Денис О’Донован: Малын гаралтай бүтээгдэхүүний экспортоор Ирланд дэлхийд дээгүүрт ордог

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Ирланд Улсын парламентын дарга, сенатч Денис О’ Донован тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийв.

УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын үеэр Монгол Улс Европын холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж байгаа, энэ хэлэлцээрийг Европын холбоо батлахын өмнө тус холбооны гишүүн орнууд соёрхон батлах шаардлагатай байдаг, Ирланд Улс баталчихвал Европын бүх орнуудтай шинэ хамтын ажиллагаа өрнүүлэх боломж бүрдэх тул энэ асуудалд анхаарлаа хандуулна уу хэмээн ноён Денис О’Донованаас хүслээ.

Түүнчлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүний экспортоороо дэлхийд алдартай Ирландын туршлагаас суралцах, хөдөө аж ахуйн мэргэжилтнийг тус улсад сурган бэлтгэх, соёлын хамтын ажиллагаа өрнүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа М.Энхболд дарга илэрхийлэв.

Ирланд Улсын парламентын дарга, сенатч Денис О’Донован гэрээ соёрхон батлах асуудлыг нутагтаа очсон даруйдаа Засгийн газрын тэргүүн, Гадаад харилцааны сайд нараас асууж лавлаад, түргэвчлэх асуудалд биечлэн санаа тавина хэмээн амлалаа.

Мөн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхол хоёр талын аль алинд байгаа тул энэ уулзалт шинэ харилцааны эхлэл болно гэдэгт итгэж байгаагаа хэлэв. Тэрбээр “Манай улс хөдөө аж ахуйн талаар арвин баялаг туршлагатай. Махны экспорт, хонь үржүүлэх, нэмүү өртөг шингэсэн малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тухайлбал бяслаг, сүү, түүний дотор хүүхдийн тэжээлийн сүүг дэлхийн зах зээл дээр гаргах бизнесээр дэлхийд дээгүүрт ордог. Их Британи улс Европын холбооноос гарч, тус холбоон дахь англи хэлт цорын ганц орон нь манайх болоод байгаа эгзэгтэй цаг үе тохиож буй ч ХАА-н үйлдвэрлэлийн тэргүүлэх байр сууриа алдахгүйг хичээж байна” гэлээ.

-Манай боловсролын салбар хэдийгээр бүрэн төгс биш ч, тогтолцоо нь маш сайн. Одоогоор Ирландад Монголын 1000 орчим иргэн ажиллаж, амьдардаг гэсэн тоо бий. Оюутан солилцооны талаар манайх нэлээд туршлага хуримтлуулсан, энэ хэлбэрээр гаднаас ирж суралцдаг оюутны тоогоор дэлхийд дээгүүрт ордог тул монгол залуусыг үүнд хамрагдаасай гэж хүсэж байна. Түүнчлэн хоёр орны соёлын өвөрмөц онцлог дээр тулгуурласан харилцаа, хамтын ажиллагаа сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна гэж ноён Денис О’Донован тэмдэглэв.

Мөн хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг Ирландад очуулж, хамтын ажиллагааны бодит яриа хөөрөө өрнүүлэх, бүтээгдэхүүний экспортод евро стандартыг чухалчилж үзэх талаар анхаарахыг зөвлөлөө.

УИХ-ын дарга М.Энхболд энэ удаагийн уулзалтаар ярилцсан хамтын ажиллагааны асуудлаар хоёр тал идэвхтэй яриа хөөрөө өрнүүлж, үр дүнд хүргэхийн чухлыг тэмдэглэлээ.

Санал болгох мэдээ

Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн …