Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон шуурхай бүлэг энэ сарын 06-наас эхлэн зүүн гурван аймагт ажиллаж байна.
Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, улс орон нутгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах зорилго бүхий ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү ажлын хэсэг энэ сарын 06-ны өдөр Хэнтий аймагт ажилласан.
Шуурхай бүлгийг тус аймагт ажиллах үеэр аймгийн Онцгой комисс хуралдаж нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон тулгараад байгаа асуудлаа танилцуулсан юм.
Хуралдааны үеэр Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сайн байна гэж дүгнэлээ. Харин зарим сумдад малын эмчийн хүрэлцээ муу, зам даваа цасанд боогдсоноос болж вакцинжуулалт тааруу хийгдэж байгаа тул аймгийн онцгой комиссоос тавьсан хүсэлтийн дагуу ХХААГ-аас 10-15 малын эмчийг Улаанбаатар хотоос авчирч хүч нэмэгдүүлэн ажиллуулахаар шийдвэрлэлээ.
Мөн аймгийн хэмжээнд вакцинжуулалтад хамрагдахгүй үлдсэн ганц сум болох Өмнөдэлгэр суманд 160 мянган тун вакцин шаардлагатай байгаа хэдий ч улсын нөөц шавхагдсан тул бусад аймгийн нөөцөд байгаа вакцинаас татах замаар асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
ОБЕГ