Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монголчууд овоохой /урц/ гэр, өрх гэр, ханат гэрийн гол тулгуур мод, утга нэгтэй.
Энэ нь цаг агаар сэрүүсч хүйтэрснээс гол /тулгуур/ модны дэргэд галаа түлдэг болсноос “гал голомт” гэсэн хоршоо үг гарсан гэдэг.
Галаа эрхэмлэн ирсэн уламжлалаас…
Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг. Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг. Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг. Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Гал руу хөлөө жийж унтдаггүй. Гэрийн эзний сүнсийг айлгана гэдэг. Гал руу нулимбаас буянаа гөвнө. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг. Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
“Болж яваг гэж богино хавиргаа
Бүтэж яваг гэж бүдэрхийгээ
Баяжиг гэж булуугаа өргөе” гэж ерөөн хэлдэг байна.Галын хайчийг тэнгэр өөд юмуу хоймор өөд харуулдаггүй. Учир нь галын хайч хөөтэй тул хүндтэй зүг рүү буюу хүндтэй юм руу харуулдаггүй. Аргалын /авдар, дөрвөлжинг/ галын сөн гэж үздэг учраас дээр нь суудаггүй унтахаасаа өмнө дүүргэдэг ёстой. Гал дээрээ цай хоол хийхдээ тогоогоо баруун хойш нь үл мэдэг хазайлгасхийн тавьдаг. Өөдлөн дэвжиж, баяжихын бэлэгдэл болдог. Айлд гал өгдөггүй (төрөл садандаа бол болно).Гаднаас гал гуйдаггүй.
Гал асахгүй бол:“Хөгж хөгж
Хөх ямааны өөх өргөнө
Улалз улалз
Улаан ямааны өөх өргөнө
Ас ас
Алаг ямааны өөх өргөнө
Бадар бадар
Балганатай шар тос өргөнө” гээд өөх тос өргөж галаа асааж
бадраадаг.
Голомтоо дээдэлдэг нь
Өөрийн голомтыг голцуу хаан эцэг, хатан эхийн голомтын нэг хэсэг гэж үздэг. Энэ нь ялангуяа улс үндэстэний хувьд бид нэг гал голомттой, нэгдмэл нэг улс гэсэн санаа.Айлд ирсэн хүн айлын голомтны хүрээний дотор гишгэх байтугай голомтны хүрээ модон дээр ч гишгэдэггүй ёстой. Хойш урагшаа гарахдаа хормой хотоо хурааж айлын голомтны хүрээн дээгүүр гарахгүйг хичээдэг. Айлын голомтын бууринд гэрээ барьдаггүй. Энэ бүхэн галыг эрхэмлэх, эцгийн голомтыг залгах ёстой уялдсан болно. Голомт таслахгүйг нэн эрхэмлэнэ.
· Отгон хүүгээ юмуу ганц хүү төрөхөд “гал дээр гарсан хүү”,”голомт залгах үр”,”гал манах үр” гэхчлэн билэгшээсэн үгийг хэлдэг.
· Эцэг хүн хүүдээ эхнэр ав гэж хэлэхдээ “гал голомтоо бадраа” гэдэг.
· Шинэ бэр гэртээ орж ирээд гал голомтоо анхлан асааж, цайгаа чанадаг.
Гал тахих ёсон
Монголчууд эрт дээр үеэс тэнгэр, галыг шүтэж иржээ. Тэнгэр бол мөнхийн бэлэгдэл, гал-ариуны бэлэгдэл билээ. Галыг бузар булайг үгүй болгодог хэмээн шүтдэг байжээ. Тийм ч учраас манай хаад гадны хүнийг хүлээж авахдаа хоёр галын дундуур гаргадаг байсан. Өндөр гэгээн Занабазар Соёмбыг зохиохдоо нар, сарны дээр галыг байрлуулжээ. Монгол хүн гэрлэхдээ галдаа мөргөдөг. Айлын отгон хүү гал голомтоо залгамжилдаг нь эртний заншил юм. Хүн нас барахад гал голомтоо ариутгаж, галдаа архи цацаж, их гал түлээд, бүх эд хогшлоо ариутгаж, нас барсан хүнийг оршуулаад ирсэн хүн ба уналгыг хоёр галын хоорондуур явуулж оруулдаг ёстой байжээ.Дээр үед Монгол хүн галаа тахихдаа бөө удган нараар бөөлүүлдэг байсан. Гал тахилганд бөө удганы дуудлага, лам нарын уншлага хоёр агуулгаараа өөр байдаг.
Галын хаанд зориулж:“Сүмбэр уулын төдий идээг
Сүүн далайн төдий ундааг
Сүрт галын хаан танд өргөе” гэж гал тахихад хэлдэг ажээ.Хаад, ноёд, баян айлын гал тахилганд унших уншлага, дуудлага өөр байдаг. Жишээлбэл:
Одноос олон малтай болтугай
Уулнаас их цагаан гэртэй болтугай
Төрсөн бие чинь мөнх жаргах болтугай
Төрийг эзлэх нигуун хөвгүүнтэй болтугай гэж баян айлын гал тахилганд унших номонд байдаг бол ядуу айлд ирж бөөлөхдөө:
Нуурт зогсох олон адуутай болго чи
Ноён хүнийг дагах хиа хөвгүүнтэй болго чи
Задгайд олон хоньтой болго чи
Зан сайтай охид үртэй болго чи гэдэг байна.Галд хоёр янзын тахилга байжээ.
Байнгын тахилга –галд дээж өргөх.
Их тахилга –жилд ганц удаа болдог. Тусгай бэлтгэж хийдэг. Жилийн эцсийн Хөхөө сарын (12 дугаар сар) билгийн тооллын 23. 24-нд болдог. Галын бурхан буюу тэнгэр гэж байдаг. Галын тэнгэрийг дээд тэнгэрийн хүү гэж үздэг. Жилд 1 удаа тэр хүү аав, ээждээ золгодог гэнэ. Золгохоор явдаг өдөр нь 23, ирдэг өдөр нь 24.23-ны тахилгыг үдшийн цолмонгоор эхэлдэг.24-ний тахилгыг үүрийн цолмонгоор тахидаг. Үүний нэг нь үдэлтийн, нөгөө нь угталтын тахилга юм.Галын тахилгын сударт Богд Чингис хаан Бөртэ хатантайгаа Хөхөө сарын 23-нд хуримлажээ. Тийм учраас (XIII зуунаас хойш) 23-ны тахилгыг тайж нарын тахилга гэж, 24-ний тахилгыг харц нарын тахилга гэж ялгадаг байж. Галын тэнгэр байдаг гэж монголчууд үздэг, ярьдаг боловч дүрс гэж байдаггүй. Галын тэнгэр хүний нүдэнд үзэгддэггүй, гал дотроо байдаг зүйл гэж үздэг. Гэвч Монголд шашин дэлгэрсэнээс хойш бөө, лам нар ялгаагүй галын тэнгэрийг дүрсэлж эхэлсэн. Ялангуяа шарын бөө нар галын 9 тэнгэр бий гэж үздэг болсон байна.Гал голомтондоо ойр эх хүн төрдөггүй. Тусгаарлаж байж төрүүлээд 7. 9. 21 хоног дээр ёс төртэй гэрт нь оруулж ирдэг.
Гал голомтны цээр ёсноос
· Хутгыг ирээр нь галд хүргэх, хутганы ирээр галыг сийлж хөдөлгөх, мөн түүнчлэн хутгаар тогоон дотроос мах авах буюу тогоонд мах эргүүлэх мэтийг цээрлэдэг. Үүнээс гадна аргалын сав дээр сандайлж суух, галын хайчийг гишгэх, сүхэн дээгүүр хормой хотоо гаргахыг цээрлэнэ. Ингэж цээрлэдгийн учир нь эдгээр багаж хэрэгсэл нь гал ба голомттой холбогдож буйд оршино.
· Гал голомт өөд хар ус цацах, нулимах, бузар юм хаяхыг цээрлэдэг.
· Хурга хөнгөлөхдөө хусан багана дэргэдээ тавьдаг. Гэрийн гал голомтыг билэгдэж буй хэрэг.
· Гал голомтыг отгон хүү залгаж авдаг. Хүүгүй бол ач нь залгана. Ач үгүй бол гал дээр гарсан зээ нь гал голомтыг хадгалах ёстой.Монгол хүн айлд очвол тэр айлын язгуур дээдэс, гэрийн эзнийг хүндэтгэн үзэж гал голомтных нь цээр хүндэтгэлийн ёсыг ихэд хичээнгүйлэн дагадаг. Гэртээ бол гэрийнхээ гал голомтны цээр ёсыг нандигнан сахиж үр хүүхэддээ ч цаг үргэлж удам угсааныхаа ёс сурталыг сургаж хүмүүжүүлсээр байдаг.
Эх сурвалж:Budda.mn