Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Долоо хоногийн пүрэв гариг бүрт зохион байгуулдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт ярилцлага өчигдөр Өвөрхангай аймгийн Нутгийн удирдлагын ордонд боллоо.
Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхий сайдыг Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллах үеэр энэхүү уулзалтыг тус аймагт зохион байгуулж байсан бөгөөд орон нутагт хоёр дахь удаагаа таарч байгаа нь энэ юм.
Энэ онд 6 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбохоор төлөвлөсөн бөгөөд энэ зорилтын эхнийх нь болох Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 108,3 км зам ашиглалтад орлоо.
Аймгийн төвүүдийг хот болгох, сумдыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газраас хөрөнгө гаргаж, гурван суманд бүтээн байгуулалт эхлээд байгаа. “Шинэ сумын төв” төсөл хэрэгжиж буй Баянхонгор аймгийн Баянлиг сумын шинэ бүтээн байгуулалттай танилцлаа. Энэ онд багтаан ашиглалтад өгөх бөгөөд энэ нь бусад сумдын хөгжлийн загвар болох учиртай гэсэн товч мэдээллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг эхлээд өглөө.
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болоод Өвөрхангай аймгийн хөгжлийн асуудлаар сэтгүүлчид сонирхож байлаа.
Хархорин хотыг улсын нийслэл болгох талаар яригдддаг. Энэ талаар Засгийн газар ямар чиглэл барьж байгаа талаар тодруулсан орон нутгийн сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд хариулахдаа “Шинэчлэлийн Засгийн газар аймгийн төв бүрийг хот болгох зорилт тавьж ажиллаж байгаа. Монгол хүн амьдарч буй газраа ая тухтай сайхан амьдрах учиртай. Амьдрах орчин бүрдэхийн хэрээр нийслэл, аймгийн төв рүү чиглэсэн урсгал саарна гэж хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.