Үндэсний үйлдвэрлэгч “Экобус” ХХК-ийн цахилгаан автобус Баянхонгор аймгийн нийтийн тээврийн үйлчилгээнд явна


Улаанбаатар хотын хүн амын хэт  төвлөрлийг сааруулж,  орон нутгийг хөгжүүлэхэд  төр засаг  хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах нь чухал. Үүний тулд орон нутагт ажлын байрыг олноор бий болгохоос гадна  иргэдийн  амьдралын орчинг сайжруулах,  үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх  шаардлагаатай байгаа юм. Нэн тэргүүнд  аймгуудад нийтийн тээврийн үйлчилгээ хангалтгүй түвшинд байгааг бид хаана хаана анхааран ажиллах нь зүйтэй. Тухайлбал Баянхонгор аймгийн төвд  34000  иргэн амьдарч байна. Тэдгээр иргэдийн  нийтийн тээврийн хэрэгцээнд мотоцикль, микроавтобус, такси зонхилон үйлчилгээнд явдаг. Гэтэл эдгээр нь инэнхдээ ашиглалтын хугацаа, насжилт нь дууссан, техникийн болон чанарын шаардлага хангахаа нэгэнт больсон, мөн үйлчилгээний үнийн хувьд ч өндөр гээд дутагдалтай талууд олон  байгаа.

Иймээс Баянхонгор аймгийн удирдлагууд аймгийнхаа нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Төгс төгөлдөр үйлс” ХХК-тай  хамтран нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажил хийхээр болжээ. Тэд Солонгос улсад  ашиглалтаас гарсан, хуучин автобус оруулж ирэхээсээ илүүтэйгээр  үндэсний үйлдвэрллэлээ дэмжин болон  монгол инженерүүдийн  үйлдвэрлэсэн  цахилгаан автобусыг  нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар болжээ.

Үүнтэй холбогдуулан Баянхонгор аймгийн Засаг дарга   Г.Батжаргал Үндэсний үйлдвэрлэгч “Экобус” ХХК-ийн бага оврын Эко цахилгаан автобусаар  аймгийнхаа нийтийн тээврийн парк шинэчлэлтээ хийхээр хорлбогдох хүмүүстэй  гурван талт гэрээнд гарын үсэг зуржээ.

“Монгол хүн монгол хүнээ дэмжинэ”  гэсэн уриатайгаар ажилладаг “Экобус” ХХК-ийн   инженер залуус ирэх зургаадугаар  гэхэд Баянхонгор аймагт хорт утаа ялгаруулдаггүй, байгаль орчинд ээлтэй, өвөлдөө цонх нь цантдаггүй тав тухтай дулаан автобусаа хүлээлгэн өгөхөөр ажилдаа оржээ. Ийнхүү Хонгор нутгийн иргэдийн хувьд тав тухтай нийтийн тээврээр үйлчлүүлэх болсондоо сэтгэл хангалуун байна.

Орон нутаг гэхээр нийтийн тээврийн асуудлыг хойш нь тавьдаг байдлыг Баянхонгор аймаг өөрчиллөө. Ингэснээр ахмад настан болон зорилтод бүлгийн иргэд тус цахилгаан автобусаар үнэ төлбөргүй зорчихоос гадна аймгийн иргэд  такси үйлчилгээнд зарцуулдаг хэрэглээний мөнгөө  хэмнэх боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн бусад аймгууд ч нийтийн тээврийн үйлчилгээндээ анхаарал хандуулах цаг  болсон. Даяаршихын хэрээр  иргэдийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байна. Энэ цаг үед ард иргэдийнхээ амьдрах орчин, бүд бүтцийн нөхцлийг нь сайжруулахгүйгээр  орон нутгаа эзэнтэй байлга, хотыг зорихоо боль,  хөдөөд амьдрал сайхан байна гэж хэлэх эрх хэн нэгэнд байхгүй билээ.

М.Болор

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …