-Шведийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага SIDA-гийн шугамаар Монголын 200 гаруй төрийн албан хаагч танай оронд очиж сургалтад хамрагдаж байсан. Би тэдний нэг. Энэ мэт үр ашигтай, өгөөжтэй төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, худалдаа эдийн засгийн бусад салбарын хамтын ажиллагааг илүү идэвхтэй хөгжүүлэх боломж хоёр оронд бий гэж Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Шведийн Вант Улсын парламентын спикер Урбан Алинтай уулзахдаа хэллээ.
Тэрбээр “Эрчим хүч, түүний дотор сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа мэргэжлийн байгууллагуудын дунд эхэлсэн. Бизнесийн салбарынхан ч яриа хэлэлцээ хийж, хамтран ажиллаж байгаа” хэмээн тэмдэглээд эрс тэс, хүйтэн уур амьсгалтай манай орны хувьд Шведийн хойд нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, тухайлбал цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны хангамжийг хэрхэн шийдсэн туршлагаас суралцах нь чухал байгаа гэв.
Мөн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, Шведийн шинэ техник, технологийг нэвтрүүлэх, их дээд сургуулиудын хооронд шууд холбоо тогтоож, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах, хүйтэн, хуурай уур амьсгалд тэсвэртэй хүнсний ногоо, ургамлын аж ахуйн туршлагаас хуваалцах, соёлын хамтын ажиллагааг өрнүүлэх, хэдэн жилийн өмнө эхлэлийг нь тавьсан ч зогсонги байдалд ороод байгаа Стокхольм-Улаанбаатар хотын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлыг хөндлөө.
Ноён Урбан Алин “Хувь хүнийхээ хувьд би Монголыг их сонирхдог. Миний бие Шведийн Социал Демократ Намын орлогч нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2008 онд Ерөнхий сайдаар сонгогдсон манай намын дарга танай Засгийн газрын тэргүүнтэй дотно харилцаатай, хоёр орны хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжиж байсан үед би Ерөнхий сайдын ажлын албанд ажиллаж байсан юм. Тэр үеэс Монголыг сонирхох болсон” гэж үгийнхээ эхэнд тэмдэглээд “Одоо ч манай Засгийн газар Монгол Улстай харилцах харилцааг идэвхжүүлж, дэмжиж туслахыг чухалчилдаг” гэлээ.
-Манай Худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга хэдхэн хоногийн өмнө сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн салбарт хамтран ажиллах асуудлыг судлахаар Монголд очсон. Хоёр орон болон хоёр хотын харилцааг гүнзгийрүүлэх, боловсрол, соёлын салбарт хамтран ажиллах асуудлаар санаа тавина гэдгээ амлаж байна. Үр дүнгийн талаар танд эргэж мэдээлье гэж тэрбээр хэлэв.
УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд “Саяхан танайд манай шинэ Элчин сайд томилогдож очсон. Ерөнхий сайдаар ажиллаж байсан, эдийн засагч мэргэжилтэй хүн бий. Ажилд нь тусалж дэмжиж, Монгол-Шведийн харилцааг шинэ шатанд гаргах чиглэлээр хамтарч ажиллаарай. Шведэд 5000 орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа. Тэдний хөдөлмөрлөх, ая тухтай амьдрах нөхцөл, иргэний эрх ашигт санаа тавиарай гэж хүсье. Түүнчлэн уулзаж ярилцах, хамтран баяр ёслол тэмдэглэх, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах Соёлын төвтэй болоход нь дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн хүсэлт тавилаа.
Ноён Урбан Алин “Монголчуудын ажил, амьдралын хувьд Та санаа зовох хэрэггүй. Ажил хөдөлмөрөө эрхэлж, Шведийн нийгмийн харилцаанд дасан зохицож, сайн сайхан амьдарч байгаа. Манайд гадаадын олон улс орны иргэд амьдардаг. Нийт 190 гаруй орны иргэн байна гэсэн тоо байдаг. Стокхольм хотын захиргааны дэргэд шарсан махны сайхан монгол рестораныг монголчууд ажиллуулж байдгийг сонирхуулж хэлье. Соёлын төвтэй болгох асуудалд амлалт өгч чадахгүй нь. Тухайн улс өөрийн хөрөнгө оруулалтаар байгуулж болно. Тайланд зэрэг ийм орны жишээ бий. Монголын шинэ Элчин сайдтай саяхан нэг арга хэмжээний үеэр уулзаж танилцсан. Цаашид ойр дөт хамтран ажиллана” гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд ноён Урбан Алиныг Монголд айлчлахыг урьсныг талархан хүлээж авлаа.
Бангладешийн Дакка хотноо энэ сарын 1-5-ны өдөрүүдэд болж буй ОУПХ-ны Ассамблейн 136 дугаар чуулга уулзалтад оролцсон УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид өнөөдөр эх орондоо ирнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.