Өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн Засаг дарга V цахилгаан станц барих газрын байршлыг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу “Ургах наран” хорооллын урд талын автозам болон төмөр замын хооронд байрлах Хөлийн голын хөндийд байгуулах захирамж гаргасан билээ.
Захирамжийн дагуу нийтдээ 43 га газрыг “Улаанбаатар V цахилгаан станц’’-ыг барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгожээ. Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэгцээг хангах 450 Мвт-ын хүчин чадалтай V цахилгаан станцын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих ашиглах засвар үйлчилгээ хийх, шилжүүлэх нөхцөлтэй концессын эрх олгох тендерийг 2012 онд зарласан юм байна. Энэхүү тендерт олон улсын нэр хүнд бүхий 34 компани оролцох сонирхлоо илэрхийлсэн аж. Шат шатны шалгаруулалт хийгдсэнээр сүүлийн шатанд Солонгос Монголын хамтарсан “Samsung С&Т corp, Korea Southern Power Co.,Ltd, Ochir tuv Co.,Ltd” консорциум, Их Британи, Япон, Солонгос, Монголын хамтарсан “International Power Pic, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” консорциум үлдээд байгаа юм байна.
Д.Гэгээ Ugluu.mn