдээлэл хийсэн юм. Тавьсан илтгэл, мэдээлэлтэй холбоотойгоор оролцогчид саналаа илэрхийлэв. Оролцогч 16 байгууллагын төлөөлөл санал нэгтэйгээр оюуны өмчийг дээдлэх, сэтгүүлчийн аливаа бүтээлийг зөвшөөрөлгүйгээр авдаг байдлыг таслан зогсоох, төрийн эрх бүхий байгууллагууд оюуны өмчийн зөрчил гаргасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаах, зогсоохыг урьтал болгохгүйгээр зөрчлийг арилгуулах, өөрийн зохиуцуулалтаар шийдвэрлүүлэхийг дэмжиж, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ДЭЭДЛЭХ ТУНХАГ-ийг баталлаа.

Сонсгол, хэлэлцүүлгийг удирдсан МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид дүгнэж хэлэхдээ “Сэтгүүл зүйд оюуны өмчийг дээдэлж, дотроосоо цэвэрших санал санаачлага гаргаж, бидэнд хандсан Монголын сайтын холбооныхонд талархал илэрхийлье. Цаг үеэ олсон, үр дүнтэй түүхэн тэмдэглэгдэн үлдэх баримт бичгийг бид өнөөдөр баталлаа. Энэхүү тунхагт салбарын 16 байгууллага нэгдсэн. Цаашид нэгдэж, зохиогчийн эрхийг дээдлэх байггуллагуудад нээлттэй” гэдгийг онцлолоо.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …