-Эрхтэн дархтнуудын хашиж авсан газрын үнэлгээнд суурилсан газрын төлбөр 1997 оны түвшинд байгаагаас дээрх жишгээр тоймловол улсын төсөв жил бүр 1.8 наяд төгрөгийн орлогоо алдаж байгаатай маргах аргагүй юм-
Сүүлийн үед ТББ-ууд болон олон нийтийн зүгээс 2017 оны төсвийн тодотголд тусгасан зургаан төрлийн татвар нэмэх заалтыг эгүүлэх татах шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт хүргүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг төрийн байгууллагуудын зардлыг бууруулах алхам хийгээгүй хэрнээ нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, тэтгэврийн насыг нэмэх зэрэг арга хэмжээ авч байгаа нь иргэдийн амьдралд хүндээр нөлөөлөх буруу шийдэл болж байна хэмээн үзэж буй юм. Тиймээс энэ оны төсвийн тодотголд тусгасан татвар нэмэх тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх заалтуудыг яаралтай татаж ашигт малтмал хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлийг ил тод, нээлттэй дуудлага худалдаагаар зохион байгуулах, оффшор бүсэд их хэмжээний мөнгө нуусан асуудлыг УИХ, Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шалгаж энэ бүх хөрөнгийг улсын төсөвт төвлөрүүлж туйлдаж ядарсан иргэддээ элдэв янзын татвар нэрээр дарамт учруулахгүйгээр шийдэхийг олон нийт хүсч байгаа билээ.
Манай улсын төсөв, санхүүгийн хямрал нь ажил бизнес эрхэлж, татвараа шударгаар төлсөөр ирсэн иргэд, бизнес эрхлэгчдээс бус улстөрчдийн популист бодлого, эрээ цээргүй авлига, нийтийн өмчийг цөөнх завшдаг тогтолцоог өөгшүүлж ирснээс үүдэлтэй. Яг үнэндээ ОУВС манай дарга нарыг төсвийн орлогоо нэмэгдүүл, зарлагаа хорогдуул гэж шахаж байгаагаас биш тусгаар улсын парламентад шийдэх эрх мэдэл нь хадгалагддаг баахан татварыг яаралтай нэм, иргэдээ 65 нас хүртэл нь тэтгэвэрт битгий гарга гэж тулган шаардаад байгаа нь юу л бол?.
Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэдэн жил уриалж байгаа ухаалаг төр манайд төлөвшсөнсөн бол иргэдийнхээ бүсийг чангалах бус, дарга ангийн хангамжийг танах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжит эх үүсвэрүүдийг дайчлахад юун түрүүн анхаарах учиртайсан. Угтаа бол өнгөрсөн он жилүүдэд иргэдийнх нь авдаг цалин нь нэмэгдээгүй байхад түрийвчийг нь нимгэлэхээс өөр гарц Засгийн газарт байхгүй гэж үү?. Тэгвэл боломж байна.
Хууль бус газрын эздээс чинээнд нь тултал татвар хураах боломж байна
Төсвийн орлогыг нэмэгдүүлэх маш том боломж бол Монгол Улсад газар хувьчлалын асуудал эрхзүйн хувьд шийдэгдээгүй байхад төв, орон нутгийн газрын байцаагчдыг хахуульдах замаар бүхэл бүтэн уул, хэдэн арван га газар, гол, нуурын үзэсгэлэнт эрэг, хөвөөг газар эзэмших нэрийн дор аль хэдийнэ хууль бусаар хувьчлан авчихаад байгаа олигархиудад өндөр татвар ногдуулах шийдэл юм. Нийслэл болон төв суурин газруудад хамгийн ашигтай байрлалд хэний ямар шийдвэрээр олгосон нь үл мэдэгдэх, энд тэндгүй хашсан газруудын эрхийг цуцалж, хуулийн дагуу дуудлага худалдаагаар оруулах, чаддаггүй юм гэхэд хууль бус газрын эздээс чинээнд нь тултал татвар хураах боломж байна.
Төв аймагт гэхэд л УИХ-ын гишүүн А.Сүхбат тэргүүтнүүд Богд уулын урд бэлд өчнөөн га газрыг буга үржүүлэх нэрийн дор хашиж аваад удаж байна. Нийслэлийн хойд талын Яргайтын зуслангийн төгсгөл уулын амыг MCS-ийн удирдлагын хэдэн гэрийнхэн хашиж аваад харуул хамгаалалт гарган эзэн суусаар цөөнгүй жилийг үджээ. Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл далайн эрэг хөвөөнд тус аймгийн Засаг дарга асан Л.Цэрэнжав, иргэний нисэхийн Хангарьд компанийн захирал Л.Сэргэлэн, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нарын эрхтэн дархтнууд газрын хувьчлал явагдаагүй байхад аль хэдийнэ эзэн суучихаад далай ээжээ үзэхээр очсон жирийн иргэдэд хоног төөрүүлэх майхнаа босгох ч боломж өгөхгүй, төлбөр ялбар нэхдэг болсон байна.
Дээр нэр дурдсан хүмүүс газар эзэмшигчийн хувьд орон нутгийн төсөвт эрх биш мөнгө төлдөг биз ээ. Гэхдээ энэ дэлхий дээр хамгийн үнэтэй байдаг газрын төлбөрийг манайд нэр төдий л тогтоогоод өөрчлөлгүйгээр бүтэн 20 жил өнгөрчээ.
Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор Газрын үнэлгээг тогтоосноос хойш огт индексжүүлэлгүй 20 жил царцаасан нь төсвийг асар их алдагдалд оруулж байгаа нь үнэн. 1997 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 12 мянган төгрөг, улсын төсвийн орлого 200 тэрбум төгрөг байсан бол 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг, улсын төсвийн орлого 6 их наяд төгрөг болж 20-30 дахин нэмэгдсэн байна.
Гэтэл эрхтэн дархтнуудын хашиж авсан газрын үнэлгээнд суурилсан газрын төлбөр 1997 оны түвшинд байгаагаас дээрх жишгээр тоймловол улсын төсөв жил бүр 1.8 наяд төгрөгийн орлогоо алдаж байгаатай маргах аргагүй юм. Тиймээс энэ мэтийн татвар хураамж авах боломж бололцоо нь байсаар байхад заавал ч үгүй иргэдээ боомилж тэтгэврийн насыг цаашлуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээ зогсоож, шинэ цагийн газрын эзэд – помещикуудаас зах зээлийн зарчмаар боломжит татвар авч төсвийн орлогоо нэмэгдүүлэхийг Монголын ард түмэн хүсч байна.
Эх сурвалж: Өглөөний сонин