Дорнод аймагт вакцинжуулалтын ажил 62.9 хувьтай явагдаж байна

Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, улс орон нутгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах зорилго бүхий ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй “Шуурхай бүлэг” зүүн гурван аймагт ажиллаж байгаа билээ.

Тэгвэл тус “Шуурхай бүлэг” энэ сарын 07-ны өдөр Дорнод аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулж тус аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албадын малын гоц халдварт шүлхий өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаарх мэдээллийг сонсож үүрэг чиглэл өгсөн байна.

Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр суманд нийт 4 голомтод 52 малчин өрхийн 692 толгой мал өвчилж, 692 толгой малыг зориудаар устгаж, ариутгал халдваргүйтгэл хийжээ.

Аймгийн хэмжээнд гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтад 14 сумын 997.4 мянган толгой мал хамрагдахаас 627.5 мянган толгой мал хамрагдаж, вакцинжуулалтын ажил 62.9 хувьтай явагдаж байна.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар Матад, Хөлөнбуйр, Баянтүмэн, Баян-Уул, Булган, Халхгол, Цагаан-Овоо, Хэрлэн сумын вакцинжуулалт бүрэн дууссан бол Баяндун, Дашбалбар сумын 26.8 мянган толгой үхэр, Чойбалсан, Чулуунхороот, Гурванзагал, Сэргэлэн сумын өвчинд мэдрэмтгий 283.9 мянган толгой малыг вакцинжуулалтад хамруулахаар ажиллаж байгаа юм.

Асгат суманд  мал нэмж өвчлөөгүй

Түүнчлэн энэ сарын 08, 09-ний өдөр “Шуурхай бүлэг”-ийн нэгдүгээр баг Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ажиллаж, 10-ны өдөр аймгийн Онцгой комиссыг хуралдуулсан бол 11-13-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд ажиллав.

Сүхбаатар аймгийн хувьд гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад нийт 13 сумын 2755.7 мянган толгой мал хамрагдахаас 2624.2 мянган толгой мал хамрагдаж, вакцинжуулалтын ажил 95.2 хувьтай байна.

Асгат суманд өвчилсөн 69 толгой малыг бүрэн устгаж, сумын хэмжээнд 133.4 мянган толгой малыг вакцинжуулалтад бүрэн хамруулжээ.  02 дугаар сарын 11-ний өдрөөс хойш тус суманд мал нэмж өвчлөөгүй байна.

Аймгийн Мал эмнэлэг, үржлийн албаны ариутгал халдваргүйтгэлийн “ДҮК” автомашин 03 дугаар сарын 13-ны өдрөөс Асгат сумын устгалын цэгт эцсийн ариутгал халдваргүйтгэл хийж байгаа бөгөөд шуурхай бүлэг ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцав.

Эрдэнэцагаан сумын хувьд ч өвчилсөн бүх малыг устгалд оруулан вакцинжуулалтын ажлыг явуулсан бөгөөд вакцинжуулалт 98.4 хувьтай байна.

Шуурхай бүлгээс Сүхбаатар аймгийн Онцгой комисст,

Хүн, мал, малын гаралтай бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд байнга хяналт тавих, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг чанд мөрдөх;

Мал эмнэлгийн арга хэмжээг хэрэгжүүлэх цаг хугацаа, технологи, дүрэм, журам, зааврыг нарийн чанд мөрдөж ажиллах;

Ариутгал халдваргүйжүүлэлтийг байгаль, цаг агаар, улирлын нөхцөлд тохируулан шаардлагын хэмжээнд зохион байгуулах, чанарын баталгаатай, улсын бүртгэлд бүртгэгдсэн, чанартай эм хэрэглэх, шинэ техник, технологийг нэвтрүүлэх;

Нийт сумдын мал сүрэгт тогтмол эрүүл мэндийн үзлэг хийх, хорио цээр хяналтын дэглэм бууруулах, татан буулгахад төгсгөлийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар зохион байгуулах;

Бүх сум, орон нутгийн хэмжээнд малчин, мал бүхий өрхийн судалгааг улирлаар гаргаж мал эмнэлгийн байгууллагад өгч хэвших, мал, малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийн хяналтыг сайжруулах гэсэн үүрэг чиглэл өгсөн байна.

Баян-Адарга сумын Эрүүл мэндийн төвд хандивласан 350.0 мянган төгрөгийг гардуулан өглөө

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Өлзийхишиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Д.Батжаргал, Мал эмнэлэг үржлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй Шуурхай бүлгийн 2 дугаар бүлэг Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адрага суманд 2017 оны 03 дугаар сарын 08,09-ний өдрүүдэд ажиллав.

Биндэр сумын хувьд Мал эмнэлэг, үржлийн 6 нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд вакцинжуулалтын 6 ажлын хэсэг гарган ажиллуулж 03 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар ванцинжуулалтад 180958 толгой мал хамрагдахаас 11255 толгой малыг хамруулжээ.

Баян-Адрага сумын хувьд Мал эмнэлэг, үржлийн 3 нэгжээс 4  ажлын хэсэг ажиллаж 121995 толгой малыг вакцинд хамруулахаас 73282 толгой малыг вакцинд хамруулж, 60.1 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Шуурхай бүлгээс дээрх сумдад,

Вакцинжуулалтын ажлын хэсэг бүрээс ирүүлсэн мэдээг тус бүрд нь гаргаж нэгтгэн аймгийн Онцгой комисст мэдээлэх, ажлын явцад дүгнэлт хийж вакцинжуулалт удаашралтай явагдаж байгаа ажлын хэсгүүдийн ажлыг эрчимжүүлэх,

Биндэр суманд зохион байгуулагдахаар төлөвлөсөн хаврын морин уралдааныг түр хугацаагаар хойшлуулах,

Хөрш зэргэлдээ сумын нутагт отроор өвөлжиж, хаваржиж байгаа өрхийн судалгааг гаргаж вакцинжуулалтад хамруулах,

Цаг агаарын дулааралттай холбогдуулан гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байх анхааруулга, сэрэмжлүүлгийг малчид, иргэдэд хүргэх зэрэг үүрэг чиглэлийг өгчээ.

Мөн нийслэлийн Баянгол дүүргийн “Мөнх-Үжин” өрхийн Эрүүл мэндийн төвийн хамт олноос Баян-Адарга сумын Эрүүл мэндийн төвд хандивласан 350.0 мянган төгрөгийг гардуулан өгөв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …