Монгол Улсын Засгийн газар ирэх жилүүдэд засаглах эрхээ ОУВС-гийнханд өгчихөөд байгаа. Яах вэ, эдийн засаг хүндхэн, төсөв мөнгө бага байгаа болохоор “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдахгүй бол болохгүй гэсэн тайлбарыг Сангийн сайд нь өгөөд буй. Улмаар ОУВС-гаас даалгасны дагуу долоон төрлийн татвар нэмж, хүүхдийн мөнгийг хасаад байгаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг баталснаар долоон төрлийн татвар нэмэгдэж, хүүхдийн мөнгө ч хасагдах нь бат боллоо. Улс орны эдийн засаг хүнд, төсвийн алдагдлыг бууруулах хэрэгтэй учраас татвар нэмлээ, хүүхдийн мөнгө хаслаа гэж бүх хүн бодож байсан.
Гэвч төсвийн тодотголоо хийхдээ сайд нарын багцийг нэмээд, бүр ч их зарлагатай болгоод оруулаад ирсэн. УИХ ч гэсэн асуудлыг шийдэж, Засгийн газартаа шаардлага тавихын оронд 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн тодотголыг батлаад тавьчихлаа. Энэ бүхнээ “ОУВС тэг” гэсэн хэмээн тайлбарлаад байсан. Гэтэл ОУВС-гаас “Манайх тийм татвар нэм гэж хэлээгүй. Төсвийн орлогоо нэм, зарлагаа багасга, алдагдлаа бууруул” гэсэн хэмээн мэдэгдсэн байсан. Гэтэл тэд ОУВС-гийн зөвлөгөөг ч дагасангүй. Төсвийн орлогоо иргэдийн халаас руу гар дүрж нэмэгдүүлчихээд, сайд нарынхаа багцийг нэмчихээр чинь зарлага улам нэмэгдэнэ. Уг нь энэ ондоо сайд нарын багцийг нэмэхгүй, тэсчихэж болох л байсан. Хэрвээ тэр зардлыг нэмж болох л байсан юм бол хүүхдүүдээс харамлах хэрэггүй байлаа. Хүүхдийн мөнгийг манайхан халамж, зорилтот бүлэгт өгөх ёстой гэдэг талаас нь хараад байна. Зарим нь бүр халамжаас татгалзая ч гэж байна.
Гэтэл хүүхдийн мөнгө нөгөө талдаа хүн амын өсөлтийг бага ч болов дэмжиж байсан нэг хөшүүрэг байсан. Гэтэл одоо хасаад хаячихлаа. Хэрвээ хассан бол хүн амын өсөлтийг дэмжсэн өөр бодлого гаргаж ирэх ёстой байсан. Монгол Улс гурван саяулаа болох гэж хэчнээн жил боллоо. Одоо дөрвөн сая болтол дахиад л 20 гаруй, цаашлаад 30 жил болбол хэцүү биз дээ. Энэ их өргөн уудам нутагт хүн л хэрэгтэй байна. Тэгж байж эзэнтэй болно, олон том хот үүснэ. Тэр хэрээрээ эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ. Харин одоо бол залуучууд ганц, хоёрхон хүүхэдтэй болоод л түүнээс хэтрэхгүй байна. Угаасаа амьдрал ахуйгаа босгох, нийгмийн асуудлаа шийдэх шаардлага байгаа.
Хэн ч хүүхдэд дарагдаж амьдрах хүсэлгүй болчихож. Залуучуудын ихэнх нь гайгүй ажилтай, тохилог орон сууцтай болохын төлөө зүтгэж байгаа. Орон сууц зээлээр авчихсан нь өрөө дарах, үгүй юм гэхэд ачаалал нь бууртал хүүхэд нэмж төрүүлэхгүй байна. Нэг хэсэг залуучуудын орон байсан Монгол хэдхэн жилийн дараа тэтгэврийн насныхан давамгайлсан улс болж хувирах гээд байна. Тийм болохоор төрөлтийг, хүн амын өсөлтийг дэмжих чиглэлийн бодлого дутаад байна шүү дээ. Уг нь үе үеийн Засгийн газар энэ талаар бага сага ярьдаг. Өмнөх засгийн үед гурав дахь хүүхдийг дэмжих бодлого барьж, ээжүүдэд цалин өгөх юм яриад байсан. Сүүлдээ таг болсон. Энэ Засгийн үед ч “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд байсан. Одоохондоо ажил хэрэг болоогүй л байна.
Сүүлийн үед яригдахаа ч больж. Гэтэл одоо бүр хүүхдийн мөнгөө ч өгөхөө больж, оронд нь сайд нарын багцийг нэмчихлээ. Яах вэ, сайд нарын багц нэмэгдсэнээр нам амлалтаа биелүүлэх чиглэлд ажиллах байх л даа. Гэхдээ л сайдын багц гэхээр тэр хүний л өмч шиг сонсогдоод ерөөсөө болохгүй байна. Юунд ч зарцуулж, яаж ч үрэн таран хийгээ юм билээ, хэн мэдлээ. МАН хүүхдүүдээсээ харамлаж, сайд нараа башийлгах шаардлагатай байсан юм байлгүй л гэж бодохоос.
Эх сурвалж: Монголын мэдээ