Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн Хээтэй хорооллын 4-3 дугаар байрны зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлага энэ сарын 08-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, гал түймрийг унтраан, 4 нас Е, 5 настай Х нарыг гал түймрийн голомтоос гарган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна. Аврагчдыг олох үед хүүхдүүд угаартсан байдалтай байжээ. Харин эмнэлэгт хүргэгдсэнээр хоёр хүүхдийн биеийн байдал сайжирч, ар гэрийнхнийхээ асрамжид очсон байна.

Түүнчлэн аврагчид маань тухайн өдөр дээрх хоёр хүүхдийн төдийгүй тус байрны 60 айлын 240 хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгааллаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.