Хууль сахиулахын их сургуулиас санаачлан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сантай хамтран “Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогын хэрэгжилт, чиг хандлага” сэдвээр зохион байгуулагдаж байгаа олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэллээ. Тэрээр “Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хууль зүйн салбарт томоохон өөрчлөлт, шинэчлэлт хийх зорилт дэвшүүлсэн. Сүүлийн 10 жилийн судалгаагаар Монгол Улсад 200 000 гаруй гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэргийн улмаас 16 000 орчим хүн нас барж, 75 000 хүн эрүүл мэндээрээ хохирч, 380 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн баримт байна. Эндээс дүгнэлт хийж цаашид гэмт явдалтай тэмцэх ямар бодлого баримтлах, түүнийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь ямар байх вэ гэсэн асуултад энэ удаагийн хурал хариулт өгнө гэдэгт найдаж байна” гэлээ.
Энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний хуралд дотоодын хууль сахиулах чиг үүрэгтэй төрийн байгууллага, их, дээд сургууль, хүрээлэнгийн эрдэмтэн судлаач, гадаадын 20 гаруй орны төлөөлөгч оролцож байна.
Хурлаас Монгол Улсад гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогыг онол, арга зүйн өндөр түвшинд хэлэлцүүлж, хууль сахиулах салбарын шинэтгэлийн хүрээнд боловсруулж байгаа хуулиудын төсөлд гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын санал шүүмжлэлийг авч нэгтгэн зөвлөмж гаргах аж.
Д.Гэгээ Ugluu.mn