Гадаад харилцааны яамны Консулын газар нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэс хамтран “Виз болон гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах тухай журам” сэдвийн хүрээнд нийслэлийн харьяа газар, агентлагын мэргэжилтнүүдийн дунд сургалт зохион байгууллаа. Сургалтад “Монгол Улсын иргэн гадаад улс оронд зорчих, “Гадаадын иргэн, жуулчид Монгол Улсад зорчих” сэдвийн хүрээнд ГХЯ-ны Консулын газрын орлогч захирал Л.Мөнхтүшиг, “Гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам” сэдвээр ГХЯ-ны 2 дугаар нарийн бичгийн дарга Д.Батбилэг, Консулын газрын мэргэжилтэн Ц.Майцэцэг нар лекц тавьсан юм. Сургалтын дараа мэргэжилтнүүд холбогдох сэдвийн хүрээнд асуулт асууж, тус сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын орлогч захирал Л.Мөнхтүшиг “Гадаадад байгаа Монгол Улсын иргэний эрх ашгийг хамгаалах, тэдгээр иргэн янз бүрийн асуудалд орсон тохиолдолд Консулын газар ар гэрийнхэнд нь хамгийн түрүүнд дуулгах, холбогдох арга хэмжээ авч, туслалцаа үзүүлэх үүрэгтэй байдаг. Одоогийн байдлаар гадаадын 75 улсад Монголын 144 мянган иргэн оршин сууж байгаа бөгөөд гадаадад 46 Элчин сайдын яам Консулын газар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагаар дамжуулан гадаадад суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байгаа юм. Монгол Улсын виз олгох журам, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Дипломат буюу албан ангиллын 2 визийг Гадаад харилцааны яам хариуцаж өгдөг. Үлдсэн 9 ангиллын визийг Гадаадын иргэн харьяатын газар хариуцдаг. Иргэд консулын газартай холбоотой бүхий л мэдээллийг www.consul.mn цахим хуудсаар дамжуулан авах боломжтой” гэв.
2012 оноос эхлэн цахим чиптэй гадаад паспортыг манай улсад нэвтрүүлсэн байна. Одоогийн байдлаар иргэд улаан болон ногоон гадаад паспортоор чиптэй чипгүй нь хамаарахгүйгээр гаднын оронд зорчиж байгаа ч цаашид манай улс чиптэй паспорт руу аажимаар шилжиж байгааг холбогдох албаныхан дуулгалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.