Н.Номтойбаяр:65-тайдаа тэтгэврээ тогтоолговол өндөр тэтгэвэр авна

Тэтгэврийн насыг жил бүр зургаан сараар нэмэх хуулийн төслийг УИХ-аас батлаад байна. УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяраас дээрх зохицуулалтын талаар тодрууллаа.

-УИХ-аас 65 насандаа тэтгэвэрт гарах хуулийг баталлаа, энэ цаг үе нь мөн үү?

-Тэтгэвэрт гарах нас жил бүр хагас жилээр буюу зургаан сараар нэмэгдэнэ.

Тэтгэврийн сан маш их хэмжээний алдагдалтай байгаа. Зөвхөн 2017 онд гэхэд 587.3 тэрбум төгрөгийг төсвөөс татаас болгон өгч байна. НДШ төлж байгаа ажиллах хүчин нь тэтгэвэр авагчаасаа их байгаа боловч хямралд орсон. Яагаад ийм байдалд орсон бэ гэвэл 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг төр даадаг, 2007 оноос өмнө НДШ-ийн хувь хэмжээ 19 байсан. Үүний 50 хувийг ажил олгогч, 50 хувийг даатгуулагч төлдөг. Гэтэл 2007 онд НДШ –ийн хувь хэмжээг бууруулаад 14 болгосон. Энэний ачааллыг өндөр насны тэтгэврийн даатгалын сан даахгүй байна. Ийм байдлаар үргэлжилбэл гурван жилийн дараа тэтгэврийн даатгалын сан 1 их наяд төгрөгийн хасах баланстай гарна. Цоорхойг нь төсвөөс нөхөх шаардлагатай болно. Тэгэхээр арга буюу тэтгэврийн насыг нэмэх шаардлага үүсэж байгаа.

Гэхдээ бид намрын чуулганаар Нийгмийн даатгалын сангийн багц хуулийг өргөн барина. Ирэх жилээс тэтгэвэрт гарах нас 60.6 жил болно. Тэгэхээр 60.6 жил болон түүнээс хойш тэтгэврээ тогтоолговол өндөр байх, түүнээс нааш тэтгэврээ тогтоолговол өнөөдрийн төвшиндөө тэтгэврээ авдаг байхаар сонголтыг дээрх хуулийн зохицуулалтаар иргэдэд олгоно.

Хувь хүмүүсийн ажиллах сонголтыг эдийн засгийн аргаар өдөөж өгөх. Монголын ахмадын холбоотой хамтраад судалгаа хийлээ. 67.5 хувь нь ажил хөдөлмөрөө эрхлэх сонирхолтой байна гэж гарсан.

Наана тэтгэвэртээ гарах эрхийг нь нээлттэй байлгаад босгоос хойш тэтгэврээ тогтоолговол өндөр тэтгэвэр тогтоолгох боломжийг олгоно.

-Дундаж наслалт уртассан гэж тайлбарлаад байгаа. Гэхдээ хөгжилтэй орны түвшинд хүртэл өдий л байх шиг?

-УИХ-аас шийдвэр гаргангуут маргааш нь 65 насандаа тэтгэвэрт гарахгүй. Тэтгэврийн нас жилд зургаан сараар нэмэгдсээр 2038 он хүрэхэд 65 насанд хүрч тэтгэвэрт гарахаар зохицуулалт хийсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Сонголттой болгохоор эрх нь илүү нээлттэй болно, албадахгүй.

2016 онд Үндэсний статистикийн хороо эмэгтэй 55 нас, эрэгтэй 60 наснаас хойших дундаж тэтгэвэр авалтын хугацааг тооцож гаргасан байгаа. Эрэгтэй нь 16 жил, эмэгтэй нь 24 жил тэтгэвэр авч байна.

Эрэгтэй хүний дундаж наслалт 67 гэж ярьдаг ч 76 насалж байгаа. Ийм байтал яагаад дундаж нас 65, 67 той гардаг вэ гэхээр эхний эндэгдэл, нас баралтыг тооцдог учраас багаар гарч байгаа юм.

Ер нь тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг багасгая гэвэл эрэгтэй хүн нь 19.4 хувийн эмэгтэй хүн 26 хувийн шимтгэл төлж байж, ачааллыг бууруулах шаардлага гарч байгаа.

Онцлоод нэг зүйлийг хэлэхэд хүнд болон хортой нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн хувьд тэтгэврийн нас нь одоогийнхоор хадгалагдана.

-Хуулийн хэрэгжих хугацаа хэзээнээс билээ?

-2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ.

-2018 оны хоёрдугаар сард тэтгэвэртээ гарах байсан иргэн батлагдсан хуулийн хүрээнд зургаан сарын дараа буюу 2018 оны есдүгээр сард тэтгэвэртээ гарна гэж ойлгож болох уу?

-Зөв.

-Хүүхдийн мөнгийг хасаад өөрсдийн төсвөө нэмлээ гэдэг шүүмжлэл гарч байна?

-Хүүхдийн 20 мянган төгрөгийг нийт өрхийн 40 хувь буюу 298 мянган айл өрхийн 521907 хүүхдэд олгогдоно. Өмнө нь амьжиргааны төвшин тогтоох судалгаа худал гарсан байсан, үүнийг цэгцэлснээр хүүхдийн мөнгө зорилтот төвшиндөө очино.

Үүнээс цааш яах вэ гэхээр яам, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдтэй хамтраад хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шийдэл байгаа гэж харж судалж эхэлж байгаа.

-Бэлэн мөнгөний хамрагдалтад орохгүй хүүхдүүд бүгд орхигдох уу?

-Хүүхдийн мөнгө олгохгүй орхигдох асуудал байхгүй. Бэлэн мөнгөнд хамрагдахгүй хүүхдийн хувьд хуримтлал үүсгэж, 2019 онд төлье гэж байна. Энэ жилийн 161.5 тэрбум бол хэвээрээ үргэлжилнэ. Хууль батлагдлаа гээд шууд хэрэгжих биш, 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс энэ хууль хэрэгжих учраас орхигдох асуудал байхгүй.

Эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …