СХД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр I хороололд байрлах 19, 20 дугаар байрны нийтийн эзэмшлийн буюу хүүхдийн тоглоомын талбайд өнгөрсөн оны долоодугаар сараас эхэлж орон сууц барихаар иргэн Т.Баасанжав гэгч худалдан авч барилгын ажил эхлүүлээд байгаа тухай иргэд манай редакцид хандсаны дагуу энэхүү сурвалжлагыг бэлтгэлээ. Үүнийг эсэргүүцсэн хоёр байрны оршин суугчид нэлээд тэмцсэний хүчинд өнгөрсөн онд уг барилгын ажлыг зогсоож чадсан байна.
Гэтэл газар гэсч хөгшид хүүхдүүд нарлах үеэр барилгын ажил эхэлснээр оршин суугчид дахин тэмцлээ үргэлжүүлж иргэн Т.Баасанжав оршин суугч нарын хооронд нэлээд ширүүхэн тэмцэл өрнөж эхэлжээ. Анх энэ газрыг Т.Баасанжавт НЗД-ын 2009 оны зургаадугаар сарын 19-ний 322 тоот захирамжаар газрын дуудлага худалдаагаар 14 сая төгрөгөөр олгож байжээ.
Г.Мөнхбаяр дарга өөрийн олгосон захирамжаа гурван жилийн дараа буюу 2011 оны гуравдугаар сарын 1-ний 193 тоот захирамжаар хүчингүй болгож байсан байна. Ингээд газар олголтыг нь хүчингүй болгосонд оршин суугчид их л баяртайгаар хүлээж аваад удаагүй байтал Т.Баасанжавын хүчингүй болгосон газрыг дахин захирамж гаргаж өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 18-ны 262 тоот захирамжаар буцаан сэргээсэн аж.
Ингээд газрын зөвшөөрлөө авсан гэх Т.Баасанжав оршин суугчдын амралтыг тааруулж байгаад өнгөрсөн оны улсын баяр наадмын өмнөх өдөр ажлаа эхлүүлж газар доогуур явж байсан олон цахилгааны шугамыг тасалж бүтэн нэг өдөр айлуудыг тоггүй байлгасан тухай оршин суугчид хэлж байсан юм.
Тус байрын оршин суугч Д.Мягмар ярихдаа “Өнгөрсөн оны долоодугаар сараас эхэлж иргэн Т.Баасанжав гэдэг хүн гэнэт л орон сууц барихаар нэг өглөө том том автомашинууд оруулж ирсэн. Үүнээс өмнө барилга барих гэхэд нь оршин суугчид бид эсэргүүцсний хүчинд барилгын ажлыг зогсоож байсан юм. Энэ хүнд хүүхдийн тоглоомын талбайд газар эзэмших эрхийг нь өгсөн хүн бол Хотын дарга асан Г.Мөнхбаяр шүү дээ. Тухайн үед оршин суугчид хэл ам хийж байгаад газрын эрхийг цуцлуулж байсан. Гэтэл өнгөрсөн жил дахин Т.Баасанжавт газар эзэмших эрх олгосон байна. Энэ бүхнийг нь дэмжиж барилга эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга өгсөн. Уг нь Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл ажлаа авсныхаа дараа нийтийн эзэмшлийн талбай буюу хүүхдийн тоглоомын газарт газар олгох болон барилга барихыг эрс хориглосон захирамж гаргасан.
Хоёр байрны 800 өрх айлын эрх ашгийг ингэж бүдүүлгээр хөндөж болохгүй биз дээ. Бид их гайхаж байна. Энэ бүхнийг холбогдох хуулийн байгууллага болон Хотын захирагч Э.Бат-Үүл нарт албан шаардлага хүргүүлээд байгаа. Бид Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Г.Эрдэнэтуяа гэдэг хүнд хандсан. Харин энэ хүн бидэнд их нааштай хариу өгсөн учраас оршин суугчдын сэтгэл жаахан ч гэсэн санаа амраад байна. Ер нь замбараагүй барилгажилтаас болж олон хүн амь насаа алдаж байгааг хаа, хаанаа л мэдэж байгаа шүү дээ. Гэтэл өөрсдийн эрх мэдэл албан тушаалаа ашиглан олон хүний эрхийг зөрчиж болохгүй л баймаар юм. Хамгийн гол нь газрын эрхийг цуцалсан мөртлөө яагаад буцаагаад сэргээв гэдэг л их сонин байна. Үүнийг бид асуудал болгож тавина гэж бодож байгаа.
Оршин суугчид дундаасаа түр хороо байгуулж шат шатны хүмүүстэй нь уулзаад явж байна. Гэхдээ үүнд бас нэг сонирхол татсан зүйл нь манай СӨХ-ны дарга О.Чанцал гэгч эмэгтэй иргэн Т.Баасанжаваас оршин суугчдын нэрийг барьж гурван удаа мөнгө авсан байгаа юм. Тиймээс бидний өмнөөс уг газарт барилга барихыг татгалзах зүйлгүй хэмээн гарын үсэг зурсан байсан. Энэ хүнийг ч бид шалгуулах болно” гэлээ.
Ямартай ч бүх бичиг баримт нь хууль бус гэдгийг оршин суугчид нотолж байсан. Тэгэхээр хүүхдийн тоглоомын талбайн газрыг барилгын компанийхан булаацалдаж, барилга барих гэсэн шунаг сэтгэлтэй, хэн нэгэн хүнд нийтийн эзэмшлийн талбайг өөрийн газар мэт өгч байгаа нь харамсалтай. Бид газар олгосон эрхмүүдийн тухай нэхэн сурвалжилж хүргэх болно.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: