Б.Буянаа: 28 жил ажиллахдаа 7000 гаруй нярайг эх барьжээ

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Эх, Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн эх баригч Б.Буянаатай ярилцлаа.

Юуны өмнө таньд Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа танай сайтын хамт олон болон Монголынхоо бүх ээжүүдээ, төрх тасгийн эрхлэгч Ж.Энхтуяа, Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн төрх тасгийн эмч нар, ажиллагсаддаа Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

– Эмэгтэй хүн ээж болох энэ хамгийн сайхан. Тэгвэл эмэгтэй хүнийг ээж хэмээх энэ эрхэм алдрыг хүртэхэд туслах гол мэргэжил бол эх баригч юм уу гэж боддог. Та яагаад эх баригч мэргэжлийг сонгов. Танай гэр бүлд эмнэлгийн салбарын хүн байсан уу?

-Манай гэр бүлд эмнэлгийн салбарын хүмүүс байгаагүй. Би дунд сургуулиа төгсөөд Анагаахын дунд сургуульд орж, эх баригч мэргэжилээр суралцаж төгссөн. Тэр цагаасаа хойш энэ мэргэжлээрээ бахархан, ажиллаж байна.

Ажлын гараагаа хаанаас, аль эмнэлгээс эхэлж байсан бэ. Анхны эх барьж байсан үеэ дурсахгүй юу?

-1989 Анагаахын дунд сургуулиа төгсөөд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд ажиллаж эхэлсэн. Эндээ л 28 жил тасралтгүй ажилласан байна. Анх эх барьж байхдаа маш их сандарч байсан. Тэгээд л шинэ хүүхдүүдээ өлгийдэж авчихаад их баярласан даа. Одоо ч шинэ төрсөн ээжүүдийтэйгээ хамт баярлаад л ажиллаж байна.

-28 жил гэдэг бол урт хугацаа шүү. Энэ хугацаанд та хэдэн хүүхэд эх барьж авсан бэ?

-28 жил ажиллах хугацаандаа барагцаалбал 7000 гаруй нярайг эх барьж авсан байдаг. 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлсэн. З сая дахь иргэнтэй нас чацуутныг эх барьж авч Эрүүл мэндийн яамнаас батламж гардаж байлаа. Тус батламжинд гурван сая иргэнтэй нас чацуутны түүхэн үйл явдлын гэрч болсныг алдаршуулсан батламж гардаж авсан энэ явдалд маш их баярлаж, мэргэжлээрээ бахархадаг даа.

– Эзэмшсэн мэргэжлээрээ бахархах сайхан. Гэвч хүндрэл бэрхшээл тулгардаг л байх. Эх баригч хүний жаргал зовлонгоос хуваалцаач?

-Эх баригч эмчийн үйл хөдлөл бүр асар өндөр хариуцлагатай байхыг шаарддаг. Эх баригч мэргэжлийг сонгосондоо өөрөөрөө бахархаж явдаг. Шинэ хүүхдүүдээ өлгийдэж авчихаад урт амьсгаа авч шинэ ээжүүдийг харж суух үнэхээр сайхан байдаг.

– 28 жил 7000 гаруй нярайг эх барьсан гэлээ. Ингэхэд та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ?

– Би өөрөө гурван хүүхэдтэй. Нэг охин хоёр хүүтэй.

-Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тохиож байна. Уг нь энэ өдөр бүх нийтээр амрах ёстой л доо. Гэхдээ бүх нийтийн амралтаар ч ажилладаг хүмүүс бий. Тэдний нэг бол эх баригчид. Таны хувь эмэгтэйчүүдийн баяраар ажилтай байж таарсан удаа хэр олон байна вэ?

28 жил ажиллалаа шүү дээ. Энэ хугацаанд баярын өдрүүдэд ажиллах тохиолдол олон бий. Өдрийн болоод шөнийн ээлжтэй байсан үеүүд ч бий. Гэхдээ баярын өдөр гээд хариуцлагаа сулруулж болохгүй. Эх барих гэдэг чинь өндөр хариуцлагатай байхыг шаарддаг мэргэжил шүү дээ. Өнөөдрийн хувьд шөнийн ээлжтэй таарч байна. Өглөө буугаад гэрийнхэнтэйгээ очиж баярлана даа.

-Таныг жижүүрлэж байх үед /гуравдугаар сарын долооны үдэш/ шинэ хүн хэд мэндлэв?

Яг одоогоор шинэ хүнээ өлгийдөж аваагүй л байна. Хэд хэдэн их бий. Өнөө шөнө л тэднийгээ амаржуулна даа.

Эх баригч эмчийн хамгийн бахархмаар зүйл нь юу бол?

-Дээр хэлсэн дээ эх барьж эмч гэдэг маш хариуцлагатай ажил. Эх хүүхэд хоёрын амь насыг хариуцддаг мэргэжил шүү дээ. Тиймээс ямар нэгэн хүндрэл, эндэлгүйгээр эхийг амаржуулж, хүүхдийг эх барих нь л миний мэргэжлийн хамгийн бахархах зүйл юм даа.

-Нярайн эндэгдэлийн тухай айдас хүрэм мэдээллийг статистикийн хорооноос мэдээлэх нь бий. Нярай эндэхээс хэрхэн сэргийлэх вэ.

Хамгийн гол нь жирэмсэн болсон л бол хяналтандаа орж, тогтмол эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Хяналтанд орсоноор жирэмсэн эхийн шинжилгээгээр хавсарсан эмгэгтэй эсэх гараад ирдэг. Эрүүл эхээс эрүүл хүүхэд л төрнө. Хяналтанд орсон тохиолдолд хүүхдийнхээ өсөлт, хөгжлийг хянуулахаас гадна, эхчүүд ч өөрийн эрүүл мэндээ давхар хянуулах юм. Ингэснээр төрөх үед үүсэх зарим хүндрэлүүд багасдаг.

-Баярлалаа. Таны ажлыг хийлгэе дээ. Танд болон бүх эх баригч эмч нартаа Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе.

-Баярлалаа. Чамд ч бас.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …