Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд 33 уулзвар шинэчлэхээр төлөвлөсөн. Энэхүү ажлын хүрээнд найм болон ес дэх уулзварыг энэ амралтын өдрүүдэд ашиглалтад орууллаа.
Төв зам болон “Гермес” төв, “Бэгдү” хорооллын зам огтлолцдог 10-р хорооллын уулзвар нь хөдөлгөөний зохион байгуулалт буруугаас шалтгаалан байнга түгжрэл үүсдэг, зорчиход хүндрэлтэй уулзварын нэг байсан. Харин энэхүү зорчих хэсгүүдийг өргөтгөснөөс гадна хөдөлгөөний зохион байгуулалтыг зөв болгож, замын зохих тэмдэглэгээг бүрэн хийж, явган зорчигчийн зам, орчны бусад тохижилтыг сайжруулсан юм. Түүнчлэн, энэ уулзварт замын ус зайлуулах томоохон худаг, шугам хоолойг давхар шийдвэрлэж чадсан юм. 10-р хорооллын уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Ар Си Эс Си” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Скай Стар” ХХК гүйцэтгэлээ.
Харин гурвалжингийн гүүрний урд талын Ажилчны уулзварыг зураг төслийг “Танил санаа” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Цүүрдэн” ХХК гүйцэтгэсэн юм. Тус уулзвар өмнө нь гэрлэн дохиогүй, хөдөлгөөний зохион байгуулалт нь эмх замбараагүй, эвдрэл гэмтэл ихтэй уулзвар байсан. Тэгвэл “Гудамж” төслийн захиалгаар энэ уулзварыг өргөтгөн шинэчлэх Ийнхүү том оврын тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд олноороо оролцдог, тоос шороо ихтэй, зорчиход хүндрэлтэй байсан уулзварын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулсан нь нийт зорчигчидын талархалыг хүлээсэн ажил боллоо. Мөн энэ уулзварт борооны ус зайлуулах 200 гаруй мeтр шугам хоолойг шинээр суурилуулсан юм. Өнөөдрийн байдлаар улаанбаатар хотод долоон уулзварын ажил одоо ид өрнөж байгаагаас гурван уулзварын ажил дуусах шатандаа явж байна. Тухайлбал III, IV хорооллын эцсийн, Тасганы овоо, Бөхийн өргөөний уулзваруудын асфальт хучилтыг хийж, зорчих хэсгийг нээснээр тээврийн хэрэгсэл саадгүй зорчиж байна. Эдгээр уулзварт гэрлэн дохиог эцсийн байдлаар суурилуулах, зарим тэмдэг тэмдэглэгээ, явган зорчигчийн зориулалтын зам болон орчны тохижилтыг хийж ашиглалтад оруулна гэж Гудамж төслөөс мэдээллээ.