Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 14 хоног тутамд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагаараа дамжуулан иргэдэд нийслэл болон дүүргүүдэд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн тухай иргэдэд ил тод мэдээлж, тайлагнадаг билээ. Өнөөдрийн мэдээллийн цагт Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр оролцож, дүүргийнхээ талаар мэдээлэл өглөө. 28 жилийн түүхтэй Багахангай дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн урагш 90 км зайд оршдог бөгөөд нийслэл хоттой хатуу хучилттай авто зам болон төмөр замаар холбогдсон газар нутгийн байршил болоод цаг уурын таатай нөхцөл бүрдсэн, зам харилцаа, дэд бүтэц сайн хөгжсөн дүүрэг юм.
Нийслэлийн хэмжээнд 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбоотойгоор Багахангай дүүрэг энэ оныг “Эрх зүйн шинэтгэлийг дэмжих, үйлчилгээний чанар, ажлын байрны сахилга хариуцлагыг сайжруулах жил” болгон зарлажээ. Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн ажил хийхээр төлөвлөснийг дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр танилцууллаа. 2017 онд Улсын төсвийн хөрөнгөөр 1 тэрбум 703.8 сая төгрөгийн 2 ажил, Нийслэлийн төсвөөс 1.0 тэрбум 554.6 сая төгрөгийн 3 ажил, орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн хөрөнгө оруулалтаар 151 сая төгрөгийн 7 ажил хийгдэх юм байна.
Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил:
- Аврах гал унтраах 80 дугаар ангийн депогийн барилга /483.6 сая /
- Цэвэр, бохир усны шугам сүлжээ, усан сан, насосны станц, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэл /1,220.2 сая /
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил:
- Эрүүл мэндийн төвийн 40 ортой эмнэлэгийн барилга /1тэрбум/
- 400 м дулааны шугам сүлжээг солих /207 сая/
- Дүүргийн орон сууцны хороолол доторх болон авто замын засвар шинэчлэл/ 362сая/
Орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил:
- 2018 онд хийгдэх ажлуудын зураг төсөв
- Нарны зайн гэрлийн гэрэлтүүлэг сайжруулах,нийтийн эзэмшлийн гэрэлтүүлэг нэмэгдүүлэх
- Нуурын гэр хорооллын агаарын шугам солих
- 1 дүгээр хорооны 3,4,5,6 дугаар байрны орцны үүд засварлах, тохижуулах
Үүнээс гадна Явуулын нэг цонхны үйлчилгээ, “Иргэн таныг сонсоё” уулзалт, үндэсний өв соёлоо сурталчлан таниулах “Монгол гоёлын өдөр”, “Багахангайн марафон” зэрэг бусад дүүргүүд үлгэр жишээ авах олон арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж иржээ. Удахгүй болох монгол түмний уламжлалт сар шинийн баярыг “Архи хэрэглэдэггүй, тамхи бэлэглэдэггүй” баяр болгох уриалгыг 4 дэх жилдээ гаргасан байна.
Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Багахангай дүүрэгт хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк байгуулж, гарааны компаниудыг дэмжихээр тусгасан. 2017 онд нийслэлээс үйлдвэрлэл технологийн паркын ТЭЗҮ-ийг боловсруулахаар заасан байгаа юм.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.