Золбин нохойн гэдэс шар тос тогтоодоггүйн учир

Эмээгийн яриа. Жараад оны үед нэгдэлжүүлэхэд ядуу нь эхэлж элсчээ. Дараа нь малтай улсыг хүчээр элсүүлж хөрөнгийг нь хураан тараасан байна. Олон хүүхэдтэй арчаагүй нэг айлд гурван толгой даалимба бас бус юм ноогдож. Гэртээ ч оруулсангүй хаяандаа хөглөрүүлсэн ба хэрэг болохоор нь цуу татаад л тогоогоо ч арчина, бүс хийнэ, хөлөө ч орооно. Гадаа норно, илжринэ, ямаа иднэ. Сүүлд дуулахнаа тэр айл хэзээ ч өөдлөөгүй.

Танилын яриа. Маартын наймнаар олон хүүхэдтэй айлд эхийн одонгийн мөнгө бөөнөөр нь өгнө. Тэднийх дэлгүүрт байгаа аль үнэтэй бэлэн зүйлс болох нарийн боов, хиам, консерв авчран долоо хоног наргина даа. Тэгээд дараагийн маарт хүртэл хагас өлсгөлөн. Төрийн буянаар нэг хоног цадав.

Зурагтын яриа.
Майкл Тайсон ядуу хорооллоос гаралтай боловч олон удаа боксын дэлхийн аврага болж нийтдээ 200 гаруй сая доллар олжээ. Асгаж цутган баярхаж хэдэн жил шуугиулсны дараа тэрээр ихээхэн өрөнд оров. Одоо тэрээр өрөө төлөхийн тулд газар газар очин рингэнд зодуулж явна. Их мөнгөнөөс болж зодуулав.

Найзын яриа. Тээр жил би Баянхонгорын ямаа ихтэй нутгаар очсон юм. Ноолуурын үнэ ч овоо, зуншлага ч дажгүй. Аль ч айлд орсон баярхаж сагсалзсан яриа. Айл болгон хоёр машинтай, хүнээсээ олон мотоцикльтой. Ханын хөшгөө алтанбулаг хивсээр орлуулсан төдийгүй мөн хивсийг шалан дээрээ давхарлаж хулдсан, зуухны өмнүүр нь шатаад цоорчихсон. Нэг суман дээр цагдаа, согтуу мотоциклчин хоёр маргалдаж байна. “Өөрийнхөө унаагаар согтуу явахад яадаг юм. Чи муу хүний хөрөнгө хураана гэв үү. Хэнд ч хэрэггүй болгоод өгөе л дөө. Хэдэн ямааны нуруу маажаад л энийг олдог юм” гээд согтуу эр банкаа онгойлгоод шүдэнз зураад хийчихдэг юм байна. Тэр нутгаар ноднин орлоо. Ихэнх нь модоо бариад нинжа болно гээд арилчиж. Ган гачиг хэдэн жил нүүрлэж, цөөн малтай үлдсэн нэг нь чааваас газар царайлчихсан, дайраад гарах хүнийг ганц нэг гоймон, боов үлдээх болов уу гэсэн харцаар угтана. Ямаанаасаа болж ядрав.

Валютын сангийн яриа. 1973 оны нефтийн үнийн огцом өсөлтөөр хамгийн хохирсон улс Нигери боллоо. Баялаг нефьттэй энэ орон гэнэт буй болсон мөнгөөрөө цалин тэтгэвэр нэмэх, шинэ нийслэл барих, мянганы зам барих зэрэг үнэ өртөг ихтэй олон төсөл зэрэг зэрэг хэрэгжүүлж эхэлжээ. Дутсан мөнгийг нефтиэр барьцаалан санхүүжүүлж байв. Гэвч наяад оны үед нефьийн үнэ эргээд унахад Негери асар их өртэй болов. Төслүүдээс ганц нь ч хэрэгжиж дууссангүй. Цалин эргэж буурсан, ажлын местийг хөрш орнынхон эзэлсэн зэргээс болж гадаад болон дотоод хямрал үүсэж, улмаар угсраагаар төрийн эргэлт болж, зарим газраа иргэний дайн, овог отог хоорондын мөргөлдөөн үүслээ. Судлаачдын үзэж байгаагаар нефьийн үнэ ингэж огцом өсөн гэнэтийн их мөнгөтэй болоогүй бол Нигери жам хөгжлөөрөө дэвшилд хүрэх бололцоотой байжээ. Нигер улс улам харлав.

Дэлхийн банкны яриа.
Болив нь манай гаригийн хамгийн баялагтай орны нэг юм. Гэвч энэ оронд дундуачаар жилд нэг болдог төрийн эргэлтээр гарч ирдэг Засгийн газрууд болон завсар зайнд нь сонгуулиар буй болдог засгийн газруудын аль нь энэхүү асар их баялагийг зөв ашиглаж чадсангүй. Аль ч Засгийн газар энэ оронд нэгэнт тогтон буй болсон авилгын сүлжээний өргөтгөгч, үргэлжлүүлэгч, өөрөө нэг хэсэг нь болж байлаа. Байгалийн хишиг асар их баялаг авилгад явахаас гадна эдийн засгийн ямар ч ач холбогдол үгүй мөртөө сүр дуулиан болсон дэд бүтцэнд зарцулагдана. Дэд бүтэц барих нь өөрөө авилгыг гааруулах механизм болжээ. Энд дэлхийн хамгийн өндөрт баригдсан төмөр зам, хурдны авто зам Андын нурууны оргилоор сүлжинэ. Боловсролдоо хэзээ ч анхаарч байгаагүй энэ орны хүний хөгжлийн индекс дэлхийн хамгийн бага үзүүлэлттэй. Бичиг үсэг үл мэдэх явдал 50 хувь, дундач наслалт 49, нэг хүртэл хүүхдийн үхэл 70 промиль гэх мэт. Хүнд ноогдох ДНБ маш бага. Саяхи сонгуулиар гарч ирсэн үйлдвэрчний зүтгэлтэн-Ерөнхийлөгч энэ бүхний бурууг гадаадын хөрөнгө оруулагчдад тохож тэднийг хөөж эхэллээ. Дотоодын хямралаа гадагш нь чиглүүлэхийн тулд Чааваас, Кастро нартай нийлэн АНУ-ын эсрэг фронтод нэгдэв. Болив улс бүр болив.

ОРТ телевизийн яриа. Нефтийн үнийн өсөлтөөр буй болсон мөнгөөр нийгмийн олон арга хэмжээ авсны дотор ахмад настнуудад эмийг нь үнэ төлбөргүй нийлүүлэх болсон билээ. Энэхүү гэнэтийн их мөнгөний үлэмж хэсэг нь түгээлтийн тогтоцоор ороод алга болжээ. Энэ мөнгийг ашигладаг зохион байгуулаллттай бүлэгт олон томчууд оролцсон байна. Эх орны бүтээгдэхүүнээр нийлүүлэх байтал гадаадаас хуурамч эм оруулж ирж түүнийхээ үнийг олон дахин өсгөн баримтжуулжээ. Тэртээ тэргүй ахмад настнуудын ихэнхид үнэгүй эм очсонгүй. Нийтдээ 56 тэрбум рубль завшсан уг бүлгийн толгойлогч 14 этгээдийг сая баривчиллаа. Засгийн нэрээр завшив.

УИХ дахь яриа. Монгол улс түүхэндээ тохиолдож байгаагүй их баялагийн өмнө ирлээ. Байгалийн баялагийн үнийн өсөлтөөс болж ДНБ 30 хувиар ихсэв. Оны эцэст төсвийн илүүдэл хоёр тэрбум төгрөг болов. Гишүүд дараа оны төсөв хэлэлцэхдээ дуудлага худалдаанд орсон наймаачид шиг загнана. Хүүхэд бүрд 10 мянган төгрөг өгнө гэж нэг хэсэг нь дайрна, нөгөө хэсэг нь ширээн дээрээ 20 мянга гэсэн бичиг гарган тавьжээ. Баянхонгороос угшилтай нэгэн шинэ баян 100 мянгаар дуудаж байж ард түмнээ харж үзэгчдийн түрүү магнай боллоо. Маргааш нь сайд мяндагтай бас нэг панзчин настай болон ажилгүй байгаа хүмүүст үүнээс их мөнгө зүгээр тогтмол өгч байх санал зурагтаар дэвшүүлээд өөрийн салбарын ахмадууд болох малчин тариачин, махчин, талхчин явсан улсад өгнө гэж зүтгэлээ. Бүх баг сумыг мянганы зам, бумны өндөр хүчдэл, саяны технологиор бүрэн хангах байтугай илүү гаргах гэнэ. Монголд нийгмийн тэтгэмж халамжийн 70 хувь нь зохих эзэндээ хүрэхгүй байгаа дүн гадаадын судлагаагаар илэрчээ. Ингэхээр мөнгө тараах тутам түгээгчид илүү ашиг өгдөг гэдгийг эдгээр хулгайч, луйварчин, мэхчин. авилгачингууд сайн мэдэж байгаа.  Нэг талаас ард түмнээ харж үзэх уралдаан, нөгөө талаас үнэн мөн чанар нь биенээсээ илүү гарч луйвар хийх өрсөлдөөн. Анх 10 саяар эхэлсэн УИХ-ын гишүүд тойрогтоо тараах мөнгө энэ жил 250 сая болж байна. Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарьлалтаар захиран зарцуулах мэдэл УИХ-д биш зөвхөн Засгийн газарт л бий. Гэвч мөнгө үзээд нүд нь улайчихсан тэдэнд хууль мууль ч яамай хэвтэнэ. Компютер дээр ядахнаа хөзөр ч тоглож барахгүй нэгэн мудак хойтон жил зэсийн үнэ 12 мянган доллар болохыг интернэтээр орж Лондонгийн биржийн мэдээнээс харсан хэмээн сагсалзана. Яндаж болошгүй далай шиг ямар их хоол вэ хэмээн гахай өгүүлнэ. Энэ марзганал эмгэнэл болох хүртлээ үргэлжлэх болно. Шинэ баян цээжний өвчтэй болж хүний мөнгөөр хүүдэгнэв.

Түүхээр батлагдсан яриа.
Баялагийг зарцуулахад ухаан хэрэгтэй. Тэнэг хүнд баялаг гай болдог. Идлээ, цадлаа, баалаа, мартлаа, өлслөө, турлаа, үхлээ. Хөдөлмөрөөр буй болсон баялаг л ухаалаг зарцуулагддаг. Гуйлгачин өдөрт олсон юмаа ууттай нь тогоо руугаа хөнтөрдөг. Сармагчин нүдний шил олоод бөгсөндөө барьж үздэг. Муу нохойн гэдсэнд шар тос зохидоггүй.

Нийтлэлч Баабар

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …